Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно 2022” Олон улсын сургалт, дадлага сургуулилалт болно DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Баянхонгор аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийг “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд есдүгээр сарын 05-11-нд зохион байгуулна.
Мөн Монгол Улсын гамшигтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах тухай хууль болон эрх зүйн баримт бичгүүдийг бодит амьдрал дээр турших, онцгой нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах, аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын болон улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах зорилготойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь гамшгийн удирдлага, команд штабын дадлага , нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн хорт болон аюултай бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гамшгийн үеийн II шатлалын хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хэлбэрээр явагдана.

Тус сургалт, дадлага сургуулилтад АНУ-ын аврагчид болон Монгол Улсын аврах тусгай анги, баруун болон төвийн бүсийн 10 гаруй аймгийн Онцгой байдлын газрын аврагчид оролцохоос гадна 70 гаруй орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *