Ангараг гаригт илгээсэн бяцхан төхөөрөмж хүчилтөрөгч үйлдвэрлэж чадсан тухай NASA мэдээлжээ.
Moxie нэртэй уг төхөөрөмж жижиг хэмжээтэй модны түвшинд хүчилтөрөгч үйлдвэрлэж байгаа юм байна. Ингэхдээ Ангараг гарагийн нүүрстөрөгчийн давхар ислээр баялаг агаар мандлаас хүчилтөрөгч гарган авч байгаа юм.
Одоо хэдэн зуун модны хэмжээнд хүчилтөрөгч үйлдвэрлэх чадалтай Moxie-гийн томруулсан хувилбарыг Ангарагт илгээхээр NASA төлөвлөж байгаа гэнэ.
Ингэснээр Ангарагт очих анхны хүмүүс амьсгалах агаартай болох юм.
NASA энэхүү төхөөрөмжийг Perseverance станцтай хамт Улаан нүдэн гарагт илгээж байжээ.
Moxie өнгөрсөн хугацаанд өдөр, шөнийн цагаар болон өөр өөр улиралд нийтдээ долоон янзын орчин нөхцөлд хүчилтөрөгч үйлдвэрлэж туршсан байна.
Бүх тохиолдолд түүний нэг цагт үйлдвэрлэх хүчилтөрөгчийн хэмжээ зорилтот түвшиндээ хүрсэн гэнэ.
Ангараг гарагт хангалттай хэмжээний хүчилтөрөгч үйлдвэрлэснээр хүмүүс амьсгалаад зогсохгүй, сансрын хөлөг тус гарагийн гадаргаас хөөрөх боломжтой болох юм.
“Энэ бол өөр нэг гарагийн гадаргын нөөцийг химийн аргаар өөрчлөн хүний хэрэгцээт зүйл болгох боломжтойг харуулсан анхны туршилт юм” гэж Moxie төслийг хариуцагч, Массачусетсийн Технологийн Хүрээлэнгийн профессор Жефри Хофман ярьжээ.
Moxie-гийн одоогийн хувилбарыг Perseverance станцын дотор багтаахын тулд жижгэрүүлсэн бөгөөд ажиллах хугацаа нь ч богинохон юм байна.
Харин дараагийн том хувилбар нь хүчилтөрөгчийг тасралтгүй үйлдвэрлэх чадалтай байх ажээ.
Ангараг гарагийн уур амьсгалын бараг ямар ч нөхцөлд хүчилтөрөгч үйлдвэрлэж болохыг Moxie батлан харуулсан байна.
Харин температур огцом өөрчлөгддөг үе болох үүр цайх болон бүрэнхий болох үеэр туршиж чадаагүй байгаа гэнэ.
“Ангараг дээр хүмүүсийг амьдруулахын тулд дэлхийгээс маш олон зүйлийг тээвэрлэн хүргэх хэрэгтэй болно. Гэхдээ хүчилтөрөгчийг яах билээ? Хэрвээ үүнийг тэнд нь үйлдвэрлэж чадвал маш том дэвшил болох юм” гэж Хоффман тайлбарлажээ.
Энэхүү туршилтын тайлан Science Advances сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian