Засгийн газар өнөөдөр /2022.08.31/ шинэ бүрэлдэхүүнээр эхний удаа хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар хамгийн тулгамдаад буй инфляцын өсөлтийн асуудлыг авч хэлэлцлээ. Инфляц эхний долоон сард 15.7 хувьтай байсан. Өнөөдөр 14.1 хувь болсон байна. Үүнд мах, хүнсний ногооны үнийн бууралт голлон нөлөөлсөн байна. Энэ бол улирлын шинжтэй шалтгаан.
Харин төлбөрийн тэнцлийн алдагдал 1.3 тэрбум ам.доллар байгаа. Өнгөрсөн жилээс 1 орчим тэрбумаар нэмэгдсэн нь энэ. Уг шалтгаан инфляц нэмэгдэж, төгрөгийн ханш буурахад голлон нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн монголчууд өөрсдөө авч үзэх боломжтой арга хэмжээгээр ч инфляц буурах боломж байна. Үүнд тээвэр жуулчалын асуудал багтана. Ирээдүйд төгрөгийн ханшийн сулрал эрсдэл болж байна.
Иймд мөнгөний бодлоготой уялдуулан зарим шийдвэр гаргахыг Засгийн газраас үүрэг болголоо. Мөнгөний бодлогыг чангаруулах шаардлагатай болдог. Үүн дээр хугацаа алдвал ханш унана, эргээд инфляцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” гэлээ.