Билгийн тооллоор намрын тэргүүн сар гарчихлаа. Удахгүй дулаан түгээлт эхэлж, нэг л мэдэхэд өвөл залгана. Өвлийн дохио өгсөн энэ өдрүүдэд эрчим хүчний асуудал халуун сэдэв болох нь тодорхой байна. Н.Тавинбэх сайд салбарынхаа зовлонг “Эрчим хүчний салбар маш хүнд байгаа. Ирэх өвөл их хүнд өнгөрнө. Хориннэгдүгээр зуунд эрчим хүчний хязгаарлалтын тухай ярих бүдүүлэг ч хязгаарлалт хийхээс аргагүй байдалтай нүүр тулчихсан. Шуудхан хэлэхэд, хүчин чадалдаа тулсан байдалтай ажиллаж яваа. Нөөц тоног төхөөрөмж алга. Эвдрэл гэмтэл гарвал орлуулах тоног төхөөрөмж ч байхгүй. Дайнаас шалтгаалаад дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийн үнэ өссөн нь бас нэг зовлон болоод байна. Санхүүжилт олдоход туйлаас хэцүү байгаа” гэж ирээд учирлаж сууна. Эрчим хүчний сайд өнгөрсөн хавраас л байдал хэцүүдсэнийг сануулж эхэлсэн. Өмнөх сайд нар нь ил хэлдэггүй байсан болохоос энэ салбарын олон жилийн зовлон л доо, түүний ярьж суугаа бүхэн. Өнгөрсөн хавар Эрчим хүчний сайдыг Баянзүрхэд ажиллахад дүүргийн хэмжээнд есөн хорооны 1760 өрх тог цахилгаанд холбогдоогүй, 14 хороонд 862 өрх хүчдэлийн уналттай, шинэ суурьшлын бүсийн цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн мэдээлэл дуулдаж байсан. Нийслэлийн зөвхөн нэг дүүрэг ийм асуудлуудтай гээд харахаар ирэх өвөл цахилгаан, дулааны хангамж Засгийн газрын “шүдний өвчин” байх нь тодорхой болчихож.
Товчхондоо эрчим хүчний тав дахь эх үүсвэр барина гэж хорь, гучин жил яриад босгож бүтээж чадаагүйн балгийг яг одоо улсаараа амсацгааж байна. Шинэ технологийн шинэ станц бариагүй учраас социализмын үеийн дулааны станцууд Оросоос тоног төхөөрөмжөөр бүрэн хамааралтай, дайн үймээнтэй улсаас хэрэгцээтэй төхөөрөмжөө авъя гэх нь ээ сайдын хэлснээр нэгд үнэ нь өсчихсөн, хоёрт хил гаалийн асуудлаас болоод станцын засварт шаардлагатай юмс өчнөөн вагоноороо хил дээр таг гацчихсан сураг дуулдаж байгаа.Оростой холбоотой өөр нэг асуудал гэвэл нүүрс тээвэр. Станцуудад хэрэглэдэг нүүрсийг вагоноор зөөдөг. Манай төмөр замд вагон зүтгүүр, замын эвдрэл гэмтэл байнга гарч байдаг нь гайхахаар үзэгдэл биш л дээ. Хуучин нийгмийн үед барьсан өргөн царигийн төмөр зам учраас запас сэлбэгээрээ мөн л хойд хөршөөс хамааралтай аж төрдөг.Орост дургүйдээ биш амиа авч гарахын тулд яах ёстой вэ гэсэн өнцгөөс бичээд байна л даа, энэ бүгдийг. Дайны байдал хүндэрч сэлбэггүйдээд вагон зогсвол яах вэ гэсэн асуултыг зайлшгүй тавих учиртай. Вагон зогсчихвол нүүрсээ зөөж чадахгүй, нүүрсгүй бол станцууд таг зогсох эрсдэлтэй.
Ингээд харахаар дулаан түгээгээд эхлэнгүүт сайдын яриад байгаа цахилгааны хязгаарлалт хийгдэж таарах нь наад захын асуудал болж байна. Цахилгааны хязгаарлалт хийх төдийгөөр асуудал шийдэгдэхгүй гэсэн үг. Давтаад хэлэхэд, байдал хэцүүдвэл хотоороо хөлдөх эрсдэлтэй нүүр тулсан нь хамгийн том зовлон болчихоод байна. Нөөц тоног төхөөрөмжгүй чардайн ажиллаж яваа дулааны станцуудад гэнэтийн том эвдрэл гарвал, вагон зогсвол ийм эрсдэлтэй нүүр тулахыг үгүйсгэх аргагүй.
Эрчим хүчний хэрэглээний дутуугаа хойд хөршөөс нөхдөг бидний зовлон ингээд дуусахгүй. Хэзээ дуусах нь тодорхойгүй Орос, Украины дайн хойд хөршөөс авах эрчим хүчний импортод сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэл бий. 2022-2023 оны өвлийн ачааллын үеэр ОХУ-аас импортоор авдаг эрчим хүчний чадлын хэмжээг 100 мВт-аар нэмэгдүүлнэ гэсэн тоог салбарын яамныхан хэлж байгаа. Хэрэглээний хэмжээ үүнээс хэтэрвэл цахилгаан хязгаарлана, хойд хөршид байдал эвгүйдээд импорт тасалдахдаа хүрвэл бүр хэцүү байдал үүснэ гэсэн үг. Дахиад хэлэхэд хотоороо хөлдөх эрсдэлтэй нүүр тулна. Төмөр замаа шинэчлэх гэж үзээд Оросуудын хоригт ороод яаж ч чадаагүй, усан цахилгаан станц босгох гэж зүтгээд мөн л хойд хөршийн эсэргүүцэл дарамтад орсон монголчууд мөнхийн хөршөөсөө эрчим хүчний том хамааралтай аж төрсөөр яваа нь өнөөдрийн гашуун үнэн.
Сайдын ил шулуун хэлсэн мэдэгдлээс дахиад эшилье. Эрчим хүчний сайд “Дулааны эрчим хүч, цахилгаан эрчим хүчний хувьд ч ялгаагүй үйлдвэрлэлээсээ хэрэглээ нь давчихсан. Оргил ачааллын үед ойролцоогоор 20 орчим хувиар давсан яваа.Үйлдвэрлэлийн хүчин чадлаас гадна цахилгаан эрчим хүч түгээх, дамжуулах олон цэгт давсан. Үйлдвэрлэлийн болон цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний ашиглалтын хугацаа нь дууссан. Яаралтай шинэчлэх, өргөтгөх, шинэ эх үүсвэр барих шаардлагатай” гээд хэлчихсэн. Нэмж онцлоход эх үүсвэр, дамжуулах төвийн сүлжээний тоноглолын 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан гэх тоо бий. Засгийн газар эрчим хүчний шинэ эх үүсвэр барихад анхаарлаа хандуулаад эхэлсэн нь цаанаа ийм шалтгаантай. Эрдэнэбүрэнгийн станцыг барих зайлшгүй шаардлага үүссэн учраас ажлаа хийж чадахгүй байсан Засаг даргыг нь огцруулж, элдэв ашиг сонирхолд орохооргүй хүнийг Ховд аймгийн Засаг даргаар зүтгүүлж байх шиг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ОХУ-ын Гадаад харилцааны сайдыг айлчлах үеэр Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг онцгойлж хөндсөн нь ч дээр өгүүлсэн асуудлуудаас улбаатай. Товчхондоо Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцууд, эрчим хүчний тав дахь том эх үүсвэрийн бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх эрэлт хаалга тогшиж байна.
Эрчим хүчний сайд 22 төсөл хэрэгжүүлэхэд нийт 14 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тоо хэлнэ лээ. Дэлхийгээрээ нүүрсээр ажилладаг станцуудаас татгалзаж байгаа ч үнэ өртөг талаасаа нүүрсний станцууд барихаас өөр арга алга гэсэн утгатай үг унагаж харагдсан. Эдийн засаг хүнд байгаа ийм нөхцөлд арав гаруй их наяд төгрөгийн төслүүдийг хэрэгжүүлэхэд чанга ч гэлээ хэрэгжүүлэх боломжтойг нь урагшлуулаад явахаас аргагүй. Дахиад хэлэхэд, эхний ээлжинд Эрдэнэбүрэн гэх мэт санхүүжилт нь шийдэгдсэн, улс төрийн гацаатай төслүүдээ урагшлуулмаар байна.
Эрчим хүчний хэтэрсэн хэрэглээгээ шийдэх өөр нэг гарц нь сэргээгдэх эрчим хүч. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд ногоон санхүүжилтэд гар татахгүй яваа өнөө цагт сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ урагшлуулах боломж бидэнд бий. Манайх сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй улсуудын тоонд багтдаг. Наад захын жишээ гэхэд гадны байгууллагуудтай хамтарч хийсэн судалгаагаар 1.2 террабаттын салхины нөөцтэй нь тогтоогдчихсон. Энэ их нөөцийнхөө 271 мегаваттыг л ашиглаж яваа. Товчхондоо салхи, нарны цахилгаан станцыг олноор барих боломж бэлээхэн байна. Эрчим хүчний системд тохирч ажиллах технологи сонгох, хэрэглэгчид санхүүгийн хүндрэл учруулахааргүй үнэ тогтоох гэх мэт асуудлыг нь шийдчихэд л нар, салхиараа эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хувийг хангаад явчих бололцоотой.
Энэ мэтээр ирээдүйд хэрэгжүүлэх учиртай төслүүддээ анхаарах нь маргаашийн асуудал. Өнөөдөр, яг одоо, энэ өвөл яах вэ гэдэг асуултын хариу маш бүрхэг байгаа нь нуух юмгүй ил үнэн. Эрчим хүчний станцуудын засвар үйлчилгээнд шаардагдах зүйлсийг ачсан 200 гаруй вагоны хил дээрх гацалтаас эхлээд олон асуудал Засгийн газар, Эрчим хүчний яамны өмнө байна. Эцэст нь дахиад сануулахад, Эрчим хүчний сайд үнэнийг хэлээд байх шиг, энэ өвөл “хөлдчихгүй” байгаа даа.
Ц.БИЛИГ