Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн, эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос залилангийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн үед эрс ихэсчээ. Залилан мэхлэгч этгээдүүд иргэдийн итгэлийг олох арга нь илүү боловсронгуй, нарийн болсон байна. Тухайлбал хөрөнгө оруулалт мэтээр өнгөлөн далдалсан залилан нь иргэдэд бодит ажил хэрэг мэт төөрөгдөл төрүүлж хохироох болжээ.
Ингэхдээ маш бага хэмжээний эрсдэлд өндөр өгөөж санал болгож иргэдийг залилдаг байна. Эрсдэл, өгөөж хоорондоо шууд хамааралтай үзүүлэлтүүд бөгөөд танд санал болгож буй өгөөж ихсэх тусам эрсдэл дагаад өсдөг гэнэ. Иймээс өндөр өгөөж санал болгосон хөрөнгө оруулалтаас болгоомжилж дахин нэг нягтлах шаардлагатайг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлэв. Иргэдийн зүгээс тухайн хөрөнгө оруулалт нь эрсдэл багатай, эсвэл эрсдэлгүй үед хэрхэн ийм өндөр өгөөж бий болгосныг шалгахаас гадна ижил төрлийн бусад хөрөнгө оруулалт ямар эрсдэлийн түвшинд хэдий хэмжээний өгөөж хүртээж буйг харьцуулан дүгнэх хэрэгтэй юм байна. Залилан үйлдэгчид хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор ихэвчлэн өндөр шагнал урамшуулал санал болгодог гэнэ. Хөрөнгө оруулалт мэтээр зүсээ хувиргасан ийм төрлийн залилангийн гэмт хэргийн хохирлын хэмжээ нь хэдэн саяар хэмжигддэг юм байна. Ийм төрлийн залилан Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд түлхүү гарах төлөвтэй байгааг Мөрдөн байцаах албанаас онцолж байгаа юм.
Мөн “Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юү?” гэх зар цахимд түгээмэл үзэгдэх болжээ. Зээлийн нөхцөл нь ч татгалзахын аргагүй. Энэ төрлийн залилан сүүлийн үед газар авсныг цагдаагийн газраас анхааруулав.
Зээл санал болгож буй залилагчид өөрсдийгөө өв залгамжлагч, цэргийн байгууллагад олон жил ажилласан мэтээр итгүүлэх гэж оролддог. Тэд эхлээд танаас бүтэн нэр, улс, зээлийн хэмжээ, зээлийн зорилго, утасны дугаар гэх зэрэг мэдээллийг тодруулна. Шаардлагатай мэдээлэл солилцсоны дараа таныг хэзээ, ямар дүнгээр зээлээ эргэн төлөхийг харуулж, нийт хүү нь хэдэн төгрөг болохыг тооцоолж харуулна. Ингээд танаас мөн л “Банкны данс эзэмшигчийн нэр, дансны дугаар, иргэний үнэмлэх, эсвэл жолооны үнэмлэхний дугаар, цээж зураг” зэргийг шаардана.
Харин сүүлд нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулах хэрэгтэйг онцолдог. Ингэж тэд луйвардах ажлаа эхлүүлнэ. Нотариатаар батлуулах төлбөрт 130-150 ам.доллар шаардлагатайг хэлнэ. Дээрх мөнгийг тодорхой дансанд байршуулаад л хэдхэн минутын дараа зээлээ авахыг санал болгодог. Шунал нь хөдөлсөн иргэд үүнд нь итгээд л мөнгө шилжүүлчихдэг юм байна.
Энэ төрлийн залилагч этгээдүүд хуурамч данс ашигладаг учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ч хүндрэлтэй байдаг гэнэ. Залилагч нарын олонх нь google translate ашиглаж хилийн чанадаас халдлага хийдэг юм байна.
Мөн орон сууцны түрээстэй холбоотой залилан түгээмэл байгаа аж. Тэд бусдын орон сууцны ордерыг хуурамчаар үйлдэж хэд хэд хувилаад бусдад түрээслүүлэхдээ ашигладаг гэнэ. Ингэхдээ Unegui.mn сайт болон бусад зарын группүүдийг ашигладаг байна. Зах зээлийн үнээс арай хямдаар түрээслэх зарыг байршуулаад хандсан иргэдэд яаралтай урьдчилгаа мөнгөө шилжүүлж захиалгаа баталгаажуулахыг шаарддаг ажээ. Тодруулбал, бусдын байрыг түрээслэхдээ ордерыг нь хувилж аваад л цааш нь хэд хэдэн хүнд давхар түрээсэлчихдэг юм байна. Ингэхдээ “Яаралтай урьдчилгаа мөнгөө шилжүүлж захиалгаа баталгаажуулахгүй бол яг одоо өөр хүн орлоо шүү” гэх байдлаар шахалт үзүүлдэг аж. Хотын төвийн байршилд боломжийн үнээр байр түрээсэлж суухын тулд тэр дор нь л урьдчилгаа мөнгөө шилжүүлж залилуулдаг байна. Ингээд түрээсэлсэн байрандаа нүүж ирэх болоход хэд хэдэн эзэн бий болчихсон байдаг гэнэ. Урьдчилгаа шилжүүлсэн дугаар луугаа хандахад аль хэдийнэ блоколчихсон байх аж. Залилагч этгээдүүд бусдын данс ашигладаг, өөр хүний нэр дээр бүртгэлтэй утасны дугаар барьдаг тул илрүүлэхэд мөн л түвэгтэй байдал үүсдэг гэнэ. Байр түрээслэхдээ ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.