БНСУ-д “Ковид-19”-ийн үед эрс буурсан гадаад өвчтөний тоо эргэн нэмэгдэж эхэлж байна. Солонгос улс “Ковид-19”-ийн халдвар гарахаас өмнө 2019 онд 497 мянган гадаад өвчтөн хүлээн авсан байна.
Харин 2020 онд энэ тоо эрс буурч 117 мянган өвчтөн хүлээн авчээ. Солонгос улсад эмчилгээ хийлгэж буй гадаад өвчтөнийг насны ангиллаар авч үзвэл 20-30 насны иргэд 63 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна. Өнгөрсөн жил БНСУ-д 191 орноос 146000 гадаад өвчтөн эмчилгээ хийлгэсэн байна. Ингэснээр “Ковид-19”-ийн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа юм. Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагуудын зүгээс 2026 он хүртэлх зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, гадаад өвчтөний тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
БНСУ-ын Эрүүл мэндийн аж үйлдвэрийг дэмжих агентлагийн олон улсын анагаах ухааны стратегийн багийн дарга Ли Хэн Шин: “Ковид-19” цар тахал анх тархаж байсан 2020 он болон хамгийн хүнд үе болох 2021 онтой харьцуулбал 2022 он гарсаар гадаад өвчтөний тоо нэмэгдсээр байна. Гадаад орноос манай оронд эмчлүүлэхээр ирж байгаа гадаад өвчтөний нэмэгдэж байна. Ийнхүү энэ салбар дахин сэргэж байгаатай холбогдуулан бид 2021-2026 оны 2 дугаар шатны эрүүл мэндийн гадаад зах зээл болон эмчлүүлэх зорилготой гадаад өвчтөн хүлээн авах нэгдсэн төлөвлөгөө хэрэгжүүлж байна.
Дамо олон улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын байгууллагын тэргүүн Л. Ира: “БНСУ-д “Ковид-19”-ийн халдварын үед эмнэлгийн үйлчилгээ авахаар ирэх гадаад өвчтөний тоо эрс буурсан. Тиймээс БНСУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс цахим үйлчилгээг илүү өргөжүүлж цар хүрээтэйгээр явуулж эхэлсэн. Өнөөдөр “Ковид-19”-ийн халдвар буурч гадаадаас ирэх өвчтөний тоо нэмэгдэж байна. Холбогдох яам байгууллагуудын зүгээс эрүүл мэндийн аялал жуулчлалаа сэргээхээр яаралтай арга хэмжээ аван ажиллаж байна. Монгол Улс Солонгост ирж эмчлүүлж буй гадаад өвчтөний тоогоор эхний тавд ордог”.
Ийн БНСУ Эрүүл мэндийн аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөгөө гаргаж 2026 он гэхэд “Ковид-19”-ийн өмнөх тоонд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.
БНСУ-д эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар сэргэж эхэллээ |