Categories
мэдээ нийгэм

“Иргэний орон зайг хамгаалах нь” хурлыг зохион байгуулна DNN.mn

Иргэний нийгмийн консорциумаас “Иргэний орон зайг хамгаалах нь” хурлыг энэ сарын 29-нд зохион байгуулна. Иргэний нийгмийн байгууллагууд эв санаагаа нэгтгэх энэ хурлаар иргэний нийгэм, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн төлөөллийн иргэний орон зайг хамгаалах талаарх олон ургальч дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэж, олон нийтэд мэдээлнэ.

Монгол Улсад нээлттэй иргэний орон зай яагаад чухал болох, уг орон зайг хадгалахын учир шалтгаан, иргэний нийгмийн ардчилалд үзүүлдэг ач холбогдол, ФАТФ-ын зөвлөмжийн тухай буруу ойлголтыг хэрхэн залруулах, нээлттэй иргэний орон зайд хэвлэл мэдээллийн үүрэг, хэвлэлийн эрх чөлөө, судалгаанд суурилж салбарын төлөөллийг оролцуулсан хамтын бодлого боловсруулах аж.

Монгол Улсад иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг хумих эрсдэлтэй Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байгааг “Глоб Интернэшнл төв” мэдээлсэн юм. Учир нь дээрх хоёр хуулийн төсөлд “Холбоо”, “сан” гэсэн хэлбэрийг хуульчилснаар Монголын иргэний нийгмийн өнөөгийн олон янз байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй. ТББ-уудын төрлийг хэт явцууруулан тодорхойлж, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог хатуу хуульчилснаар иргэний нийгэм, ашгийн бус салбар цаашид хөгжихийг хязгаарлана гэж тус төвийн хуульч Б.Пүрэвсүрэн тэмдэглэлээ.

“Глоб Интернэшнл төв”-өөс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт энэ оны 6 сарын 7-нд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 13.15 дахь хэсэг “доромжлох”-ыг гэмт хэрэгт тооцохыг эрс эсэргүүцэж байгаа тухай албан бичиг хүргүүлжээ. Учир нь “доромжлох” гэмт хэргийг дахин Эрүүгийн хуульд оруулах хэрэгцээ шаардлага байхгүй, энэ нь зохицуулалтгүй бус зохицуулалттай байгаа юм. Нөгөө талаас, Эрүү болон Зөрчлийн хуульд буй гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараахтай холбоотой зохицуулалтын “илт худал мэдээлэл”, “худал мэдээлэл тараах”, “олон нийтийг төөрөгдүүлэх” гэх тодорхойлолт бүрхэг, нэг мөр болоогүй байгаа нь эрх бүхий этгээдээс хуулийн заалтыг дур зоргоор тайлбарлах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэл үүсгэж байна. Иймд “доромжлох” заалтыг яагаад Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах шаардлагагүй үндэслэлийг хуульч Б.Пүрэвсүрэн танилцуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *