Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Үндэсний Аудитын газрын тайланг ил болгожээ.
Уг тайланд 57 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа 4,674 төсөвт байгууллага, 604 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд, 371 төрийн сан, 1383 төсөл сан нийт 7032 санхүүгийн тайланг нэгтгэсэн байна.
Аудитаар нийт 10.5 их наяд төгрөгийн 17,513 алдаа зөрчил илэрчээ. Үүнээс
- нягтлан бодох бүртгэлийн тайлагнал, дотоод хяналт, хариуцлагатай холбоотой 2,284.6 тэрбум төгрөгийн 5243 алдааг аудитын явцад залруулж,
- 69.6 тэрбум төгрөгийн зөрчилд 1,731 төлбөрийн акт тогтоож,
- 4,142.3 тэрбум төгрөгийн зөрчилд 3,999 албан шаардлага,
- 7.8 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 152 санал хүргүүлсэн бөгөөд
- 1 тэрбум төгрөгийн 13 асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Аудитын явцад илэрсэн зарим зөрчлөөс дурдвал:
Худалдан авах ажиллагааны журам заавар зөрчиж, шууд гэрээ байгуулж, бараа ажил үйлчилгээ худалдан авсан, тендер зарлахаас зайлсхийж, тендерийг хувааж харьцуулалтын аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан, тендерийн үнэлгээг буруу хийсэн, цахим системээр зарлаагүй зэрэг худалдан авах ажиллагаатай холбоотой 31.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Энэ нь дараах яамдад хамаарч байна.
- ЭХЯ-ны харьяа 6 төрийн өмчит хуулийн этгээд(ТӨХЭ) – 4.3 тэрбум
- УУХҮЯ-ны харьяа 4 ТӨХЭ – 26.1 тэрбум
- БОАЖЯ-ны харьяа 1 ТӨХЭ 0.6 тэрбум
- БХЯ-ны харьяа 1 хуулийн этгээд 0.1 тэрбум
- Сангийн яамны харьяа нэг ТӨХЭ 0.2 тэрбум төгрөг.
Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэлгүй баталсан зардлыг хэтрүүлсэн, үр ашиггүй зардал гаргасан, албан конторын тавилга болон бусад үндсэн хөрөнгийг худалдан авсан, шагнал, урамшуулал олгосон, хурал, спортын арга хэмжээ зохион байгуулсан, нэвтрүүлэг, нэвтрүүлэг сурталчилгаа зэрэгт 10.5 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнд
- УУХҮЯ-ны харьяа 9 ТӨХЭ 8.3 тэрбум төгрөг
- ЭХЯ-ны харьяа 10 ТӨХЭ 1.4 тэрбум
- Сангийн яамны харьяа хоёр ТӨХЭ 0.6 тэрбум
- ЗТХЯ-ны харьяа 7
- БХБЯ-ны харьяа 2
- БОАЖЯ-ны харьяа 1
- ЗГХЭГ-ын харьяа 3 ТӨХЭ 0.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон ажилтны ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 0.1 тэрбум төгрөгийг буруу шийдвэр гаргасан этгээдээр нөхөн төлүүлээгүй байна. Үүнд:
- ИНЕГ – 113.6 сая
- Сэлэнгэ АЗЗА-11.3 сая
- УБЦТС – 26.4 сая төгрөг ногдож байна.
Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар 123 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрчээ. Тухайлбал,
Нийслэл дэх Орон сууц, нийтийн аж ахуйн улсын газар ОНӨААТҮГ өмнөх оны 1.7 тэрбум төгрөгийн өглөгийг барагдуулахын тулд Хэрэглэгчдэд үйлчлэх төв 12-ын айл өрх, ААН-үүдийн хэрэглээний цэвэр, бохир усны заалт болон төлбөрийг нэмэгдүүлэн, төрөөс хариуцах хөнгөлөлтөд хамруулж санхүүжилтийг авсан, цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлөх хэрэглээг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй жишихгүй, тухайн үеийн хэрэглээгээр тооцож, 0.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг илүү хамруулсан байна.
Худалдан авах ажиллагааны хууль журмыг зөрчиж худалдан авалт хийсэн, хугацаа дууссан барьцааг гүйцэтгэгч байгууллагад буцаан олгоогүй, гэрээний алданги тооцоогүй, гэрээг дүгнээгүй зэрэг 1.2 тэрбум төгрөгийн зөрчлийг
- Улаанбаатар спорт менежмент ХК 0.1 тэрбум
- Хот тохижилтын газар 0.1 тэрбум
- Монгол наадам цогцолбор 0.2 тэрбум
- Тавантолгой ХК 0.1 тэрбум гэхчлэн зөрчил гаргажээ.
Үндэсний Аудитын газрын дүгнэснээр төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн орчингүй, бүтэц, орон тоо, тогтолцоо оновчтой бус, үйл ажиллагаа хангалтгүйгээс санхүүгийн тайлангийн аудитаар илэрч байгаа алдаа, зөрчил буурахгүй, өгсөн зөвлөмж, тогтоосон акт, хүргүүлсэн албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзжээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухайн жилийн эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшний гүйцэтгэлийг нэгтгэж, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд илэрхийлээгүй зэрэг олон асуудал гарч байна.
Тайланг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.