Ном, сонин уншдаг хүний хандлага, харилцаа цаанаа л нэг өөр, мэдрэмжтэй, мэдлэгтэй, мэдээлэлтэй байдаг. Улстөрчдийн хамгийн их санаа зовдог зүйл нь тэнэгээ нуух. Тодруулбал, мэдлэг, мэдээлэлгүй байдлаа нуух юм. Тэнэгээ нуух нь хүний язгуур зан байдал ч гэлээ улстөрчид үүнийгээ нуух гэж ёстой нэг хөгөө чирэх юм.
Тэдний энэ зан байдлыг тодоор мэдэрдэг хүмүүс бол сэтгүүлчид. Тиймээс ч улс төрчид өөрсдийн тэнэгээ яаж нуух вэ гэдгээ сэтгүүлчдээс тодруулж, зөвлөгөө авах нь ч бий. Ордны сэтгүүлчид та нарыг хэн нь хэн бэ гэдгийг хэдийнэ мэдчихсэн байдаг. Аль гишүүн нь мэдээлэл сайтай вэ, хэн нь сул вэ гэдгийг ч мэднэ. Хэн хулгайч вэ, хэн нь хорчин бэ гэдгийг ч мэднэ. Тийм атал та бүхэн ярилцлага, мэдээлэл өгөхдөө тодорхой зүйлийг тойруулж тайлбарлах, хэт их ухаантай хүн шиг ярих, попордог байдлаа ядаж сэтгүүлчтэй уулзахдаа больчих. Улс төр, эдийн засгийн байдлыг ганц нэгхэн цээжилсэн томьёондоо оруулж ярьдгаа өөрийгөө их мэдлэгтэн гэж боддог чинь тэнэглэл.
Улс орон, үндэсний аюулгүй байдлын асуудал, гадаад дотоодын нөхцөл байдал адармаатай байна гэж шүүмжилж ярьдаг атлаа улсад нь ирсэн НҮБ-ын даргын үгийг сонсоогүй, ирсэн үгүйг нь ч мэдээгүй УИХ-ын гишүүн, эрхэм сайд нар ч байна. Энэ бол ойрын, наад захын жишээ. Өнөөгийн улстөрчид, эрхэм гишүүд, сайд, дарга нар төрийн ажлыг өөрийнхөө тэнэгээ нуухын тулд л хийдэг болсон нь нууц биш. Дахин дахин сонгогдох гэж, улам өндөр албан тушаалд очих гэж, бусдыг өнгө зүс, мөнгөөр татах гэж хийж байгаа нь ч ил болсон цаг үе. Ийм үед элдэв арга, уран цэцэн үг хэлж, ухаантай царай гаргаж тэнэглэж байхаар өдөр тутамдаа сонин сайн уншиж, улс орон, дэлхий даяар юу болж, хэн нь юу гэж хэлж байгааг ядаж мэдчих хэрэгтэй.
Энэ цаг үед мэдээлэлтэй байна гэдэг ухаантай царайлахаас илүү үр өгөөжөө өгнө шүү, улстөрчид өө. Мэдээлэлтэй хүн мэдрэмжтэй, мэдлэгтэй болдог гэсэн бичигдээгүй хууль бий. Тиймээс мэдээлэлтэй байхын тулд өдөрт ядаж нэг сонин бүтэн гарчиглаад уншчих хэрэгтэй. Та нарт тийм цаг, зав элбэг бий.