Categories
мэдээ цаг-үе

Хүнсний ногооны үнэ буурчээ DNN.mn

Хүнсний ногооны үнэ буурчээ

Өвөл, хавар, зуны улиралд тогтмол өсөж байсан хүнсний ногооны үнэ буурч эхэллээ. Шинэ ургацын хүнсний ногоо гарсантай холбоотой өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг нийслэлийн 17 байршилд зохион байгуулж байгаа. Нэг кг нь 5000 төгрөг хүрээд байсан төмс, луувангийн үнэ 1000 төгрөг болжээ. Нарийн ногооны хувьд төрлөөсөө хамаараад 2500-8000 төгрөгийн үнэтэй байна.

Статистикийн мэдээллээс харахад төмсний үнэ энэ оны долоодугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.5 дахин нэмэгдсэн. Зоорь, агуулах савны хүрэлцээ хангалтгүйгээс зах зээл дээр хомсдол үүсэж төмсний үнэ зургаадугаар сард кг нь 2300 төгрөг байсан нь долоодугаар сард 4000-5000 төгрөгт хүрч өсөөд байсан. Тэгвэл шинэ ургацын ногоо гарч эхэлсэнтэй холбоотйгоор найман сараас үнэ буурч энэ сарын 15-ны байдлаар дунджаар 1650 төгрөг болсон. Харин ургац алдсантай холбоотойгоор луувангийн үнэ энэ онд мөн л 4500-5000 төгрөгт хүрсэн бол найман сараас үнэ буурч 3500 орчим төгрөгт хүрсэн. Харин байцааны хувьд зургаадугаар сард 5000 төгрөг байсан нь наймдугаар сарын 15-ны байдлаар 1900 төгрөгт хүрч буурчээ. Шинэ ургацын ногоо гарсантай холбоотойгоор нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнгөрсөн долоо хоногоос өргөтгөсөн худалдааг эхлүүлсэн. Ногоочдоос ямар нэгэн түрээс авахгүйгээр, дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэж байгаа учраас үзэсгэлэн дээр зарагдаж байгаа ногоо зах худалдааны төвийн үнээс хямд байна.

Өргөтгөсөн худалдаагаар зарагдаж буй шинэ ургацын ногооны үнийн хувьд дунджаар төмс-1200 төгрөг, байцаа-1000 төгрөг, лууван-1800 төгрөг, сонгино-2000 төгрөг байгаа бол чинжүү 5500, бууцай 5000, хулуу 3500, брокли 4000 гээд нарийн ногоо төрлөөсөө хамаараад 2500-8000 төгрөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *