Нийслэлийн хэмжээнд гудамж талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбарыг долоо хоногийн дотор буулгах шийдвэр гаргажээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд нийт 760 орчим томоохон сурталчилгааны самбар байгаагаас 269 нь самбар зөвшөөрөлгүй байсан байна. Эдгээрээс 69 нь том хэмжээний, 200 нь жижиг мэдээллийн болон хаягийн самбар юм байна. Эдгээрийг буулгахад 90 сая төгрөг шаардлагатай ажээ. Зөвшөөрөлгүй байршуулсан самбарыг буулгахад зориулсан хөрөнгийг тухайн аж ахуйн нэгж байгууллагаар буцаан төлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэхүү ажлыг “Улаанбаатар нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн дагуу дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг өгчээ.
Нийслэл хотод сурталчилгааны самбар байрлуулах зөвшөөрлийг харьяа дүүргүүдийн Засаг даргын тамгын газар олгож, ашиглалтын гэрээ байгуулан төлбөр төвлөрүүлдэг байна. Өнгөрсөн гурван жилд сурталчилгааны самбарын орлого жил бүр тогтмол 600-700 сая төгрөг байжээ.