Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Бат-Ирээдүй: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгож эхлээгүй байгаа DNN.mn

Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-Одоогийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ямар хэмжээнд олгогдож байгаа вэ. Урьдынхаасаа илүү чөлөөтэй болсон гээд байгаа, энэ үнэн үү?

– Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгож эхлээгүй байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шинэ журмыг өнгөрсөн жил боловсруулан мөрдүүлэхээр ажиллаж байгаа ч багагүй бэрхшээл, шийдэх асуудалтай тулгарсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахад нэлээд шат дамжлага ихтэй хүндрэлтэй, төрийн болон орон нутгийн байгууллагуудаас зөвшөөрөл авах шаардлагатай байгаа. Энэ хүндрэлийг бууруулах, төрийн хүнд суртлыг багасгах, ААН-үүдийн цагийг хэмнэх зорилгоор цахимжуулах шаардлагатай гэж манай салбарын яам, агентлагууд үзэж байгаа.

Цахимжуулах, цахим системд шилжүүлэх талаар л яригдсан. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар энэ тухай яригдаж, энэ онд багтаан бүрэн цахимжуулах арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам хамтран яаралтай хэрэгжүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс ойрын хугацаанд яам шаргуу анхаарч ажиллах байх гэж бодож байна. Тун удахгүй бүх зүйл цахимд шилжиж, бүртгэгдэж эхлэхээр лиценз олголтын асуудал шууд эхлэх байх. Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй ААН-үүдийн саналыг үнэлэхдээ үнийн саналыг 70, техникийн саналыг 30 хувиар тооцдог болохоор шинэ журамд тусгагдсан гэж ойлгож байна. Үүний үр дүнд ААН-үүдийн сонгон шалгаруулалтад өгсөн үнийн болон бусад мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор хардлага сэрдэлт ч байхгүй болно.

Тендерийн үндсэнд тусгай зөвшөөрлийг олгоно. Үүний тулд тусгай зөвшөөрөл нь орон нутгаар хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Хуулийн дагуу орон нутагт эхэлж тодорхой хугацаанд лиценз олгох шийдвэр гарч байгааг танилцуулж, орон нутаг хуульд заасан хугацаанд саналаа ирүүлэх ёстой. Хэрвээ хуульд заасан хугацаанд ирүүлэхгүй бол төр өөрөө шийдэн лицензийг шинээр олгох ажлыг хуулийн хүрээнд хийж хэрэгжүүлнэ гэж ойлгож байгаа.

Одоогоор геологийн ажил хийгдсэн ашиглагдаж байгаа лиценз хаана хаана байгаа вэ?

-Улсын төсвийн хөрөнгөөр хэд хэдэн тендер зарлагдаж шалгаран холбогдох геологи хайгуулын судалгааны ажлууд хийгдэж байгаа. Өмнөх жилүүдэд зарлагдсан улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг ажлууд ч мөн үргэлжлэн хийгдэж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид холбогдох газартаа хайгуулын болон ашиглалтын чиглэлээр авсан тусгай зөвшөөрлийн хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа хийгээд явж байна. Мэдээж зарим компаниуд орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч нийгмийн тодорхой хариуцлага үүрэн аймаг орон нутагтайгаа харилцан тохирч гурвалсан гэрээг байгуулан нэг үеэ бодвол ажил урагшилж байгаа ч бидний санасан хэмжээнд хүрэхгүй л байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй маш урт хугацаа өнгөрч байна.

Энэ нь эргээд уул уурхайн салбарт сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаа байхгүй. Яг өнөөдөр шууд утгаараа үзүүлэхгүй ч хожим эрдэс баялгаар хангах үүрэгтэй хайгуулын ажлууд удааширч, урт хугацаагаар үргэлжилбэл уул уурхайн хөгжилд нэлээд саад бэрхшээл үүснэ гэж харж байгаа.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахын тулд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч лиценз олгогддоггүй тал их бий. Төр үүнд анхаардаг байх нь зөв. Тэр тухай хууль яригдаад байсан даа?

-Тийм. Орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй их тулгарч байгаа. Манайхан чинь их хариуцлагагүй шүү дээ. Төр өөрийн зүгээс иргэдийг шаардлагатай бүх мэдээллээр хангаж байгаа. Энэ онд багтааж 400 гаруй лиценз, тусгай зөвшөөрлийн тендер зарлахаар төлөвлөсөн байгаа. Одоогоор хүлээлт үүсгэсэн хэвээр байна.

Энэ асуудалд оны эхнээс эхлэн төрийн зүгээс онцгой анхаарч АМГТГ-с зохион байгуулан хувийн хэвшлийн оролцоог анхаарч төрийн бус байгууллагууд ч дэмжин бүх аймгуудаар цуврал уулзалтыг хийж дууссан. Тухайн аймаг, сумын төрийг төлөөлж буй хүмүүс, холбогдох албан тушаалтнууд, ААНБ, ажлын хэсгүүд ажилласан. Бид ард түмэнд зөв ойлголт өгөхийг хичээж байна. Зарим газар эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч зарим газар ойлголт авч байгаа гэж зөв талаас нь харж байгаа.

-Уул уурхайгаас улсын төсөв бүрддэг гэдэг шүү дээ. Энэ талаар таны бодлыг сонсвол?

-Бид экспортод коксжих нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн гол бүтээгдэхүүнийг гаргаж байгаа. Төмрийн хүдрээс бусад нь энэ оны хувьд экспорт сайн байгаа.Үнийн хувьд ч дэлхийн зах зээлийн үнэ бидний төлөвлөснөөс өндөр байсан. Хэдийгээр нийлүүлэлт нь багассан ч үнийн өсөлттэй уялдуулан манайх өмнөх жилүүдийн түвшинд эдийн засгийн үр ашгаа хадгалж байгаа.

Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагаанаас хуваалцаач?

-Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл өөрийн үйл ажиллагаанд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамтай гэрээ байгуулан салбарынхаа мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг дэвийг олгох асуудлыг хариуцан ажиллаж байна. Энэ чиглэлээр бид тодорхой үр дүнд хүрч сүүлийн 2-3 жил зогсонги байсан асуудлыг шийдэж чадсан гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар манай салбарын 300 гаруй хүн салбарын мэргэшсэн болон, зөвлөх зэргийг авч албажуулаад байна. Энэ ажлыг Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл мэргэжлийн холбоонуудтайгаа хамтран гардан хийж ажилласан хамтын ололт байна. Мөн бид төрийн бодлогыг дэмжиж геологи хайгуулын судалгааны чиглэлийг орон нутгийн ард иргэдэд сурталчлан таниулахад өөрсдийн хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үүний нэг жишээ нь баруун аймагт болсон уулзалтад Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөлөл оролцож аймаг, орон нутгийн удирдлага иргэдтэй уулзан санал солилцсон. Салбарын тулгамдсан асуудлыг цаг алдалгүй холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргэх, санамж бичгийн хүрээнд Үндэсний геологийн албатай хамтран ажиллах гэх мэт эхлүүлж байгаа ажил нэлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *