Жил бүр орон нутгаас нийслэлд 50-80 мянган оюутан ирж суралцдаг ч оюутны байрны хүртээмж хангалтгүй байдгаас байр түрээслэх хэрэгцээ үүсдэг. Нийслэлд 255 мянган айлын орон сууц байдаг. Үүний 10 орчим хувь түрээсийнх. Жил бүрийн наймдугаар сар түрээсийн орон сууцны зах зээлийн хамгийн оргил эрэлттэй үе байдаг. Учир нь их дээд сургуульд сурахаар орон нутгаас ирсэн, хотод амьдрах хамаатан садангүй оюутнууд дотуур байранд орж чадаагүй бол орон сууц, нийтийн байр, хашаа байшин түрээслэх хэрэгцээ үүсдэг. Нөгөө талд түгжрэлтэй холбоотойгоор хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийн хажууд байр түрээслэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсэн нь орон сууцны түрээсийн үнэ өсөх шалтгаан болж байна. Гэвч зах зээлд түрээслэж байгаа орон сууцны нийлүүлэлт эрэлтээ хангадаггүй байна. Энэ жил түрээсийн орон сууцны үнэ байршлаасаа шалтгаалаад 25-45 хувиар өсжээ. Тухайлбал, нэг өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 690 мянган төгрөгөөс 1.3 сая төгрөг байна.
Тодруулбал, орон сууцны түрээсийн нэг мкв-ын дундаж үнийн өсөлт 2021 оны хоёрдугаар хагастай харьцуулбал:
- Баянгол дүүрэгт 45.8 хувь
- Баянзүрх дүүрэгт 35.9 хувь
- Сонгинохайрхан дүүрэгт 27.1 хувь
- Сүхбаатар дүүрэгт 23.9 хувь
- Хан-Уул дүүрэгт 23.7 хувь
- Чингэлтэй дүүрэгт 37.5 хувиар тус тус өсжээ.
Түрээсийн нөхцөлийн хувьд түрээслүүлэгчид урт хугацаагаар түрээслэх сонирхолтой байдаг бөгөөд ингэхдээ хамгийн багадаа гурван сараас жилийн хугацаатай төлбөрөө авах, үүн дээр барьцаа нэг сарын төлбөр авах шаардлага тавьдаг бол түрээсэлж байгаа иргэд сар сард нь төлбөрөө төлөх нөхцөлийг илүү эрэлхийлдэг байна.