Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

200 тэрбумтай ч ажиллах компанигүйгээр Дарханы замын маапаан эхэлж байжээ DNN.mn

-Б.Энх-Амгалангийн толгойлсон төсөл таван жил гацаж байхад бизнес нь өргөжиж, хөрөнгө орлого нь нэмэгдэж байлаа-


Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км зам барилгын ажлын гүйцэтгэл таван жилийн дараа л талдаа орж байна. Cap гаруйн өмнө Ерөнхий сайд газар дээр нь ажиллахад албаныхан 40 гаруй хувьтай гэж байсан шүү. Энэ хугацаанд ажил урагшлаад 50 хувьд хүрсэн гэж найдъя.

Зам барих нэрээр там болгож хаясан таван жилийн хугацаанд Дарханы зам дээр хэчнээн ч амь үрэгдэж, хэдэн арван гэр бүл хагацал зовлон амсав аа. Машин техникийнхээ эд ангиар хохирсон нь ч өнгөрч. Нийгэмд нөхөж баршгүй их хэмжээний хор хөнөөл учруулсан энэ замын ажлыг явуулж чадаагүй буруутнуудыг тогтоох ажил РУУ хуулийнхан саяхнаас л орж эхэллээ. Зам, тээврийн хөгжлийн яаман дээр уржигдар АТГ-ын мөрдөгчид нэгж лэг хийв. Яамны Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд үнэлгээний хорооны нэр бүхий ажилчдын өрөөг шалгасан гэх мэдээлэл бий.

Цаашлаад холбогдсон хүмүүсийн орон байр. хувийн компани зэргээр 30 орчим объектыг шалгана гэж байгаа.

Хуулийнхан Дарханы зам өнөөдөр хүртэл таван жил гацсан шалтгааныг тендертэй холбож буй юм. Энэ замын төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны зээлийн 62.8 сая ам.доллар буюу 190 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж эхэлсэн. Тус төсөл дээр ажиллаж байсан мэргэжилтний ярьж буйгаар эдүгээ шалгагдаж байгаа тендерийн маапаан бүр эхнээсээ байсан гэдэг.

Товчхондоо бол төслийн санхүүжилт болох 190 гаруй тэрбум төгрөг түрүүлээд шийдэгдчихсэн. Гэтэл зам барих компаниуд нь бэлэн биш. Нэг ёсондоо байхгүй. Олон улсын стандарттай гэдгээрээ хүн хүч, техник хэрэгсэл, ажлын туршлагаас эхлээд тэнцэх компани олдоогүй. Олон жил яригдаж ирсэн Дарханы замыг шинэчилнэ гэдэг үе үеийн Засгийн том амбиц байсан нь гарцаагүй. Харин У.Хүрэлсүхийн үед хувьсгалын тохироо нь бүрдэж, Дарханы замын бүтээн байгуулалт дээр олон улсын банкууд зээл өгөх шийдвэрээ гаргасан.

Гэвч мордохын хазгай гэгчээр санхүүжилт шийдэгдсэн ч төсөл нь түүхийгээрээ байж таарсан гэдэг. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч манай талынхан сандралдаж эхэлсэн. Ингээд компаниудын эрэлд гарч, тендер зарласан нэртэй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван компанийг оруулж ирсэн. Гэвч тус компаниуд нь ч өөрсдөө бэлэн биш байжээ. Өөрийн улсдаа буюу БНХАУ-д шүүхийн маргаантай, маапаантай компани ч орж ирсэн гэдэг. Түүгээр зогсохгүй хүн хүч, техник хэрэгсэл дутуу. Замын ажлын шав тавих ёслол болоход харуулах техник хэрэгсэл дутуу, олдохгүй нэлээд асуудал үүссэн тухай ч эх сурвалж онцолж байгаа юм.

Нэг ёсондоо мөнгөний сургаар ямар ч бэлтгэлгүй том төсөл рүү орчихсон. Үүнийг албаныхан өөрсдөө ч баталдаг. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Дарханы зам хугацаандаа амжиж ашиглалтад ороогүй шалтгаан нь бэлтгэл ажил хангагдаагүй байсан” гэж байв.

Тендерийн маапаан ингэж л эхэлсэн хэрэг. 2019 оны эхээр 204.1 км замыг таван багцад хувааж, олон улсын тендер зарласан. Анхны тендерээр замын I багцад БНХАУ- ын “Хэйлонжиан Жиньеи Реүд энд Бридж” компани. II болон IV багцыг “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп”, III багцыг “Гуйжоу Хайвэй Инженеринг Грүпп”, V багцыг “Чайна Жео- Инженеринг Корпораци” компани шалгарч, тухайн оныхоо зургадугаар сарын 12-14-нийн өдрүүдэд гэрээ байгуулж байжээ.

Тэгвэл өнөөдөр замын багцуудыг хариуцагч компаниуд бүгд өөрчлөгджээ. Анх дөрвөн компани гэрээ байгуулж байсан бол одоо долоо болон нэмэгдсэн байх юм. Компаниуд орж, гарсан. Тухайлбал, анх V багцыг хариуцахаар гэрээ хийж байсан “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани эдүгээ II, Ill, IV багц дээр ажиллаж байна. Мөн дотоодын компаниуд төсөлд орж ирсэн. Тэдний нэг бол “Макс”-ийн Д.Ганбаатарын “Арж капитал” компани.

Үүнээс харахад Дарханы зам барилгын 200 тэрбум төгрөгийн төсөвтэй ажлын тендер нэг бус удаа зарлагдсан гэсэн үг. Хуулийнхны овоо хараанд өртсөн гол асуудал энэ. Тендер бүрд маапаан бий. Тэгвэл энэхүү тендертэй холбоотойгоор улс төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд доод албан тушаалтнууд ч олноор татагдаж байгаа гэх.

Тодруулбал, уг замын тендер зарлагдах үед Зам тээврийн яамыг толгойлж байсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг хуулийнхан нэлээд эртнээс шалгаж эхэлжээ. Олон нийтэд ил болоод байгаа мэдээллээр бол тус замын нэг болон хоёрдугаар багц дээр ажиллаж буй юм. “Арж капитал” компанийг экс сайд Б.Энх-Амгалантай холбож буй. “Арж капитал”-ын байгуулсан гэрээний санхүүжилт 20.5 сая ам.доллар. Б.Энх-Амгалан, Д.Ганбаатар нар нэг нутгаас гаралтай. Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлд хоёул данстай. Үүгээр зогсохгүй. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн төрсөн дүү Б.Энхболд “Макс”-ийн Д.Ганбаатар нар хамтран “Баянбогд хөгжил сан”-г удирддаг гэх юм билээ. Энэ хоёр эрхмийн хүзүү сээр холбогддог өөр ч замын тендерийн асуудал яригддаг.

Ямартаа ч бүхэл бүтэн таван жил дуншаад урагшлаагүй Дарханы замын гол буруутнаар Б.Энх-Амгаланг цохон нэрлэхээс өөр аргагүй. Тэрээр Засгийн газраа ч, эрх баригч намаа ч муухай харагдуулж дөнгөлөө. Хамгийн гол нь төрийн ажил, төсвийн хөрөнгийг баллаж, сонгогчдод, монголчуудад маш том хор уршиг үлдээж байна.

Гэтэл энэ таван жилийн хугацаанд түүний толгойлж эхлүүлсэн төрийн төсөл ийнхүү гацаж байхад эсрэгээрээ өөрийнх нь бизнес өргөжин тэлсээр байсан нь анхаарал татна. АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 2017 оноос эхлэн гурван жил тогтвортой байсан түүний хөрөнгө 2019 оноос огцом өсжээ. 2017, 2018. 2019 онд тэрээр гэр бүлийнхээ жилийн орлогыг 661 сая гэж мэдүүлж байсан бол 2021 онд 1.75 тэрбум төгрөг болтол өссөн байх юм. Түүний мэдлийн “Мишээл эксло” групп жил ирэх тусам олны нүдэн дээр тэлж өргөжсөөр л ирлээ. Юу үнэн. энэ үнэн.

Тийм ч учраас Б.Энх-Амгалангийн Улаанбаатар- Дархан чиглэлийн 204.1 км зам барилгын төслийн хөрөнгөд увайгүй хандаж, хувийн бизнесээ цэцэглүүлсэн эсэхийг хуулийнхан тун удахгүй дэнслэх биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *