Categories
мэдээ нийгэм

Б.Баттөмөр: Авлига бол тусгаар тогтнол, хөгжлийн эсрэг гэмт хэрэг мөн DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Та Монгол Улсын хөгжлийн гарц гэж олон санааг УИХдээр ярьдаг. Би тантай өнөөдөр авлигын асуудлаар ярья. Авлигыг бууруулж чадвал хөгжилд том ахиц гарна. Энэ асуудлаар ярилцлагаа эхэлье?

-Олон эх сурвалжаас харвал авлига гэдэг нь төрийн ажил, албыг хувийн зорилгодоо ашиглахыг хэлнэ. Авлигад хахууль, мөнгө нэхэж авах, мөнгө завших, улсын мөнгийг шамшигдуулах, хамаатан садан ойр дотны хүмүүстээ ашиг олох боломжийг олгох, нийтийн хөрөнгийг хувийн хэрэгцээнд өмчлөх, худалдан авалт, тендерт нөлөөлөх гэх мэт олон асуудлууд багтана.

Авлигаас болж Монгол Улс өнөөдөр чөдөртэй морь шиг л доороо догонцон дэвхцэж, урагш хөдөлж, хөгжих боломжгүй болчихоод байна.

Иймээс авлига өнөөгийн шийдвэрлэвэл зохих хамгийн тулгамдсан асуудлын нэг болсон. Авлигатай тэмцэж үр дүнд хүрэх нь хөгжлийн маш том гарц. Авлигаар хүссэнээ авч болдог, тулгарсан бүх асуудлыг шийдэж, албан тушаал дэвшиж болдог, тэр бүү хэл гэмт хэргийг цайруулж, ял шийтгэл, шоронгоос ч бултаж болдог гэсэн бодол нийгмийн нэлээд хэсгийн оюун ухаанд амь бөхтэй оршсоор байна. Хаана хөгжил сул байна, тэнд авлига их байдаг. Авлигаас ангижирч байж л улс орон хөгждөг гэдгийг дээр дооргүй мэддэг ч мэдсэнээ яагаад ажил болгож хэрэгжүүлэхгүй байна гэсэн асуулт гарна. Авлигын хөрс суурийг бэхжүүлсэн, хэрэгждэггүй хууль, журмыг бид өнгөрсөн хугацаанд маш олныг гаргажээ. Өнөөдөр энэ алдааг засахын төлөө ажиллаж байна.

-Монголд хууль, дүрэм цөөдөөгүй. 830-аад хууль байдаг гэсэн. Хуульд захирагдаж амьдарна гэдгээ бид ер нь ойлгодоггүй юм шиг ээ?

-Тийм ээ, Авлигыг багасгах хүрээнд хийх ажлуудын нэг нь хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай. Хуулийн хэрэгжилтэд тавих хяналт сулаас хуулинд захирагдаж амьдарна гэдгээ бид ойлгохгүй л яваад байна. Ямар нэг асуудал тулгарлаа гэхэд хууль, дүрмээрээ шийдэхийн оронд танил талаа хайж, болохгүй бол шууд л авлига өгөхийг урьтал болгодог практик түгээмэл болсон.

Авлига, хахуульд эргэлдэж буй мөнгө ямагт зардал болж та бидний нуруун дээр ирдэг.Авлигачид хэзээ ч ханаж цаддаггүй. Хөгжлийн хамгийн аюултай дайсан бол авлига.Авлигатай маш хатуу тэмцэх шаардлага байна.

Өндөр албан тушаалтнуудын дэмжлэгтэй төр засгийн шийдвэрээр дамжуулж, авлига өгч санаснаа хийж чаддаг олигархи, бизнесийн бүлэглэлүүд Монголд бий болсон. Энэ бол маш аюултай.Энэ бол хорт хавдраас аюултай. Өнөөдөр хорт хавдрыг эрт оношилж чадвал эмчилж чадаж байна. Монголд бий болсон авлигыг монголчууд эрт оношилсон боловч харамсалтай нь эмчилж чадахгүй л яваад байна. Монголын авлигыг “ардчилсан авлига” гэдэг.Яагаад гэвэл манайд авлига ил тод болсон.

-Сүүлийн үед баяр наадам, зугаа цэнгэлд маш их мөнгө зарж, хандив шагнал өгөх болж. Авлига, хандив хоёрт ялгаа байна уу?

-Ялгаа байна. Өгч буй хандив бол татвар төлсний дараах орлого, ашгаасаа өгсөн байх ёстой. Олсон гэж мэдүүлсэн орлогоосоо олон дахин давсан зарлагатай хүмүүс маш олон болсон. Үүнийг зарим оронд гэмт хэргийн нотлох баримт гэж үздэг. Манайд энэ асуудал анхаарлын гадна байна. Татвар төлсний дараах орлогоосоо авлигад өгөх нь бага. Харин татвар төлдөггүй хүмүүс далд эдийн засгаас олсон мөнгийг авлигад хамаагүй цацдаг нь үнэн.

Их хандив өгсөн хүмүүсийн эх үүсвэрийг шалгах хэрэгтэй.Юунд зарсныг нь хянаж үзэх хэрэгтэй. Өнөөдөр Монголын эдийн засгийг авлига боомилж хөгжүүлэхгүй байна. Эдийн засгаар баталгаажаагүй ардчилал, ардчилал биш.Төгс сайн ардчиллыг мөнгө, санхүүгээр удирдана.

-Сүүлийн үед дээд түвшнээсээ илүү дунд доод түвшинд авлига улам ихэсч байгаа гэж ярих юм. Энэ талаар таны бодол санаа юу байна?

-Байгууллагуудын дунд түвшний дарга нар авлига их авдаг мэдээлэл байгаа. Энэ үнэн байж болно. Энэ асуудлыг хоёр янзаар тайлбарлаж болох юм. Нэгт дарга нар баг бүрдүүлэх нэрээр өөрийн хамсаатнуудыг ажилд авч тэд нараар хулгай хийлгэдэг болж. Өөрөөр хэлбэл, арга нь нарийсч байна гэж хэлж болно. Хоёрт мөнгө төлж ажилд орсон хүмүүс шархаа нөхөхийн тулд улаан цагаандаа гарч байна гэж ойлгож болохоор байна.

-Авлигыг захиалагч дарга нар нь сугараад үлдчихээд дараагийн дугуйг олж тавиад ажлаа үргэлжлүүлээд байна гэж ойлгож болох уу?

-Ажилтнууд нь авлига аваад баригдвал удирдлага нь хамт хариуцлага хүлээдэг байхаар хуульчлах нь зүйтэй. Авлига улс орны аюулгүй байдлыг алдагдуулдаг. Авлигатай тэмцэх нь хөгжлийн төлөө хийж буй тэмцэл.

Авлига бол нийгмийн сайн сайхан байдалд заналхийлээд зогсохгүй улс гүрэн оршин байхын баталгааг үгүй хийж чадах хамгийн аюултай зүйлийн нэг. Хөгжингүй орнуудаас ялгаатай нь хөгжиж буй орнуудад авлига өндөр байдаг судалгаа байдаг. Авлигыг үл тэвчих, уур амьсгалыг нийгэм даяар бий болгож, бүх шатанд хэрэгжүүлж, хууль дүрмээ сахиж байж л амжилтад хүрсэн байдаг. Үнэнч шудрага хүмүүс, авлигачаа ялгаж чадахаа больсон үед төр мөхдөг. Бид өнгөрсөн хугацаанд авлигачаа ялгаж чадахаа байтал доройтсон.

-АТГ-ыг бэлгэдэл, тэд авлигалтай жинхэнэ утгаар нь тэмцэж чаддаггүй, хааяа нэг жараахай барьсан болчихоод том ажил хийсэн болж харагддаг. Яагаад тэд авлигатай тэмцэж чадахгүй байна гэвэл авлигачид тэднийг томилдог гэж ярьдаг.Энэ үнэн үү?

-Би тэгж бодохгүй байна.Авлигатай тэмцэх газар ажиллаж, зохих үр дүнд хүрч байгаа. Авлигын гэмт хэргийн улмаас Монголын эдийн засагт 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсныг АТГ-аас шалгаж тогтоосон байсан. Энэ бол манай улсын хувьд маш том мөнгө. 2022 оны Монгол Улсын төсвийн орлого 15.0 орчим их наяд төгрөг гээд боддоо. Авлигаас учирсан хохирол Төсвийн орлогын 80 хувьтай тэнцэж байна. Ийм байхад бид хөгжил дэвшил яриад утгагүй болчихож байгаа юм. Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл авсан, төлөөгүй, хулгайд алдагдсан 1.7 их наяд төгрөгийн асуудлыг шалгах ажлын хүрээнд АТГ-аас 61 хүнийг яллагдагчаар татаж, өнөөдрийн байдлаар 600-гаад тэрбум төгрөгийг төлүүлээд байна. Энэ оны эцэст 1.0 их наяд төгрөгийг төлүүлэхээр холбогдох газруудтай хамтарч ажиллаж байгаа юм билээ. Манайд авлигатай тэмцэх эрх зүйн орчинг улам чамбайруулж, авлигатай тэмцэх ажлыг сайжруулах шардлага байна. “Бүтээлч хүнд цалин өг, ёс зүйтэй хүнд албан тушаал өг” гэж ухаантай ард түмэн ярьдаг.

-Авлигатай тэмцэхэд эрх баригч намуудын улс төрийн хүсэл,зориг ихээхэн үүрэгтэй гэж ойлгож байна.Энэ талаар?

-Тийм ээ, эрх барьж буй намууд мөрийн хөтөлбөртэй тусган, үр дүнтэй ажиллах үүрэгтэй. Тэгж байж ард түмний итгэлийг хүлээнэ. Монголд байгаа авлигыг дээрээсээ эхтэй гэдэг. Өнгөрсөн 30 жилд хамгийн их ардчилал, шудрага ёс ярьж, ард түмний итгэл хүлээж Монгол төрийн өндөр албан тушаал хашсан зарим нэг хүмүүс шудрага бус байдлыг өөгшүүлж, хулгай хийх боломж олгож, хулгайд хамтарч оролцсон байж болзошгүй байгаад харамсаад баршгүй. Хүний ярьж, хэлж байсан үг үйлдэл бүхэн үлддэг. Өндөр алба хашиж байхдаа хулгай хийсэн зарим хүмүүстэй Монголын төр хариуцлага тооцож чадахгүй л байна. “Бээлийтэй муур хулгана барьдаггүй”гэдэг. Монголд болсон хулгай, луйвар болгоны цаана төрийн өндөр албан тушаалтанууд,түүнийг тойрсон том хэмжээний авилга бий.

“Төрийн хэрэг бага ч их, гэрийн хэрэг их ч бага” гэж хэлдэг. Монголын төр авлигатай тэмцэх ажилд ойлгомжтой засаглаж чадахгүй л байна. Засаглалаа ойлгомжтой болгох хэрэгтэй. Авилигатай тэмцэх чиглэлд бид бусдаас хол хоцорсон. Иймээс бид илүү зохион байгуулалттай хэлбэрт орж байж гүйцэнэ. Монголын авлигал улам өндрөө авсаар л байна. Аливаа зүйл өндрөөс илүү хүчтэй унадаг гэдэг.

-Олон улсын хэмжээнд хэмжээнд авлигын индекс буурахгүй байгаа талаар мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна лээ, энэ талаар таны бодол?

-Тийм ээ, Транспаренси Интернэйшнл байгууллагын гаргасан “Corruption Perception lndex” судалгаагаар дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь авбал зохих 100 онооноос 50 иас доош оноо авсан нь дэлхийн хэмжээнд авилгын асуудал ноцтой түвшинд байгааг харуулж байна гэж тэмдэглэсэн байсан.

Авлига ихсэх шалтгааныг олон улсад хэд хэдэн зүйлстэй холбоотой гэж тооцдог. Юуны өмнө цалин бага учраас төрийн албан хаагчид авлига авдаг гэж үздэг. Угаасаа өлөн, хомхой, шунахай хүмүүсийн шуналыг давах цалингийн тогтолцоо энэ дэлхийд байхгүй. Дараагийн нэг гол шалтгааныг ажилд орох боломж хомс байгаагаар тайлбарладаг. Өндөр боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай ёс зүйтэй, чадварлаг, санаачлагатай хүмүүс, ялангуа залууст танил талгүй бол мэргэжлээрээ төрийн албанд орох,албан тушаал ахиж дэвших, удирдах албан тушаалд ажиллах боломж үндсэндээ хязгаарлагдмал.

-Ажилд ороход мөнгө төлдөг гэсэн яриа их байх юм. Энэ талаар ямар мэдээлэл байна?

-Улсын томоохон байгуулагуудад ажилд орох, шилжилт хөдөлгөөн хийх, албан тушаал дэвшихэд мөнгө төлдөг гэсэн яриа гараад олон жил болж байна. Хүмүүс яриад л байх боловч түүнийг зогсоох арга хэмжээ авахыг үе үеийн эрх баригчид, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнаас шаардахгүй байгаа нь харамсалтай.Авлига авсан ажилтныг төрийн албанд бүрмөсөн ажиллахгүй нөхцөлтэйгөөр халах, хорих ял оноох хатуу заалттай байж авилга буурна.

Авлига авсан хүний хувьд төрийн болон улс төрийн албаны хаалга үүрд хаалттай байх ёстой байтал ял шийтгэлгүй үлдээд байгаад л олон түмэн зэвүүцээд байгаа юм. Нийгэмд шударга ёсыг тогтоож байж л авлигыг таслан зогсооно.

-Авлигыг таслан зогсоох тал дээр бид хэр эв нэгдэлтэй байдаг юм бол?

-Монголчууд авлигыг ил тод шүүмжилдэг ч авлигыг таслан зогсоох тал дээр эв нэгдэлтэй байж чаддаггүй. Нийгмээрээ тэдэнтэй нэгдэн тэмцэж, авлига өгөх, авахыг үл тэвчих уур амьсгалыг улс орон даяар өрнүүлж, авлигачдыг гишгэх газар, хаших алба байхгүй болгох ёстой.

Авлига нь өгсөн, авсан хоёр хүнийг багтаана. Ажлаа амжуулахын тулд хэнд ч авлига өгөхгүй байх ухамсрыг хүн бүрт төлөвшүүлбэл олон нийт авлигын эсрэг нэгдэж, авлигачид авлига нэхэх, авах боломжгүй болно. Төрийн албанд авлига авах, өгөх боломжгүй болсноор авлигачид, цүнх баригчид төрөөс холдох учиртай. “Зөв зүйлийг зүүний сүвээр ч авч гар” гэдэг. Авлигатай тэмцэхэд бидэнд ухрах газар байхгүй.

-Улс төрийн намуудаас эхлэлтэй авлигын асуудал яригддаг. Намууд авилгыг өөгшүүлсэн ажил их хийдэг гэсэн яриа бий?

-Улс төрийн бүх шатны сонгууль, намын санхүүжилтийг ил тод болгож, улс төрчид сонгуульд зарцуулсан мөнгөө авлига, албан тушаалаа ашиглаж олж авах бүх гарцыг хаах ёстой. Хаахын тулд мөнгөгүй ч мэдлэг боловсролтой, улс орноо зөв чиглүүлээд явж чадах, мэдлэг боловсрол, хувь хүний төлөвшил, эх орны эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж чадах хүмүүсийг шударгаар өрсөлдөх боломжтой болгох шаардлагатай.

-Төрийн худалдан авалтыг тойрсон авлига их байдаг гэдэг. Энэ талаар?

-Авлигатай тэмцэхийн тулд төрийн худалдан авалт, тендер, тусгай зөвшөөрөл буюу лиценз, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр, хэлцэл, албан тушаалын томилгоо, баялгийн эзэмшил, ашиглалт, баялгийн дахин хуваарилалт, төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хангахад онцгой анхаарвал зохино.

Үйл ажиллагааны ил тод бус байдал авлигачид үүрлэх хөрсийг бий болгож байна. Улс төрийн намууд намын хандивыг олон нийт, аж ахуйн нэгжээр дамжуулан авч түүнийгээ нууцалдаг нь авлигыг өөгшүүлэхэд нөлөөлдөг. Авлига нэмэгдэхэд төрийн албаны хариуцлагагүй байдал нөлөөлөөд байгаа нь үнэн. Өрсөлдөөн шударга бус байх нь авлигыг өдөөх бас нэг хэрэгсэл болдог. Төрөөс зарласан тендерт хэдхэн компани ялаад байдаг нь тэдгээр нь сайндаа биш, улс төрийн нөлөө орсных юм. Улс орны хөгжил дэвшлийн төлөө авлигын дээрх шалтгааныг арилгахаас өөр гарц байхгүй. Монгол Улс хөгжье гэвэл юуны өмнө авлигаас салах хэрэгтэй.Авлига бол холгодог гуталтай адил. Бид өнгөрсөн 30 жилд холгодог гутал өмссөөр түүндээ дасчихаж.Холгодог гутлыг тайлж хаях хэрэгтэй.

Авлига бол тусгаар тогтнол, хөгжлийн эсрэг гэмт хэрэг.

Авлига, луйвар санхүүгийн мөр үлдээдэг. Тэр мөр нь манайд хөгжлийн хоцрогдол, ядуурал, гэмт хэргийн өсөлт, иргэдээс төр засагтаа итгэх итгэлийн бууралт,оюуны хоосрол гэх мэт олон зүйлээр илэрч байна. Авлига ихэсвэл улс төр улам зэрлэгшдэг гэдэг.Ийм шинж тэмдэг сүүлийн үед ажиглагдаад байгаа. Монголд авлигаас болж алдагдсан боломж, учирсан хохирлыг тооцож үзэх хэрэгтэй.

-Олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар манай авлигын индекс өндөр түвшинд байгаа. Авлига өндөр байх нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг судалгаа байдаг. Таныг саналаа хэлэхийг хүсч байна?

-Дэлхийн 180-аад орныг хамарсан 100 оноогоор тооцсон 2021 оны авлигын судалгаагаар Дани улс 88 буюу авлигын түвшин хамгийн бага орноор шалгарсан байдаг. Манай улсын хувьд 35 оноотой 110 дугаар байранд жагссан байна. “Global lnsite” байгууллагаас гаргасан үнэлгээгээр манай авлигын түвшин 12 оноогоор буурсан нь бизнес эрхлэхэд авлигын эрсдэлийг бууруулж чадаагүй гэсэн шалтгаантай.Манай Улсын хувьд авлигын индекс нэг хувиар өсөхөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 0.29 хувиар буурна гэсэн судалгаа гарсан байдаг. Мэдээж эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг нь авилга мөн. НҮБ Афганистан дахь авлигын хохиролыг ойролцоогоор 3.9 тэрбум доллар гэж тооцсон бол, Transparency International байгууллагын мэдээлснээр Индонезийн удирдагч асан Сухарто 15 тэрбум ам.доллар шамшигдуулж,Филиппиний Фердинанд Маркос таван тэрбум доллар улсаасаа хулгайлсан гэж мэдээлсэн.

Манай авлигачид улсаасаа хэдийг хулгайлж шамшигдуулсныг тооцож гаргах шаардлагатай. Монголд авлигаас болж алдагдсан боломж, учирсан хохирлыг тооцож үзэх хэрэгтэй. Авлигаар улсаа худалдахад бэлэн хүмүүсийг төрөөс хол байлгахад анхаарах хэрэгтэй байна. “Буруу харсан нүхэнд нарны гэрэл тусдаггүй гэж” монголчууд ярьдаг. Авлигатай хатуу тэмцэж үр дүнд хүрэхгүй бол манайд сайн сайхан зүйл ирэхгүй, гэрэл тусахгүй. Авлигачдыг эс цээрлүүлбээс улс мөхөж болзошгүй.

-Дэлхийн хэмжээнд хөгжиж буй, буурай хөгжилтэй орнуудад авилга их байгаа юм байна. Авлига, далд эдийн засаг гэх асуудлууд хоорондоо ямар холбоотой байх вэ?

-Дэлхийн банкны судалгаагаар хөгжиж буй орнуудад жил бүр нэг тэрбум долларын авлига өгдөг гэсэн байна. Хөгжингүй орнуудад хөгжлөө дагаад авлига өөр өөр хэлбэртэй. Улс төрийн авлига дэд бүтцийн томоохон төслүүдэд их байдаг.

Авлига, далд эдийн засаг хоёр хүйн холбоотой. Авлига ихтэй газар далд эдийн засгийн түвшин өндөр байдаг. Хуулийн хэрэгжилт сул байх тусам далд эдийн засаг, авлига цэцэглэн хөгждөг ажээ. Харин авлигын түвшин өндөр байх тусам нэг хүнд ногдох ДНБ-ээр хэмжигдэх эдийн засгийн хөгжил дорой байна.

2022 оны эхний хагасын мэдээгээр Дани, Шинэ Зеланд, Финланд, Сингапур, Швед улсууд дэлхийн хамгийн бага авлигатай улсууд гэж тооцогдог. Хамгийн их авлигад автсан улсууд нь Сири, Сомали Өмнөд Судан улс гэх мэт улсууд байна гэж мэдээлж байна.Эдгээр улсуудад эдийн засагт нь өсөлт байдаггүй, гадаад өр зээл, ядуурал ихтэй, инфляци өндөр, мөнгөн тэмдэгт нь цаас болчихсон, хуулийн хэрэгжилт хангалтгүй, авилгал буурдаггүй, эв нэгдэлгүй,улс төр нь түгшүүртэй байдаг учраас “Баасны нүх” гэж нэрлэдэг.Бид баасны нүхний ангилалд орчихгүй юм сан. Авлигал гэдэгт маш олон асуудлууд хамаарна.Энэ хамаарлаар тооцвол бид авлига ихтэйд орно.

-Зарим мэдээлийн хэрэгслээр хэвлэлээр шантааж хийж мөнгө олдог гэдэг яриа байдаг.Энэ авлигад орох уу?

-(Инээв) Би бүхнийг мэдэгч биш л дээ, гэхдээ мэдэж байгаагаа хариулъя.Асуудлыг санаатай зориудаар үүсгээд түүнийгээ хэвлэл мэдээлэл, сошилоор сэвж тараан, нэр хүндийг нь унагах замаар мөнгө олохыг шантааж гэдэг.Авлигажсан нийгэмд шантаж бол баялаг. Шантаажид орж мөнгө төлж байгаа бол тэр хүнд асуудал байна л гэсэн үг. Яг энэ асуудлыг АТГ, холбогдох хүчний байгууллагууд анхаарч ажиллах сэдэв мөн.

-Авлигатай тэмцэх олон арга байдаг байх. Тантай санал солилцъё?

-Авлигаас ангижрах олон арга байдаг ч хамгийн түрүүнд төрийн байгууллагад хүнд суртлыг арилгах нь илүү үр дүнтэй байх болно.Төрийн албан хаагчид шуурхай үйлчилж, хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд хуулиа сайтар ойлгуулж, энгийн үйл ажиллагааг цахимжуулж, хүнээс хамаарах хамааралыг багасгах боломж байна. Авлига багасаж байгааг илтгэх үзүүлэлтүүдийн нэг бол шийдвэр хурдан гардаг гэж үздэг. Зарим судалгаанаас харахад төрийн агентлагуудыг цөөлж, заримыг нь нэгтгэх,орон тоог цомхон,оновчтой болговол зардал хэмнэхээс гадна авлигыг бууруулдаг ажээ.

Хоёрдугаарт, улс төрийн сонгуулиудын үйл ажиллагааг ил тод болгож, авлигачдыг төрөөс ангид байлгах, албан тушаалд томилогдох,үлдэхийн тулд мөнгө төлдгийг халах ёстой. Иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлж, хэнд саналаа өгч болохыг ойлгуулж чадвал тэд илүү зөв сонголт хийж, зөв шийдвэр гаргах боломжтой. Ингэснээр авлигаас ангид байж чадах сайн засаглалыг бий болгоно.

Гуравдугаарт, иргэдийн боловсролыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой. Иргэд өөрсдөө төрөө барих хүмүүсийг сонгохдоо тухайн хүн албан тушаал хашиж байхдаа юу хийж байсан талаар өргөн ойлголттой байх ёстой. Хөгжиж буй орнуудын иргэдэд улс төрийн эрхийг нь ойлгуулах нь авлигыг бууруулах гол түлхүүр гэж үздэг. Төсвийн мөнгийг хулгайлсан, шамшигдуулсан хүмүүсийн талаар иргэдэд мэдээлэл өгснөөр авлигачдад төрд ажиллах боломж бүрмөсөн хаагдана.

Дөрөвдүгээрт, авлигыг бууруулах нь биелэх боломжтой зорилт. Энэхүү ажлыг цаг алдалгүй эхлүүлж, төрийн байгууллагуудыг авлигын индексээр жагсааж, томилгоог оновчтой болгох ёстой. Иргэдэд зөв мэдээллийг хүргэж, зөв шийдвэр гаргахад туслах нь авлигыг бууруулах үндсэн нөхцөл юм.

-Авлигатай тэмцэж амжилтад хүрсэн бусад орнуудын туршлага юу байна. Бид авч хэрэгжүүлэх ямар асуудлууд байж болох вэ?

-Авлигатай тэмцэж хөгжлийн өндөр түвшинд хүрсэн Сингапурын туршлага дэлхийд өндөр үнэлэгддэг. Сингапурын хөгжлийн олон нууцын нэг бол авлигатай шийдвэртэй тэмцэж, авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгэмд бий болгож,хуулийн дор хүн бүр тэгш амьдрах боломжийг бий болгосонд байгаа юм.

Сингапурт хөгжлийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн олон ажлуудын нэг нь сонгуулийн ажилд мөнгө хэрэглэхгүй байх арга замыг олж чадсан.Сонгуульд мөнгө зарахгүй, мөнгөнөөс ангид сонгууль явуулснаар үнэнч шудрага парламент,засгийн газартай болж чадсан.Манайд сонгуульд их хэмжээний мөнгө зараад зогсохгүй,улс төрийн намуудад авсан суудлын тоогоор мөнгө олгодог буруу жишиг үргэлжилсээр байгаа нь харамсалтай.Манай төсөв сүүлийн 30 жилд жил бүр алдагдалтай батлагддаг.2022 онд 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан нь ДНБ ны 5.1 хувь,төсвийн орлоготой нь харьцуулбал 13 орчим хувь болж байгаа.Алдагдалтай төсвөөс намуудад мөнгө хувиарлах нь ирээдүйд өр тавьж,ирээдүйгээс хулгай хийж байгаагаас ялгаагүй.

Авлигатай тэмцэхийн тулд бид юу хийх вэ?

“Нохой хуцсан ч парад үргэлжилнэ” гэдэг шиг бид авилгатай тэмцэнэ гэж их ярьдаг боловч авлига үргэлжилсээр л байна. Монгол Улсын хөгжлийг чөдөрлөгч авлигыг бууруулахын тулд сайн хууль тогтоомж, хүчтэй авлигатай тэмцэх байгууллагаас гадна хуулийн зөв хэрэгжилт, эрх баригчдын улс төрийн хүсэл зориг, иргэдийн эв нэгдэл юунаас ч илүү үүрэгтэй. Авлигачдыг шүүмжлээд зогсохгүй, тэдэнтэй тэмцэхэд төр, хувийн хэвшил, иргэд нэгдэх хэрэгтэй байна.

Авлигатай тэмцэх болон шүүх, прокурорын байгууллага, түүнд ажиллагсдын чадавхыг бэхжүүлж, олон улсын түвшинд хүргэх, мэдээлэл авах, илчилсэн мэдээлэл өгсөн хүнийг хамгаалах, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг шинэ шатанд гаргах шаардлага байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдад оногдуулах хариуцлагыг чангатгаж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг шийдвэрлэхтэй холбогдох харилцаа, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дижитал технологи ашиглаж нэмэгдүүлэх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, стандартыг тогтоон мөрдүүлэх хэрэгтэй. “Төрийг идэх өт түшмэд дундаас гарна” гэж үг байдаг. Авлигачдад боломж бүү олго гэж хэлье дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *