Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Тайванийн гурвалжин” DNN.mn

Тайванийн арлыг дайрсан гурвалжин буюу АНУ,БНХАУ, Тайванийн арлын хооронд болж буй сөргөлдөөний цаад нарийн учир нь ийм юм.

Австралийн нэгэн арлын нэгээхэн хэсэг газар яг хууль, журмын дагуу Хятадын мэдлийнх болчихсон нь асуудал эхлэх цэг болов. Гайхаж балмагдсан австраличууд цааш нь “ухаад” үзсэн чинь төр, засагт нь хүртэл Хятадын төлөөлөл ороод суучихсан байх нь тэр. Ингээд жинхэнэ ёсоор түгшүүр зарлагдав. Дэлхийн худалдааны 80 хувийг хангадаг худалдааны далайн зам англи-саксончуудын мэдэлд байгаа мэт харагдавч дээгүүр нь тээвэр хийж буй онгоцнуудын 80 хувь Хятадын мэдлийнх болчихсон байх нь тэр. Энэ нь тээврийн хөлөг өөр улсын далбаатай явж байгаа ч онгоцны эзэн нь хятад хүн гэсэн үг. Хятадууд Африк, Ази бүр Европын зарим улсуудад хөрөнгө оруулж, төлөгдөх магадлал маш бага зээлээр өрийн сүлжээ үүсгэсэн нь бас тодорхой болов. Эдийн засгийн арга буюу хятадын “зөөлөн бодлого” хэрэгжсэн гэсэн үг. Ингээд австраличууд хуулиа өөрчлөн арлаа буцаан авч, улс төрөөс Хятадын төлөөллийг шахан гаргаж Хятад улсад эдийн засгийн дайн зарлав.Монголын нүүрс “хаданд гарч”, оросууд хятадуудад зориулан шинэ уурхай ашиглалтад оруулав.

Хятадын эсрэг эхлүүлсэн Австралийн эдийн засгийн дайнд англи-саксончууд болох АНУ, Канад нэгдэв. Асуудал иймдээ тулсан тул Австралиас гадна Англи, АНУ, Канад, Шинэ Зеланд гэсэн англи-саксончуудын “бүлэг” Европын холбоонд асуудал тавих гэтэл Герман, Франц, Итали гээд Европын голлох улсын олон улс төрч Кремлийн мөнгөтэй холбогдчихсон нь тодорхой болов. Путины найдвартай түншүүд болчихсон гэсэн үг.

Ингээд Европын Холбооноос Англи улс гарч англи-саксончууд нэг талдаа гарч авав.

Оросууд Гүрж, Молдавын газар нутгаас булаан авч жийрэг бүс болгон өөрийн төлөөллийг Украин, Беларусь, Казахстан, Киргиз, Арменд засгийн эрхэд гарган шинэ ЗХУ байгуулах гэж буй нь тодорхой болсон төдийгүй оросууд яваандаа Европын холбоо болон НАТО-гийн газар нутагт өнгөлзөх нь ойлгомжтой байв.

Хятадууд ч зүгээр байсангүй, тус улсаас далайд гарах хамгийн дөт зам болох Мяньмарын ардчилсан төр, засгийг авч хаян цэргийн эргэлт хийлгэв. Хятадууд бас Пакистан, Афганистанд ч нөлөөгөө бэхжүүлчихэв.Энэ нь англи-саксончуудаас гадна Энэтхэгийн дургүйг хүргэв. Хариуд нь Номхон далайг хариуцсан АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн цэргийн эвсэл шинээр байгуулагдав. Асуудал ил гарч эхлэв.

Англи-саксончууд даварсан хятадуудтай “хариуцлага тооцох” гэтэл ОХУ хятадуудтай нийлнэ гэдэг нь тодорхой байв. Харин хятадууд хятад хүн учраас оросуудтай нийлэхгүй. Ийнхүү Путины армийг “амьд сүг” болгох зайлшгүй шаардлага үүсч Украины Оросын талын төр, засгийг эсэргүүцсэн “Евромайдан-14” гэх иргэдийн гудамжны эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж Оросын төлөөний ерөнхийлөгч Украинаас хам хум зугтан гарч орос эзнийхээ ивээлд очив.Уурлаж бухимдсан В.Путин Украинаас Крымыг салган өөрийн улсад нэгтгэж, Донбассын бүсэд нь дайн эхлүүлэв. АНУ цэргийн хүчээ төвлөрүүлэхийн тулд Исламын ертөнцөөс буюу Афганистанаас цэргээ шууд татав.

Путин Украинд довтолсноор Орос өөрийгөө дэлхийн хоёр дахь армитай гэж сурталддаг нь огт худал болох нь нотлогдож дэлхийд 28-д эрэмбэлэгддэг Украины армид ялагдах нь ойлгомжтой болов.Путин Украиныг денацификаци буюу үндсэрхэг үзэлтэй фашистуудаас нь салгана гэж дайн эхлүүлсэн ч дэлхий нийтийн өмнө Оросын хуурамч багийг хуу татан хаяж, өөрийнхөө фашист төрхийг ил болгон дэлхийд гав ганцаараа үлдэв.Товчоор Оросын арми “амьд сүг” болоход тун ойртож англи-саксончууд хятадуудтай хариуцлага тооцоход саад болох зүйлгүй болж байна гэсэн үг. Гэхдээ Орос, Ираны асуудал нэг талдаа гараагүй байхад АНУ хятадтай дайтахгүй.

Хятад улсын үйлдвэр барууны улсуудаас худалдан авдаг патентууд дээр тогтдог. Мөнгө нь буюу худалдаа нь далайн замаас шууд хамаардаг. Энэ хоёроо алдвал Хятадын эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэдийнх нь амьдрал шууд дордоно. Хятад иргэд хэнээр удирдуулж байгаагаа огт тоодоггүй түүхэн уламжлалтай.Харин амьдрал нь доройтонгуут шууд босдог онцлогтой. Иймээс хятад иргэд шиг олон бослого гаргаж байсан нэг ч улс, үндэстэн байхгүй. Энэ бол Хятадын төр, засаг англи-саксончуудтай байлдахгүй байх нэг гол шалтгаан. Нөгөө нэг гол шалтгаан нь цэргийн хүч. Иймээс Хятад АНУ-тай байлдахгүй.

Цөмийн бөмбөгний хувьд АНУ, Англи хоёр тэдний талд буй улсын эсрэг цөмийн бөмбөг хэрэглэх шинж тэмдэг мэдэгдвэл шууд эхлэн цохилт өгнө гэдгээ ил тод мэдэгдэж хиймэл дагуулаас газрын хөрсийг нэвтэлж авсан Хойд Солонгосын удирдлагын цөмийн бөмбөгнөөс хоргодох байрны фото зургийг дэлхий нийтэд дэлгэн харуулсан. Энэ нь Орос, Хятадын удирдлагыг ч хаана, юунд нуугдахыг мэддэг гэдгээ батлан харуулж буй явдал. Яг үнэндээ японы хоёр хотыг цөмийн бөмбөг хэрхэн үнсэн товрог болгосныг байнга харуулаад байдаг нь ултөрчдийг цөмийн дайн гаргуулахгүй гэсэн арга.Японд байнга газар хөдөлдгөөс хүмүүс нь мод, цаасаар хийсэн байшинд амьдардаг байсан учир тэнд 1945 онд ийм аймаар сүйрэл болсон хэрэг. Орчин үеийн цемент цутгаж барьсан хот харин огт өөр зүйл. Иймээс цөмийн бөмбөгтөө тулбал асуудал бүр ч хурдан шийдэгдэнэ гэсэн үг. Харин эвдэрч сүйрсэн АЦС тактикийн цөмийн бөмбөгнөөс илүү аюултай нь үнэн.

Эцэст нь сануулахад, манай хоёр хөрш хоёулаа хүчтэй байхад монголчууд бидэнд ашигтай байсан уламжлалт нөхцөл, байдал энэ хоёр гүрний маш хурдацтай явагдаж буй өнөөдрийн ганцаардалт, маргаашийн бууралт, бутралтаар солигдож байгааг бид зөв ойлгох хэрэгтэй байна. Энэ бол Жо Байден АНУ-ын ерөнхийлөгч болонгуутаа “Орос бидний гол дайсан. Хятад бидний гол өрсөлдөгч. Иймээс бид энэ хоёр улсыг ганцаардуулах бодлого явуулах болно” гэж хэлж байсан ньбиелэгдэж байна гэсэн үг. Шуудхан хэлэхэд, ардчилсан улсуудын ачаар хоёр хөршийн битүү бүслэлтээс монголчууд бид гарч, жинхэнэ ёсоор хөгжих боломж олдож магадгүй байгаа төдийгүй урд, хойд хөршийн монгол үндэстэнд бусдын эрхшээлээс гарах түүхэн алтан боломж бас бий болж байна гэсэн үг. Ерөөс энэ дайны дараа дарангуйлал социализм шиг системийн хувьд устаж ардчилал ч сайн тал руугаа өөрчлөгдөх нь тодорхой. Бас улс болгон хэл,соёлоороо нэгдэж хагарал, тэмцлийн гол шалтгаан устах боломж бүрдэх нь тодорхой. Энэ нь монголчууд өвөг дээдсийнхээ газар нутгийг буцаан авч ядаж л далайд гарцтай болно гэсэн үг. Өнөөгийн монголчууд ардчилсан улсын иргэд. Энэ нь орос, хятад хоёр хуйвалдааны аргаар монголчуудаас монголчуудтай нь хамт хүчээр булаагаад авчихсан газар нутгийг нь ардчилсан монголчуудад эргүүлэн өгөх асуудлыг ардчилсан улсууд зөвшөөрч бас дэмжих өндөр магадлалтай гэсэн үг.

Ирээдүйн Оросын нам, төр, засгийнхан өнөөдөр гадаад улсуудад ажиллаж, амьдарч байгаа бол харин Тайванийн намууд болон ардчилсан тогтолцоо нь Бээжинд шууд буцаан авчирч суулгах бэлэн хүч юм. Иймээс АНУ тэргүүтэй англи-саксончууд Тайванийг хамгаалж, Бээжинг бут ниргэх гэж хичээсээр байх болно.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *