Автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 26 техникийн хяналтын төвүүдэд долоодугаар сарын 25-ны байдлаар 398,245 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8699 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Үүнээс:
- Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр – 8259
- Тоормос – 4639
- Жолооны механизмаар – 3954
- Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй – 3148
- Экологийн үзүүлэлтээр – 3357 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна.
Эдгээр тээврийн хэрэгслүүдэд нэг сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгдөг.
Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж байгаа аж.
Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой.
Иргэн та тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй бол техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа идэвхтэй оролцож, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, үзлэг, оношлогоондоо хамрагдахыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас уриалж байна.