Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан” Дэлхий дахинд омикроны ВА4, ВА5 хувилбарын давлагаа явагдаж байна. Япон улсад хоногт 180 мянган тохиолдол илэрч байгаа бол БНСУ-д хоногт илрэх тохиолдлын тоо 100 мянгыг давсан байна. Харин манай улсад ВА4, ВА5 хувилбарын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. ХӨСҮТ-өөс зургаа, долоодугаар сард сорьцод шинжилгээ хийж үзэхэд BA.5 дэд хувилбар манай улсад давамгайлж байна гэж гарсан. BA.5 хувилбарын нууц үе 2-4 хоног байна. Нийт халдвар авч байгаа хүмүүсийн дөрөвний гурав нь анх удаа халдвар авсан бол дөрөвний нэг нь давтан халдвар авсан байна. 18-39 насныхан бусад насны бүлгүүдтэй харьцуулахад 1.3 дахин халдварт өртөх эрсдэлтэй. BA.4 болон BA.5 хувилбарын эмнэл зүйн шинжийн хувьд хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, хамраас нус гоожих зэрэг шинж тэмдгүүд илүүтэй илэрч байна” гэв.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа” Омикроны ВА.4, ВА.5 хувилбар нь ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрч байна. Хөнгөн өвдөж байгаа иргэдийг гэрээр эмчилж байна. Харин жирэмсэн эх болон хүүхдүүдийг шаардлагатай тохиолдолд шууд хэвтүүлэн эмчлэх арга хэмжээг авч байгаа. Омикрон ВА.5 хувилбарын нууц үе харьцангуй богино байна. Мөн халдварлах хугацаа нь хагас өдөр байгаа нь халдвар хурдтай тархах эрсдэлийг үүсгэж буй. Иймд иргэд амны хаалтаа зүүж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах зэргээр арга хэмжээ авах шаардлагатай” гэлээ.