Цагдаагийн байгууллагад өнгөрсөн Мягмар гарагийн 13:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автобусны буудал дээрээс гар утсыг минь булаагаад зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс шалгахад 71 настай эмэгтэйгийн гар утсыг 46 настай эмэгтэй дээрэмдэж зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.
Иймд иргэд гудамж талбай олон нийтийн газраар авахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд:
1. Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
- 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
- 3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;
- 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.