Харь гаригийн хөрсний дээжийг тээвэрлэсэн анхны хөлөг 2033 онд дэлхийд газардах болсныг АНУ, Европын сансар судлалын байгууллагууд өчигдөр мэдээлжээ.
NASA-гийн Perseverance нэртэй робот станц одоо Ангараг гарагийн хөрснөөс дээж цуглуулж байгаа юм.
Олон тэрбум жилийн өмнө оршиж байсан эртний нуурын сав газраас уг дээжийг цуглуулж байна.
Хэрвээ авсан дээжээс бичил организмын ул мөр олдвол Ангараг гарагт өмнө нь амьдрал оршиж байсны баталгаа болох юм.
АНУ-ын NASA, Европын Сансрын Агентлаг хоёр Ангараг гарагаас нийт 30 хэсэг дээжийг дэлхийд авчрах Mars Sample Return хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.
2030 оноос өмнө дээж тээвэрлэх хэд хэдэн хөлгийг Ангарагт илгээх юм.
Одоогоор талууд хөлгийн дизайн боловсруулах үе шатаа дуусах дөхөж байгаа ажээ.
Хөлөгт тээвэрлэгдэх Mars Ascent Vehicle пуужин нь Ангарагийн гадаргаас буцаж сансарт хөөрсөн анхны техник болох юм. Цуглуулсан хөрсний дээжийг тээвэрлэсэн энэ пуужин 2031 онд Ангарагаас хөөрөхөөр болжээ.
Түүнийг Ангарагийн татах хүчнээс гармагц Earth Return Orbiter нэртэй хөлөг тус гарагийн тойрог замд дээжийг хүлээж аваад дэлхий рүү тээвэрлэх гэнэ.
Earth Return Orbiter дэлхийд ойртож ирснийхээ дараа Earth Entry Vehicle нэртэй газардагч станцыг өөрөөсөө салгаж, тойрог замд оруулах юм байна.
Ингээд Ангарагийн хөрсний дээжийг хадгалсан Earth Entry Vehicle станц 2033 онд дэлхийд газардах ажээ.
Эх сурвалж: CNN