Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хуульч Б.Агар-Эрдэнэ: Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар ашиглахыг таслан зогсоох, нийгмийн хэрэгцээ, шаардлага гарч байна DNN.mn

Хуульч, өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хэрэглээ гаарлаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Эхлээд “Хар тамхи” гэх ойлголтыг хэрхэн тодорхойлж байгаагаас шалтгаалж, үр дагавар өөр байдаг тул түүнийг бүрэн тодорхойлолтыг таньж мэдэх шаардлагатай. Монгол Улсын хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал, бэлдмэл, бодисыг “хар тамхи” гэж хэлж нэршсэн.

Энэхүү ойлголтыг Анагаахын болон Нийгмийн шинжлэх ухаанаар ялган тодорхойлсон байдаг. Эцсийн дүндээ эрх зүйн этгээдийн үйлдлийн шинж байдлыг нийтлэг хэмжигдэхүүнээс хэтрүүлэхгүй байхыг эрх зүйн зохицуулалтын чиг үүргийн хувьд нийгмийн шинжлэх ухаанд хар тамхийг тодорхойлохдоо мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисыг хэрэглэсэн этгээдийг зан үйлийн болон ёс суртахууны зөрчил рүү түлхэн, гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоог бий болгож, улмаар нийгэмд хор хохирол учруулах чадвар бүхий бодис, түүнийг агуулсан эм бэлдмэлийг хэлнэ гэж тодорхойлсон. Анагаахын шинжлэх ухаанд “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг нь тухайн бодисыг хэрэглэсэн хүн болон амьд организмын уураг тархи буюу төв мэдрэлийн системд дарангуйлал үүсгэн үйлчилж, мансуурал гэж нэрлэх сэтгэцийн тогтворгүй байдлыг үүсгэх нөлөөтэй эм бэлдмэл бодисуудыг хэлнэ гэж тодорхойлжээ. Иймээс хар тамхины хэрэглээ гэхээс илүүтэйгээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэвч хуулиар хориглосон байтал зах зээлийн эрэлт, нийлүүлэлт байгаа нь асуудал болж байна.

-Хуулиар зөвшөөрсөн эм тариа, бэлдмэл, бодис нь юу вэ?

-Байгалийн гаралтай, мөн нийлэгжүүлсэн бодисуудын хэрэглээнээс бий болох эрүүл мэндийн болон нийгмийн сөрөг үр дагаврыг нь харгалзан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болохыг нь тогтоож, хяналтаас гадуур хэрэглэхийг хориглож, тусгай жагсаалтад оруулсан бодис, эм бэлдмэлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж ойлгоно. Дээрхээс бусад тусгайлан эрүүл мэндийн салбар, судалгаа шинжилгээний ажилд зориулагдсан, хууль, эрх зүйн хэм хэмжээгээр зөвшөөрсөн, тусгай жагсаалтад оруулаагүй бодис, эм бэлдмэлийг зөвшөөрсөн эм тариа, бодист хамааруулан ойлгоно. Гагцхүү тусгай байгууллагын хяналт, эмчийн тодорхойлолт, ангаахын шинжлэх ухаанд хэрэглэгдэх үйл ажиллагааг зөвшөөрсөн.

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой харилцаа ямар хуулиар зохицуулагддаг юм вэ. Олны танил хүмүүс хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээд баригддаг ч удалгүй суллагддаг. Хууль нь тийм сул юм уу?

-Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай тогтсон нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис болон бусад бодис, эм бэлдмэл, түүний түүхий эдийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг гарч байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдлийн шалтгаант холбоо болон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоосон тохиолдолд түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Шүүхээс ял оноодог. Ял оноохдоо эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тусгай ангид заасан хариуцлагын арга хэмжээг авдаг. Энэ төрлийн буюу Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар зохицуулдаг. Тус зүйлд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тодорхойлсон байна. Энэ зүйл ангийн гол ойлголтуудын нэг нь “Худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” байхыг шаарддаг. Олны танил хүмүүс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн ч түүний хувийн байдлыг харгалзахгүйгээр ял оноож байгаа. Нийгэмд байдаг буруу ойлголтын нэг бол олны танил хүмүүс ял бага авч байна гэсэн ойлголт байдаг. Хуулиараа энэ төрлийн гэмт хэргийг худалдаалах зорилгогүй үйлдсэн гэж үзвэл зорчих эрх хязгаарлах, хорих ял оноох санкц нь 1-5 жил буюу тухайн хүний үйлдлийн шинж байдлаас шалтгаалж шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд, хуульд заасан сонгох боломжтой 1-5 жилийн хооронд л ял оноож байгаа. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг л шаарддаг.

-Эдгээр төрлийн бодисыг дамлах, худалдан борлуулах, тээвэрлэх зэрэг асуудалд холбогдсон хүмүүс ямар ял шийтгэлтэй байдаг вэ?

-Дээр дурдсанаар худалдан борлуулах зорилго агуулаагүй тохиолдолд 1-5 жилийн хариуцлагын асуудал яригдаж байсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т “Худалдаалах зорилго” агуулсан бол хариуцлагын арга хэмжээ хүндрэх байдлаар тодорхойлсон байна. Тус зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Харин энэ төрлийн гэмт хэргийг байнга тогтвортой, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр заасан байна.

-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Play time наадмын үеэр хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэх хүмүүсийн тоо олширлоо. Энэ жил ч олон хүн хэрэглээд баригджээ. Ер нь сүүлийн үед урлагийн тоглолтын үеэр ч хэрэглээд баригдлаа гэдэг болжээ. Иймэрхүү төрлийн арга хэмжээг хориглох ёстой юу?

-Мэдээж дахин давтагдаж байгаа газар орон, байр, үйл ажиллагаа, үйлчилгээ, арга хэмжээнд давхар хяналтыг тавих нь зүйтэй. Харин тэрхүү наадмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, зогсоох эрх зүйн үндэслэл тогтоогдох боломжгүй. Нэг үгээр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлж магадгүй буюу магадлалын үүднээс чөлөөт зах зээлд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, иргэдийн бизнес, нэгдлийн шинжтэй арга хэмжээг зогсоох боломжгүй. Гэмт хэрэг үйлдэгдэх нь тогтоогдсон тохиолдолд Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагын зүгээс хуульд заасан арга хэмжээг авч болно.

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн нас залуужиж байна. Олдоц их байна гэсэн үг үү?

-Нийлүүлэлттэй холбоотой нарийн мэдээллийг мэдэх, хянах, тогтоох боломжгүй. Энэ төрлийн гэмт хэрэг нь нууц, далд аргаар явагддагаас гадна нарийн зохион байгуулалттай явагддаг байж болзошгүй. Цагдаагийн байгууллагаас “Хар тамхины эсрэг” эрчимтэй ажил зохион байгуулж байгаа. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дамжлагатай авч байна. Мэдээж санхүүжилтийн асуудлыг илүү өргөсгөх хэрэгтэй. Өсвөр нас, залуучуудын дунд хэрэглээ ихсэж байгаа нь эрх зүйн ухамсар, хариуцлагыг мэдсээр байж гүйцэлдүүлэх шинжтэй, үл хайхарсан шинжтэй шууд хамааралтай. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэмжээг дээр дурдсан шүү дээ. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *