Мал ахуйн салбарын хувьд, энэ жил бүх нутгаар зуншлага харьцангуй сайн байгаа хэдий ч баруун таван аймгийн зуншлага оройтсонтой холбоотойгоор малын тарга сайнгүй байгаа тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлээ.
Тиймээс зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газрын тогтоол гарсан байна. Үүнтэй холбоотойгоор эрсдэл бүхий аймгуудад Шадар сайдаар ахлуулсан баг зудын эрсдэлийг тодорхойлох бөгөөд үүнд цаашид Засгийн газар анхааран арга хэмжээ авах аж.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр Ерөнхий сайд тодорхой үүрэг даалгавар өгчээ. Иймд Хүнс, хөдөө ахуй ахуйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг маргаашаас баруун таван аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зөвлөгөөн хийхээр төлөвлөж байгааг мэдээллээ.
Түүнчлэн тэрбээр “Энэ жил нийт 67.7 сая толгой мал тоологдсон бөгөөд нийт 24 сая толгой төл хүлээж авсан амжилттай байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нийт 91 сая толгой мал бэлчээрлэж байна. Энэ жил 24 сая толгой төл хүлээн авсан нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Мөн оны дундаж үетэй харьцуулахад малын зүй бус хорогдол 1.6 сая орчим байдаг бол энэ жил 118 мянган толгой болж буурсан. Үүнтэй холбоотойгоор малын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Мал эмнэлгийн ерөнхий газраас үе шаттай явуулж, гоц халдварт болон хорио цээрт өвчнүүдийн талаар арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна” гэв.