Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТАНАЙД ӨНЖЬЕ: Солонгос айлд өнжсөн тэмдэглэл DNN.mn

Баяр наадмын амралтын өдрүүдэд БНСУ-д томилолтоор яваад ирлээ. Сөүлийн баруун урд буланд орших Гёнги мужийн Ансан хотын айлд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Солонгос иргэдийн тухайд манайхаас өөр. Суурьшмал соёл иргэншилтэй учраас садан төрлийн хүмүүсийнхээрээ ч хонож өнжөөд яваад байдаггүй. Аав, ээжийнхээрээ Цагаан сар болон Ургацын баяраар л очиж уулздагийг сонсож байсан юм. Манайх шиг нэг, нэгнийхээрээ цаг тутам хэсэх зав тэдэнд байдаггүй. Цаг тутам л ажиллаж хөдөлмөрлөж байдаг улс л даа.

Томилолтын сүүлийн өдөр нисэх рүүгээ дөхөх санаа байсан ч Ансан хотыг зорьж монголд элэгтэй нэгэн айлд үдлэв. Метроны буудлаас айлын эзэн гэргийн хамт инээд алдан мэндчилж уулзлаа. Нөхөр нь машины зогсоол дээр байгаа гээд хоёр талдаа чемоданыг минь түрээд л хурдан хурдан алхлаа. Цаг эртэд далай үзүүлэхээр яарсан нь энэ ажээ. Гараад хөдлөхөд түгжрэл алга, зам нь сэлүүхэн. Харин бүгчим халуунд масктай явах нь төвөгтэй юм

Энэ зуурт хонох айлынхантайгаа танилцаж нүүр хагарлаа. Монгол хүн гэхлээр тэд ихэд сонирхож байгаа нь илт. БНСУ-д хэддэх удаагаа ирж байна вэ гэх асуултаар бидний яриа эхэллээ.

Энд үйлчилгээний байгууллагууд оройн 22:00 цаг гээд үүдээ хаах юм. Хүмүүс ч 22:00 цагтай уралдаж хоолоо идээд л гарч байх юм. Энэ нь эдийн засагт асар хор хохирол учруулж байгааг гэрийн эзэн онцолж байлаа. Бараа бүтээгдэхүүний үнэ ч тэнгэрт хаджээ.

Солонгос гэр бүл машиндаа Англи дуу сонсон явах нь анхаарал татлаа. Учрыг нь лавлавал эхнэр нь жил хагасын хугацаанд Шинэ Зенландад хэл сурсан гэнэ. Мартахгүйн тулд машиндаа англи дуу сонсож явдаг аж. Хүүхдийнхээ ч хэлний болосвсролыг дэмжих давхар ач холбогдолтойг онцолсон юм.

Энэ мэтийг хөөрөлдөх зуур далай дээгүүр тавьсан замаар жирийлгэсээр зорьсон газартаа ирэв. Ансан хотын томоохон бүтээн байгуулалтын нэг далайн амралтын газар долоон жилийн өмнө ашиглалтад оржээ. Нутгийн иргэд олноор цуглаад шувуу хооллох аж. Манайхны гандан орж тагтаа хооллодогтой тун төстэй юм. Өндөрлөгт гарч далай болон хотыг бүхэлд нь харах гэтэл цамхаг нь 10 минутын өмнө хаажээ. Өнөөх л цар тахлын нөлөөгөөр үйлчилгээний газрууд цаг яагаа ч үгүй байхад л үүдээ хаачихаж. Өндөрлөгт нь гарч чадаагүй ч далайн амралтын газарт нь зургаа даруулангаа кофе ууж хэсэг амсхийлээ.

Ансан хот үйлдвэрийн дүүрэг байж. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд аялал жуулчлал хөгжиж амралтын газар, орон сууцнууд олноор сүндэрлэснийг гэрийн эзэн онцолж байв. Товчхондоо тансаг зэрэглэлийн хот энд босож байна. Үүнтэй холбоотойгоор амьдрах өртөг нь ч нэмэгджээ. Зам зуурт ажиглахад бүтээн байгуулалт гэрлийн хурдаар цэцэглэж байгаа нь илт.

Төд удалгүй оройн хоолны захиалгын цаг дөхөж байгаа тул бид буцлаа. Эндхийн хоолны газруудын ачаалал их юм. Хаашаа ч харсан хоолны газрууд дүүрэн хүнтэй. Хоолоо авлаа л бол хурдхан идээд л суудлаа чөлөөлөх аж. Дараагийн хүн нь орж ирээд л гялс идээд гарна. Харин энд хүүхдүүд харагдсангүй. Мөн л ковидын нөхцөл байдалтай холбоотой гэнэ.

Оройн хоолоо түргэхэн идсэн бид гэрийн зүг хүлгийн жолоо залав. Булан тохой сүлжиж явсаар тэнгэр баганадсан өндөр орон сууцнуудын дунд ирлээ. Өнжих айл маань 47 давхарт гэнэ. Лифтээр нүд ирмэхийн зуурт л гараад ирэв.Гэрийн эзэн Ансан хотын дунд сургуулийн түүхийн багш Со Ги Нам. Харин эхнэр И Хён Сүн дүүргийнхээ цэцэрлэгүүдийг хариуцсан даргаар ажилладаг. Эхнэр нь Конкүкийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Эднийх хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ боловсролд онцгой анхаардаг нь илт харагдаж байлаа. Том хүү нь Со Жи Юн АНУ-д их сургуульд робот инженерчлэлийн чиглэлээр сурдаг бол бага хүү нь Со Жи Пю Англид маркетинг чиглэлээр сурдаг гэнэ.

Гэрийн эзэгтэй зочдодоо орон сууцаа танилцуулав. Том өрөөнийхөө хойморт гэр бүлийнхээ зургийг өлгөжээ. Хүүхдүүдийнх нь өрөөгөөр шагайвал нэг ор, өрөөстэй англи номнуудаас өөр эд хогшил алга. Өрөөнүүд нь минимал хэв шинжийг агуулжээ. Цонхоор нь харвал хотыг тэр чигээр нь зураглах аж. Доошоо зам руу нь нүд бэлчээвэл 20:00 өглөөний 08:00 цагийн хооронд машин тавьж болно гэх тэмдэглэл зурайж байх нь тэр. Замаар герман машинууд дүүрэн холхиж байх юм. Энэ талаар гэрийн эзнээс тодруулбал гадаад машины импортын татварыг тэглэсэнтэй холбоотой гэнэ.

Цааш номын өрөөг сонирхвол амьдралын дурсамж харагдана. Хуримлах мөч болоод хүүтэй болж байсан дурсамжаа гэрэл зурагт мөнхлөөд энэ өрөөний хананд өлгөжээ. Ярилцлага өгч байсан сонингоо ч нандигнан хадгалдаг юм байна. Олон жилийн дараа харахад дурсамжтайн хажуугаар хүүхдүүдэд нь үлдэх учир үнэ цэнтэй гэнэ. Гэрийн эзэгтэй ч хилийн чанадад суралцаж байхдаа ашиглаж байсан бүх номнуудаа энэ өрөөндөө хадгалж. Өдөр өдрөөр харах хэрэг олон гардаг гэнэ.

Энэ мэтийг сонирхоод том өрөөний зочны ширээнд тухаллаа. Гэрийн эзэгтэй өөрийн найруулж хийсэн виногоор дайлав. Гэрийн эзэн тамшаалах нь их дуртайнх бололтой. Гэрийн эзэн олон хоног явж байгаа юм байна арын ажил албаа яаж зохицуулдаг юм бэ гэж гайхшрангуй асуулаа. Энэ үеэр Үндэсний их баяр наадам тохиож амралтын өдөр таарч байгааг онцолбол ихэд гайхсан байртай харснаа “Манай улсад ийм олон хоногийн амралт байхгүй” гээд инээд алдах ажээ.

Гэрийн эзэгтэй 2016 онд Монгол дүү найзынхаа хуримд уригдаад ирснээ хуучлав. Уужмаа, Хажидмаа нарын хуримд ороцлсон нь онцгой сэтгэгдэл төрүүлснийг онцолж байлаа.

Монголд өнгөрүүлсэн цөөхөн хоногийн хугацаанд хуушууранд их дуртай болсон гэнэ. Харин таксинууд монгол хүнтэй хамт явбал их мөнгө нэхдэггүйг хэлж байсан. Ирсэн хэд хоногийн хугацаанд такси барихад нь манай хэд аманд орсон үнээ нэхээд нүдийг нь орой дээр нь гаргахаа шахаж л дээ. Элсэн тасархайд очсон намрын жиндүү үдэш гал манаж хоносон дурсамжаа хуучилж хөхрөлдөж суулаа. Тэд одод битүү түгсэн говийн шөнийн гайхамшгийг бишрээд буцжээ. Цэцэрлэгийн багш нар болон хүүхдүүдэд монголын говийг заавал үзэхийг захидаг гэнэ. Тэнд даруулсан зургаа ч харуулж маркетинг хийдэг гэж хэлээд инээв.

Энэ мэтийг хөөрөлдөж суух зуурт хоёр хүү ороод ирлээ. Том хүү нь зуны амралтаараа ирээд буй нь энэ гэнэ. Тэд хамт зураг даруулаад хажуу байранд амьдрах нагац эгчийндээ хонохоор гарав. Зочинтой тул дээрх шийдвэрийг гаргаж л дээ. Гэрийн эзэн биднийг буудалд хонуулж болох боловч монголын сэтгүүлчдийн баг бүрэлдэхүүн Солонгос айлд хоносон нь сонин биз дээ гэж тайлбарлана лээ.

Ер нь Солонгос айл өглөө оройны хоол хийхээ больжээ. Захиалгын хоол юм уу, гадуур хоол иддэг болж. Энэ нь хоол хийхэд шаардлагатай материал болоод зарцуулах тог цахилгааны өртөгтэй ойролцоо тусдаг аж. Цаг хугацаа ч хожих ач холбогдолтой юм байна. Хоол хийх цаг хугацаагаа ном унших, хэл сурах зэргээр хувь хүний хөгжилд зарцуулах болжээ.

Нөгөө талаасаа эдийн засаг хүнд үед иргэдийн зүгээс үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа нэг хэлбэр гэдгийг анзаарсан юм. Технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын жирийн гэр бүлийн нэг өдрийг зураглахад товчхондоо ийм байна.

Өглөө биднийг автобусны буудалд хүргэж өгөх зуураа ойрын хугацаанд хоёр хүүгээ монгол руу аялуулах төлөвлөгөөтэй байгаагаа дурдаад үлдсэн юм.



Б.Нямдорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *