Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Дэмбэрэлдорж: “МОZO”-гоороо чинээлэг, дундаж давхаргын монголчуудыг бүтээнэ DNN.mn

– “Барс моторс”-ынхон цахилгаан машин үйлдвэрлэж, хүнд аж үйлдвэрлэлийн хөгжлийг эхлүүллээ –


Монгол залуус ковидын хямралтай өнгөрсөн хоёр жилд таван тэрбум төгрөг босгоод машины үйлдвэр байгуулчихаж. Виртуал орчинд 600 хүнээс мөнгө босгож байгуулсан үйлдвэрийг нь өнгөрсөн бямба гарагт зорьж очлоо. Долоон буудлаас 800 метр явахад л андашгүй юм, “Bars motors” гэсэн бичигтэй томоо саарал байшин дүнхийж байна. Үйлдвэрт олимпийн цагаригийг бэлгэдсэн таван өнгийн цахилгаан машин эгнүүлжээ. “ГЕРО” буюу /Great Electric Renewable Orbit/ цахилгаан машин нь 1000 километрт 20 мянган төгрөгийн цахилгаан зарцуулах юм байна. Харин тэд энэ удаа бензин болон цахилгаан хос хөдөлгүүрт машин “MOZO X” автомашинаа үйлдвэрээс гаргажээ. “MOZO X”автомашин нь “УАЗ 469” автомашиныг орлохуйц бат бөх болсон гэдгээрээ онцлогтой аж.

Цахилгаан машинуудын нөгөө талд дизель хөдөлгүүртэй машинууд харагдана. “Барс моторс”-ынхны зах зээлд гаргасан анхны MOZO загварын автомашин нь өвөл гараажид хийх шаардлагагүй, дүн өвлийн хүйтнээр гадаа хонуулчихаад ганц дараад асдаг гэх мэт давуу талаараа монголчуудад танигджээ. Товчхондоо “Барс моторс” компанийн бүтээсэн гурван төрлийн машиныг үйлдвэрийнх нь байрнаас худалдан авах боломж бүрдсэн гэж хэлж болно. Тэд тун удахгүй БНСУ руу тансаг зэрэглэлийн машин экспортлохоор төлөвлөжээ. БНСУ-аас LOTTE гэх мэт том хөрөнгө оруулагчдыг татаж чадсан нь гадаадын хөрөнгө оруулалтгүй шахам болчихсон эдийн засагт таатай мэдээний нэг байв. Олон улсын тансаг машины зах зээл дээр өрсөлдөх алсын амбицтай “Барс моторс” компанийн удирдлагууд Инчёны нисэх буудал дээр нэрийн кафегаа нээжээ. Цаашдаа дэлхийн томоохон нисэх буудлуудад Монголынхоо үндэсний брэндүүд, шинээр гаргасан автомашинаа сурталчилсан кафенууд нээхээр болж. Шинээр гаргасан MOZO X машин захиалбал хоёр долоо хоногт үйлдвэрлээд гаргаад өгчих боломжтой гэнэ. “Барс моторс”-ын байгуулсан үйлдвэрийг сонирхсоны дараа “Монгол залуус хүнд аж үйлдвэрлэлийг амжилттай эхлүүлжээ. Ийм том төсөл эхлүүлсэн залуусаа төрөөс татварын бодлого, бизнесийн орчноор дэмжээд өгвөл автомашины экспортоос доллар олох боломж холгүй юм байна” гэсэн өөдрөг бодол төрснөө хуваалцъя.


“Барс моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Дэмбэрэлдоржтой ярилцсанаа уншигч танд хүргэе.


-Танай компани эх орондоо автомашин үйлдвэрлэж, хэрэглэгчдэд танилцууллаа. Олон нийт ч таатай хүлээж авч байна. Машин үйлдвэрээс гарч, олон нийтэд танилцуулах хүртэл урт замыг туулсан байх. Тэр түүхээс чинь ярилцлагаа эхэлье?

-Машин үйлдвэрлэл бол хүнд аж үйлдвэрийн салбар. Манай улсын хувьд цоо шинэ үйлдвэрлэл. Тийм ч учраас биднийг анх эхлэхэд хүмүүс чадахгүй, бүтэхгүй гэдэг хандлагатай байсан. Машин үйлдвэрлэлийн хувьд эхлээд спорт загварын, тансаг зэрэглэлийн машин бүтээж тэндээс олсон ашгаараа масст зориулсан дунд загвар руу ордог жишиг бий. “Тесла” ч энэ замаар явсан. Харин Монголд бол ингэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, 200 сая төгрөгийн машин хийлээ гэхэд худалдаж авах боломжтой хүн тун цөөхөн. Тиймээс бид чинээлэг, дундаж давхаргын монголчуудыг бий болгох үүднээс “MOZO” брэндээ бүтээхээр шийдсэн юм. Анх БНХАУ-ын Ханжоу хотод хятад компаниас 36 сая ам.долларын зээл авч, 25.000 машин угсрах үйлдвэр барьж байлаа. Ингээд эхний ээлжинд “MOZO” загварын 100 машин үйлдвэрлээд хоёрыг нь Монголд оруулж ирсэн. Гэтэл манайхан ухрах камергүй, люкгүй юм байна гэсэн шүүмж өрнүүлсэн. Тиймээс үлдсэн машинууддаа люк болон ухрах камер суурилуулж, мөн хальтиргаанаас хамгаалах систем нэмсэн. Ингэсний эцэст японыг гүйцэхгүй ч солонгосоос илүү чанартай машин болж чадсан л даа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд MOZO загварын машины тухайд өвөл гараажинд тавих шаардлагагүй. Гэрийнхээ гадаа хонуулаад өглөө нь нэг дарахад л асдаг давуу талтай. Манай компанийн хувьд үйлдвэрлэсэн машинаа борлуулаад л ковидтой золгосон. Хоёр жил зогсонги байдалтай байлаа. Гэхдээ бид энэ хугацаанд зүгээр суугаагүй. Машин хөгжүүлэлт дээр ажиллалаа.

-Цахилгаан машин хөгжүүлэлтээ Монголдоо хийсэн үү, эсвэл гадаадад хийв үү?

-Монголдоо хийсэн. Цар тахал удаан хугацаанд үргэлжилсэн учраас Хятадад байгаа үйлдвэрээ ажиллуулна гэдэг мөдгүй болсон. Ийм шалтгаанаар Монголдоо жижиг ч гэсэн үйлдвэр барья гэж бодсон юм. Монголчуудаасаа хөрөнгө оруулалт татаж 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Анхны бүтээгдэхүүн маань 100 хувь цахилгаан “ГЕРО” /Great Electic Renew­able Orbit/ гэх загвар. “ГЕРО” машины туршилтын замын нийт зай 50.000 гаруй км-т хүрсэн.

-Дотоодод хийгдэж байгаа үйлдвэрлэл нь сонирхол татаж байна. Машиныхаа яг юуг нь Монголдоо үйлдвэрлэж байгаа вэ?

-Бензин болон дизель хөдөлгүүрт машин 3000 гаруй эд ангиас бүрддэг бол цахилгаан машин 30 гаруй эд ангиас бүрддэг. Эдгээр эд ангийн 50 орчим хувийг дотоодод үйлдвэрлэх боломжтой. Одоогоор дотоодын 10 гаруй компани 20 орчим хувийг нь үйлдвэрлэж байна. Жишээ нь анх суудлын бүрээс хийдэг байсан бол одоо суудлын системийг тэр чигээр нь хийж байгаа. “ГЕРО” /Great Elec­tric Renewable Orbit/ машины хувьд cуудлын систем, дотор интерьер, нарны тэжээлийн систем тэр чигээрээ Монголд үйлдвэрлэгдсэн. Мөн дулаалгын материалуудыг дотооддоо үйлдвэрлэдэг. Цаашдаа машины шил, урд хойд гупер хийдэг болох гэж байна. Нэг зүйлийг онцлоход машиныг нэг үйлдвэр дангаараа бүтээчихдэггүй. Түүнчлэн авто машины салбар хамгийн олон ажлын байр бий болгодог. XX зууны эдийн засгийн гол хөдөлгүүр гэхэд л авто машины салбар байсан. АНУ, Герман, Итали, Франц, Япон, Хятадын эдийн засгийг дангаараа авч явсан салбар. Хүнд үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээ бий болгож байж салбарын олон тооны компанийг төрүүлдэг. Монгол Улс эдийн засгийн хямралын энэ үед экспортын орлого олох нэн шаардлагатай байгаа. Тиймээс автын салбар Монголд хүнд аж үйлдвэрийн ногоон болон цахилгаан хувьсгалыг эхлүүлж дахиад 10’000 орчим ажлын байр бий болгох боломжтой цорын ганц салбар юм. Түүнчлэн уул уурхайгаас төмрийн хүдэр, зэс боловсруулах үйлдвэрүүдийг дагаад бид цахилгаан автомашины их бие, баттерейн үйлдвэрлэлд БНХАУ-тай хамтран ажиллах бүрэн боломжтой.

-Тэр ч тийм шүү, танай компанийн автомашины үйлдвэрлэлийг дагаж хүнд аж үйлдвэрийн олон компани төрнө гэж харахаар таатай санагдаж байна. Ингэхэд цахилгаан машин Монголд тохирохгүй гэсэн яриа дуулддаг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Цахилгаан машины хувьд европчууд, хятадууд, японууд ч хэлдэг, 100 хувь цахилгаан машин Монголд тохиромжгүй гэж. Танайд цэнэглэх дэд бүтэц байхгүй, дээр нь маш хүйтэн, улсаас чинь бодлогоор дэмждэггүй гэх мэт шалтгаан хэлдэг юм. Үнэн л дээ, Хятадад цахилгаан машин худалдаж авахад улсаас нь мөнгө өгдөгөөс гадна цэнэглэх дэд станцуудыг нь байгуулж өгдөг. Манайд ийм дэмжлэг байхгүй ч бид Монголынхоо цаг агаарын нөхцөлд тохирсон маш сайн цахилгаан машин хийж чадсан. Хөдөө орон нутгаар танилцуулаад явсан. Монголын хаана ч ямар ч нөхцөлд ажрахгүй гэдгийг туршилтаар нотолчихсон. Туршилт зуун хувь амжилттай болсныг энэ дамшрамд онцолж хэлмээр байна. Хөдөө орон нутгаар явж хийсэн танилцуулга маань нэлээд амжилттай болсон учраас бид хөрөнгө оруулалтаа тэлж, 5000 орчим машин угсрах, үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр ашиглалтад орууллаа. Манай машины нэг онцлог нь нарны батарейгаар кабин, суудал нь хална. Цахилгаан машиныг эмэгтэйчүүд голдуу барьдаг, хүүхэд хөгшдөө зөөх хэрэг гардаг гэдэг утгаар кабины дулаан их чухал. Мэдээж суудал дулаан байх нь хүйтний улиралд маш чухал.

-Танай үйлдвэрийн MOZO-X-ын эд ангиуд аль улсаас орж ирж байна вэ?

– Энэ загвар маань ихээхэн онцлогтой. Ерөөсөө евро стандарттай гээд хэлчихэд болно. “МОZO-Х”-ийн бүх эд ангийг Европоос татаж байгаа. Хятадаас эд анги, сэлбэгийн хувьд хамааралгүй болчихож байна гэсэн үг. Бид энэ зун сэлбэгийнхээ тээврийн туршилтыг нэлээд сайн хийж чадлаа. Беларусь улсад эд анги, сэлбэгээ төвлөрүүлсэн учраас үйлдвэрлэлийн явцад ямар ч асуудал гарахгүй. Түүнчлэн бид бүх эд ангидаа баталгаа өгч байгаа. Засвар үйлчилгээ нь үнэгүй. Суудал нь эргономик сайтай тул олон цагаар жолоо барихад нуруунд эвтэйхэн гэдгээрээ онцлогтой юм.

-Цахилгаан машины хувьд анхаарах гол зүйл юу вэ. Ер нь туршилтыг хэрхэн хийв?

-Цахилгаан машины батарейг 0 градуст хүргэж болохгүй. Тэгвэл цэнэг авах боломжгүй болно. Доод тал нь +5 градусын температуртай газар байлгах ёстой. Туршилтын хувьд бид Монголд нэлээд хэцүү замуудаар хийсэн учраас энэ загвартаа нэлээд найдлага тавьж байгаа. Нөгөө талаар “МОZO-Х” сум орон нутгийнханд хамгийн тохиромжтой, тав тух сайтай унаа гэдгийг онцолмоор байна. Хилийн цэрэг, цагдаа, сумдын эмнэлгүүд, уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст бензин бага иддэг, бат бөх, тав тухтай машин хэрэгтэй. “МОZO-Х” загвар энэ бүх шаардлагыг хангаж байгаа нь бидний гол давуу тал л даа.

-Манай улс цахилгаан машин цэнэглэх дэд бүтцийн хувьд тааруухан. Энэ бэрхшээлийг та бүхэн яаж шийдэхээр тооцоолсон бэ?

-Хэрэглэгч 4-5 жил бензинд зарцуулах мөнгөөрөө манай цахилгаан машиныг авах боломжтой. Цахилгаан машины батарейг 220 вольтод цэнэглэнэ. Тусгай цэнэглэгч шаардлагагүй. Хэрэв орон нутгаас нийслэлд орж ирээд богино хугацаанд цэнэглэх боломжгүй тохиолдолд манай үйлдвэрт хандахад бид богино хугацаанд цэнэглээд өгөх боломжтой.

-Дахин нэг шинэ загвар гаргахаар ажиллаж байгаа гэж дууллаа. Тэр талаар тодруулахгүй юу?

-Энэ оны сүүлчээр сэлгэмэл мотортой “МОZO E VISION” загварыг танилцуулахаар ажиллаж байна. 100 хувь цахилгаан, нэг бол 100 хувь бензин мотортой загвар.

-Үйлдвэрлэсэн автомашинаа БНСУ руу экспортлохоор зорьж байгаа гэв үү?

-БНСУ-д машинаа экспортлохоор зорьж байгаа. БНСУ-д хүлээн зөвшөөрөгдөж чадвал Зүүн Өмнөд Азид хөл тавьж чадна гэсэн үг.

-Тэгвэл танай бүтээгдэхүүн солонгос машинтай өрсөлдөх нь ээ?

-Үгүй. Арай өндөр үнэтэй. Солонгост зах зээл дээр борлуулагдаж байгаа гадны машинуудтай өрсөлдөх зорилготой. Өөрийнх нь үндэсний биш гадаад машин унадаг сегментүүд Солонгост бий. Тэр хэсэг рүү чиглэх юм.

-Танай үйлдвэрийг таван тэрбум төгрөгөөр боссон гэж сонслоо. Ахиад хөрөнгө оруулалт шаардлагатай юу?

-Цаашид ахиад таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Жишээ нь, будгийг бид гараар хийдэг. Уг нь роботоор хийх ёстой. Энэ мэтчилэн шинэчлэх, сайжруулах зүйлс бий. Манайх жижиг үйлдвэр учраас хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохирох тал дээр нэлээд анхаардаг. Жишээ нь, “МОZO Х” гэхэд л мөнгөн тоногтой үйлдвэрлэгдэж байгаа. Захиалагчийн төрсөн жил, орд, эсвэл дуртай амьтныг хүрдэн дээр нь цэвэр мөнгөөр урлаж өгөх юм. Бидний хувьд масс үйлдвэрлэл рүү ороод том улсуудтай өрсөлдөж чадахгүй. Аль болох тансаг чамин зэрэглэлийн машин үйлдвэрлэл дээр өрсөлдөж л гадаад зах зээл рүү орох боломжтой гэж харж байнэ. Нэг зүйлийг онцлоход “Барс моторс”-ынхны бусад компаниас ялгарч байгаа гол зүйл бол хурд болон зориг. Ер нь Монгол орны цаг агаар, дэд бүтэц, түлшний чанар, жолооч нарын авто машин унаж сурсан байдал гээд олон зүйл авто машины чанарыг маш сайн шалгаж өгдөг л дөө. Тэр утгаараа манай улсын нөхцөлд шалгарсан брэндийн машин гэвэл маш цөөхөн. Үүнээс улбаалж, бид МОZO-г Монголд шалгарсан машин гэдгээр гадаад зах зээлд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн “Made in Mongolia” гэдгээр тогтохгүй “Монголд шалгарсан” гэсэн тодотголыг дэлхийд таниулж, олон улсын машины зах зээл дээр өрсөлдөнө.

-Сонирхолтой өнцөг байна шүү?

-Манайд аялсан жуулчид Монголын замыг мэднэ шүү дээ (инээв).

-Үндэсний үйлдвэрлэлд хамгийн гол нь дэмжлэг хэрэгтэй байдаг. Ялангуяа хүнд аж үйлдвэрлэлийн салбарыг улсаараа дэмжиж байж босдог онцлогтой шиг санагддаг. Энэ тал дээр байр сууриа хуваалцаач?

-Машин бол хүнд аж үйлдвэрийн нэг том салбар. Монголд урд нь ийм үйлдвэрлэлийг хэн ч хийж байгаагүй. Би Монголд хувьчлагдсан аж үйлдвэрийг аваад дахиж ажиллуулж байгаа хүн биш. Цоо шинэ салбарыг нээж, шанг нь татаж байгаа учраас мөс хагалсан хэрэг. Тэр ч утгаараа бизнесээ эхэлсэн эхний гурван жилд хүмүүсийн дунд итгэхгүй, эргэлзэх хандлага хүчтэй байсан. Харин одоо нэг үеэ бодвол харьцангуй ойлгодог болж байна. Монгол Улсын хүн амын хувьд тархай бутархай 300 гаруй засаг захиргааны бүтцэд хуваагдаж амьдардаг. Хүн амын ирж очих хөдөлгөөн гэж бий. Үүнийг нийтийн тээвэр дангаар шийдэх боломжгүй. Тэр утгаараа автын хэрэглээ маш өндөр. Тийм болохоор монголчуудын хамгийн их мөнгө зарцуулж яваа бүтээгдэхүүнийг эрэмбэлж үзвэл дизель болон бензин түлшний араас хоёрт авто машины хэрэглээ ордог. Автомашины хэрэглээндээ жилдээ 500 сая төгрөг зарцуулдаг тооцоо байна. Дотоодын хэрэглээг чамлаж болохгүй. Жилдээ доод тал нь 50-70 мянган машин импортолдог гээд та бод доо. Ийм нөхцөлд нэг компани жилд 5000 машин үйлдвэрлэдэг болчиход л Төв Азидаа том компанидаа тооцогддог болно.

Автын салбарыг дангаараа нэг хүн, нэг хэсэг хүмүүс босгодоггүй онцлог бас бий. Манай компани Хөгжлийн банкнаас гурван жилийн өмнө зээл хөөцөлдөж байсан. Боломжгүй гээд л гаргаж байсан. Одоо бид Монголын ард түмнээс тусламж хүсч байгаа юм. Үндэсний үйлдвэрээ дэмжээч, бидний үйлдвэрлэсэн машиныг худалдан авч хэрэглэгч болооч гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Бидний тооцооллоор 100 орчим машин борлуулахад энэ оны эцсээр 500 гаруй, 300 орчим машин борлуулвал 1000 гаруй ажлын байр бий болгох төлөвлөгөөтэй байна. Сум бүрт нэг машин борлууллаа гэхэд 1000 гаруй цоо шинэ ажлын байр бий болох боломжтой гэсэн үг. Цаашлаад зөвхөн автын салбарыг дагнасан 20 орчим компани бий болно. Энэ бол эдийн засагт үзүүлж буй маш том нөлөө.

-Зөвхөн худалдан авалтаас гадна татварын хөнгөлөлт зэргээр дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үндэсний үйлдвэрлэгчид ярьдаг. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Зуун хувь санал нэг байна. Төрөөс цахилгаан авто машин дээр дэмжиж эхэлж байна л даа. Бензин машин худалдаж авахаа больчихлоо. Цахилгаан болон хайбрид, түлш бага иддэг машин ав гэдэг шийдвэр гаргаж байна. Энэ бол том дэмжлэг. Нөгөө нэг чухал дэмжлэг бол татварын бодлого.

Бид машин үйлдвэрлэхээр хөгжүүлэлт туршилт хийж, газар авч дэд бүтэц, үйлдвэр барьж, ажилчдаа сургаж, цалин тавьж, нийгмийн даатгал, татвар төлсний эцэст бүтээгдэхүүн гаргадаг. Түүнийгээ борлуулсны дараах орлогын албан татвар нь машин оруулж ирж зарж байгаа хүмүүстэй яг адилхан байх жишээтэй.

-Цахилгаан машин үйлдвэрлэчихээд зарахдаа импортын машинтай адил хэмжээний орлогын албан татвартай гэж үү. Ингэхээр хүнд аж үйлдвэрлэл яаж хөгжих вэ дээ.

-Яг адилхан татвар авдаг. Зүй нь хүнд аж үйлдвэр хөгжүүлэхэд татварын асуудал хамгийн чухлаар тавигдах ёстой. Та өнөөдрийн томоохон компаниудын хийдэг ажил чигийг нэг анзаараад үзээрэй. Импортын бизнес хийдэг компаниуд л том байгаа. Юм савлаж оруулж ирээд л шошго наагаад л болоо. Улаанбаатарын хамгийн гоё, том обьектууд бүгд импортын компаниудын мэдэлд байна шүү дээ. Экспорт хийж байгаа компаниудын оффис ямар билээ. Экспортоо байя гэхэд автын салбар дээр гэхэд эд анги хийж байгаа жижиг цехүүд Баянхошуу, Орбит, Амгалан, Улаанхуаранд подвальд л байгаа байхгүй юу. Нэг ёсондоо, үндэсний үйлдвэрлэл хатавчинд суугаад, импортын бизнес хойморт гарчихсан ийм л цаг үе байна.

-Цар тахлын үеийн эдийн засгийн хямралын үед дотоодын маш олон үйлдвэр хаалгаа барьсан. Харин танай компани хямралыг сөрж зогсч чадсан нь талархууштай юм?

-Бид монгол хүмүүсийг залхуу хойрго л гэдэг. Машин тэрэгтэй холбоотой зүйл дээр монгол эрчүүд нүд нь сэргээд амралтгүй ажилладаг. Машины үйлдвэрт нэг эд анги хийдэг компанитай болчихвол нэг залуугийн гэр бүл, амьдрал тэр чигээрээ шийдэгдчих гээд байгаа юм. Ийм хүсэл эрмэлзэлтэй залуус машины үйлдвэр дээр цугладаг юм билээ. Одоо тэд маань гарч ирж байна. Бүгд тал талд хийж байгаа бүтээгдэхүүнээ нийлүүлээд бүтээл гаргачихаар баяртай байдаг. Тэгэхээр бид “МОZО”-г дангаараа хийгээгүй. Энэ утгаараа хямралын үед энэ брэнд найдлага өгсөн. Яг хямралын үед хөрөнгө оруулалт хийсэн, бизнесээ хумиагүй. Монголд бизнес босгоход гурван хүчин зүйл бий. Дотоодын хөрөнгө оруулагч нар, сайн менежменттэй санхүүгийн сахилга баттай компани, дээр нь хэрэглэгчид чухал. Энэ гурав байж үндэсний үйлдвэрлэл босно. Одоо дахиад экспортын чиг баримжаатай 100 орчим компани Монголд шинээр бий болох хэрэгтэй. Ийм гарааны компаниуд бий болоход бодлогын дэмжлэг хэрэгтэй байна л даа. Ер нь компани бий болгоход гурван зүйл анзаарагддаг юм байна. Эдийн засгийн орц гэж үзүүлэлт бий. Үүн дотор технологи, түүнийг эзэмшсэн хүн, тэр бүтээгдэхүүнийг санхүүжүүлсэн санхүү гурав багтдаг. Хоёр дахь хүчин зүйл нь гаднаас технологи оруулж ирээд түүнийгээ нутагшуулаад эзэмшсэн хүн, технологи хоёр. Гурав дахь хүчин зүйл нь нийлүүлэлт талд нь буюу үйлдвэрлэлд, эсвэл эрэлт талд буюу худалдаж авахад бага хүүтэй санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Ингэвэл технологи дээр суурилсан бизнес босоод ирэх боломжтой.

-Машин үйлдвэрлэл бол хүн бүр барьж аваад явуулах бизнес биш. Та хэр шантарч байна?

-Харин ч эсрэгээрээ надад өнгөрсөн гурван жилийн хугацаанд найдлага төрсөн шүү. Зөв салбарыг барьж авсан юм байна гэж бодож байгаа. Манайд 600 орчим хүн хөрөнгө оруулалт хийсэн. Хөвсгөлийн төрийн байгууллагын нэг ажилтан, Булганы нэг малчин, Өвөрхангайн нэг дэлгүүрийн эзэн, их сургуулийн багш гээд нэрлэж болно. Гэхдээ тэдний дунд нэг ч улстөрч, нэг ч том бизнесмэн байхгүй. Тэгэхээр монгол хүний дотор үндэсний үйлдвэр маань босчихоосой гэсэн хүсэл эрмэлзэл оршсоор яваа нь харагдаж байгаа юм. Энэ 600 орчим хүний итгэл, “Барс моторс” гэж үндэсний компанийнхны сэтгэл зүтгэл хоёр дээр босч ирж байгаа бүтээгдэхүүнийг орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагууд, хувийн хэвшлүүд, аймаг орон нутаг, сумдын удирдлагууд аваад хэрэглэвэл бидэнд их л дэмтэй тустай байна.

-Танайд хөрөнгө оруулсан хүмүүс ямар байдлаар өгөөж хүртэнэ гэсэн үг вэ?

-200 сая төгрөгийн хөрөнгө оруулсан хүнд жилийн 20 хувийн өгөөж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дөрвөн жилийн хугацаанд 80 сая төгрөг болно гэсэн үг. Тэдгээр хөрөнгө оруулагчдадаа бид урьдчилаад цахилгаан машин үнэгүй өгчихөж байгаа юм. Мэдээж дөрвөн жилийн дараа 200 сая төгрөгийг нь буцааж олгоно.

-Тэгэхээр шинээр хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс танайд хандаж болох нь ээ?

-Хандах боломж нь нээлттэй. 20-30 сая төгрөгтэй, гэхдээ цахилгаан машин унах сонирхолтой хүмүүс бий. Тэр хүмүүст хувь лизинг өгөхийн тулд хөрөнгө оруулагчдын мөнгийг ашиглах болж байгаа юм. 200 сая төгрөгөөр хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн хөрөнгө оруулалт цаанаа дөрвөн хүний машины лизингийг шийдчихнэ гэсэн үг.

-MOZO TRAVEL cafe-г Инчёны онгоцны буудал дээр байгуулж байгаа юм байна. Ямар зорилго чиглэлтэй үйл ажиллагаа вэ?

-Төгрөгийн ханш унаад хүнд байгаа үед ам.долларын орлого олох зорилгоор МОZО брэндийг олон улсад гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний эхлэл бол “Инчёны онгоцны буудал дээр MOZO TRAVEL cafe байгуулж байна. Нэлээд олон жил хөөцөлдсөн ажил маань бүтсэнд баяртай яваа. Манай улсын хувьд жуулчдыг олон тоогоор хүлээж авах бааз суурь тун муу. Хоёрт, манай улсын газар зүйн онцлогоос хамаарч манай экосистем маш эмзэг. Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа дэлхийн 10 улсын нэг бол Монгол гэдэг. Тиймээс бид “МОZО”-гоор дамжуулж Монголыг гадаадад аваачъя гэсэн санаачилгыг хэрэгжүүлж байгаа юм. Дэлхийн 20 том нисэх буудал дээр 2021 онд 700 сая хүн дамжин ниссэн байдаг. Тэгэхээр ийм 20 эйрпорт дээр бид “МОZО”-г гурван жилийн хугацаанд байгуулчихвал гурван жилийн дараа гэхэд нэг тэрбум хүнд монгол бүтээгдэхүүнийг биечлэн сурталчлах цэгүүд ажиллуулаад эхлэх юм. Тэдгээр цэгүүдэд манай The khu, Жонон хамтлаг, Н.Жанцанноров, А.Шарав гуайн CD борлуулагдаж байна гэсэн үг. Нэг ёсондоо “MOZO TRAVEL cafe” жижиг Монголыг дэлхийн улсуудад аваачина гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *