Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Бэлгүүнзаяа: Тэмдэг тэмдэглэгээгүй газраар хариулагагүй мал бэлчээсэн нь малчны буруу DNN.mn

Сүүлийн үед зам дагуу үхсэн мал их байна. Жолооч нар мал дайрдаг гэх зүйл их яригдах боллоо. Энэ тал дээр зам дээр хариулагагүй бэлчиж буй малыг дайрсан тохиолдолд хэн хариуцлага үүрэх ёстойг “Лоо стратеги” хуулийн фирмийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагаас тодрууллаа.


-Автозам дээр хариулагагүй явж байгаа малыг жолооч дайрсан тохиолдолд ямар хариуцлагатай хүлээдэг вэ?

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар малчид малаа хариулахдаа хатуу хучилттай зам руу 50 м-ээс дотогш мал нэвтрүүлэхийг хориглоно. Мал туух мал гаргах замын тэмдэг тэмдэглэгээгүй газраар мал гэнэтийн байдлаар гарч ирж дайруулсан тохиолдолд тухайн малын өртөг үнийг жолооч хариуцах үүрэг хүлээхгүй. Эсрэгээрээ жолооч нь малчин болон замын хөдөлгөөнд оролцогч бусад этгээдээс хүлээх үүргийг биелүүлээгүй, малаа хатуу хучилттай зам руу оруулсны улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бол машинд учирсан хохирлыг нэхэмжилж авах эрхзүйн боломжтой.

-Нэг аймгийн цагдаагийн ажилтны хамаарал бүхий хүний мал хатуу хучилттай зам дээр бэлчиж байхад нь жолооч дайрчээ. Гэтэл тухайн цагдаагийн ажилтан жолоочийг хариуцлага хүлээхийг шаардаж, унаж явсан машиныг нь малын өртөгт тооцон авсан тохиолдол гарчээ. Энэ тохиолдолд яах вэ?

-Энэ шууд цагдаагийн байгууллагаар шийдчих асуудал биш л дээ. Энэ бол гэм хорын асуудал. Тэгэхээр тухайн малчин Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргана. Миний малыг дайрсан хохирлыг барагдуул гэсэн утгатай. Гэм хорын асуудлаар Иргэний шүүхэд шүүх хурал болоод тухайн замын тэмдэг тэмдэглэгээ, малын байсан байдал, жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үү гэдгээс шалтгаалаад хохирлыг хэн хариуцах ёстойг шийдвэрлэнэ. Түүнээс биш таны хэлсэн кейс шиг цагдаа гэхээрээ далимдуулаад хүний хөрөнгө машин, эд зүйлийг авах зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус. Тухайн жолооч машинаа өгөх ямар ч шаардлагагүй. Үнэхээр хоёр талд харилцан ойлголцоод хохирлоо барагдуулж чадахгүй байгаа бол энэ нь Иргэний шүүхээр шийдвэрлэх ёстой асуудал. Тэмдэг тэмдэглэгээгүй газраар хариулагагүй мал бэлчээсэн нь малчны буруу.

-Мөн мал гэнэт зам дээр гарч ирснээс үүдэн осол гарч хүний амь нас хохирох, гэмтэх тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ?

-Энэ тохиолдолд мал болон тэжээвэр амьтнаас үүдэлтэй гэм хорын асуудал гэж байдаг. Тэгэхээр мөн л адилхан тэмдэг тэмдэглэгээгүй газраар гэнэт мал гарч ирж, осол аваар гарган амь нас хохирсон тохиолдолд малын эзэн хариуцлага хүлээнэ. Энэ нь Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа асуудал.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиндаа малтай холбоотойгоор эдгээр заалтууд байдаг уу. Ямар хуулиар зохицуулагддаг юм бол?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд бол энэ төрлийн заалт байхгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд байгаа. Тухайн дүрэмд малтай холбоотой хоёр төрлийн зохицуулалт бий. Агуулга нь “… зам дагуу болон зам хөндлөн малыг тууж гарахгүй” эзэн малаа тууж явах зохицуулалт байна. Нөгөө нь “…хатуу хучилттай зам руу 50 м-ээс дотогш мал нэвтрүүлэхийг хориглоно” гэж бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *