Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны зургадугаар сарын 18-нд эхлүүлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, улсдаа төдийгүй бүс нутагтаа томоохон хэмжээнд тооцогдох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх үйл ажиллагааг албан ёсоор нээснээс хойш гурван жилийн нүүр үзжээ. Хамгийн ичмээр нь тухайн үед дээрх чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нээлтэд одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын алба хашиж байхдаа оролцож, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд тус ондоо багтааж ашиглалтад оруулахыг үүрэг болгосон байдаг. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ч тухайн үед 2019 ондоо багтааж дуусгана гэх ам өчиг өгсөн нь хэвлэлийн хуудаснаа баримт болон үлджээ. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэдийн амь насыг үйж, эд хөрөнгийг сүйтгэсэн “там” болсон Дарханы зам ашиглалтад орох нь бүү хэл бүтээн байгуулалт нь ч эрчимтэй өрнөөгүй хэвээр байна. Гэтэл тухайн ондоо багтааж дуусгах үүрэг, амлалт өгсөн хүмүүс өнөөдрийг хүртэл нүдэн балай, чихэн дүлий суусаар л байна. Үнэндээ 200 гаруйхан километр дөрөвхөн эгнээ замыг бүхэл бүтэн гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулж чаддаггүй ийм дорой төр засгийн удирдлагуудтайгаасаа ичиж байна. Чадалтай, сэтгэлтэй, зүтгэлтэй төр засгийн удирдлагатай улс орнуудад гурван жил байтугай гурван сарын дотор 200 км зам барьж байна шүү дээ. Уг авто замын бүтээн байгуулалтын ажлын тендерт БНХАУ-ын туршлага бүхий компаниуд шалгарч, ажлаа эхлүүлсэн гэдгийг тухайн үеийн зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдэж байсан. Гэтэл өнөөх туршлагатай гэх компаниуд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өмнө нь зам барьсан ямар ч туршлагагүй гэдэг нь нэгэнт ил болсон. Туршлагагүй компани тендерт оролцуулж, шалгаруулсан хэргээр холбогдох албан тушаалтнуудыг АТГ-аас шалгахаа мэдэгдсэн. Байдал бишдсэнийг мэдсэн зарим нэг албан тушаалтнууд уснаас хуурай гарахын тулд “Дарханы замын тендерт миний оролцоо огтхон ч байгаагүй” хэмээн мэдэгдээд эхэлсэн. УИХ-ын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилсон байдаг. Сайдын ажлаа хүлээж авснаас дөрвөн сарын дараа Дарханы замын өргөтгөлийн ажлыг Б.Энх-Амгалан эхлүүлсэн. Тэгэхээр өнөөдрийн Дарханы зам түүнтэй салшгүй холбоотой.Монголчууд бид “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг дээ. Мишээл экспогийн эзэн, Зам тээврийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Дарханы зам дээр ажиллуулъя. Түүнд гурван жилийн өмнө олны өмнө амласан амлалтдаа хүрэх боломж олгоё. Хариуцсан ажилдаа эзэн болдоггүй, гавьяа байвал хүртэж, гай байвал зугтдаг тогтолцоог халж, буух эзэн буцах хаягтай, хариуцлага хүлээдэг эзэнтэй байцгаая л даа. Аль болгон алдаа гаргаж, авлига авахаар нь ажлаас нь чөлөөлөх нэрийдлээр толгойг нь илэх вэ. Угтаа өнөөдрийг хүртэл Дарханы зам дээр амь насаа алдсан, эд хөрөнгөө эвдсэн бүх хохирлыг Б.Энх-Амгалангаас нэхэх ёстой. Тэр анхнаасаа завхруулсан ажлынхаа зангилааг олж, иргэдийг аюулгүй, ая тухтай замаар зорчих боломжийг олгох ёстой. Тэр угаас иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээсэн төрийн түшээ хүн. Дарханы замын бүтээн байгуулалтыг урагшлуулахын тулд газар дээр нь очиж ажиллаагүй төрийн түшээд үлдсэнгүй. Харамсалтай нь урагшлах биш урагшгүй байх нь их. Одоогийн Зам тээврийн сайд толгойноосоо салахгүйн тулд бараг л тэнд амьдрах нь холгүй байгаа. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж сүрийг үзүүлсэн. Харин уг замын эхлэлийг тавьсан Б.Энх-Амгалан Дарханы замыг эргэж тойрох нь бүү хэл, бараагаа ч харуулахгүй зугтаж байна.Дарханы замыг там болгож, хөрстэй юутай нь хуулж орхичихоод өөрийн сонгогдсон Говь-Алтайдаа зам тавьж оноо цуглуулах оролдлого хийж явахаасаа ичих хэрэгтэй.Түүний хариуцсан улсын ажил урагшилдаггүй хувийн бизнес нь харин улам цэцэглэн хөгждөг нь гайхмаар.Улсын ажил, хувийн бизнестээ хоёргүй сэтгэлээр хандмаар байна.