Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дэлгэрхангай: Барилгын 15 давхраас олдсон хутганы үзүүр цустай байсан. Шүүхийн шинжилгээний хариугаар хохирогчийн цус мөн эсэхийг тодруулна DNN.mn

Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан байлдагч Н нас барсан хэрэг гараад буй. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад Зариг сайтад өгсөн мэдээллээс өөрөөр дэлгэрэнгүй өгөх боломжгүй гэв. Тиймээс тус эх сурвалжийг ашиглалаа.


-Хэрэг гарснаас хойш таван хоног өнгөрлөө (өчигдрийн байдлаар). Энэ хугацаанд хэн хэнийг дуудаж мэдүүлэг авсан талаар мэдээллийг өгөөч?

-Тухайн дуудлага мэдээлэл 2022 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагийн үед Өмнөговь аймаг дахь цагдаагийн хэлтэст ирсэн. Дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулахад хугацаат цэргийн алба хаагч Н гэгч нь тогтоогдсон. Тус хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн тухайн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан тушаалтнуудыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгөх гэрч, сэжигтнийг тухайн цагдаагийн газраас дуудан мэдүүлэг тайлбарыг авсан байгаа.

-Долоодугаар сарын 11-ний өдрийн хэдэн цагт хохирогч цэргийн ангиасаа гарсан бэ?

-Тухайн цэргийн ангийн орсон, гарсан бүртгэлийг эд мөрийн баримтаар хураан аваад үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй.

-Тухайн цэрэг өөрийнхөө амийг хорлосон байж болзошгүй тухай мэдээлэл ЦЕГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдээр явуулж эхэлсэн. Ямар үндэслэлээр энэ мэдээллийг гаргаж байгаа юм бэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн барилгын камерын бичлэгүүдийг авсан. Мөн хэргийн газрын үзлэгээр хутга зэрэг зүйлүүд олдсон. Эдгээр баримтыг одоогоор шалгаж дуусаагүй байна. Ер нь бол тухайн хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд мөрийн баримтууд, камерын бичлэг зэргээс үндэслэн цагдаагийн байгууллага тэрхүү мэдээллийг өгсөн байгаа. Тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас нас барсан шалтгааныг дүгнэн хэлэх эрт байна.

-Хохирогч Өмнөговь аймаг дахь Есөн янгир гэх дэлгүүрээр оройн 23:47 цагт үйлчлүүлээд гарсан байдаг. Тэрхүү дэлгүүрээс ямар бараа худалдаж авсан нь тогтоогдсон уу?

-Тухайн хяналтын камерын бичлэгийг хураан авсан. Тэрхүү бичлэг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудал учраас одоогоор тэр талаар мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр тухайн хэргийн талаар мэдээлэл өгөх аа

ёстой байдаг.

-Шүүх шинжилгээний хариу хэзээ гарах вэ. Хэргийн газраас олдсон хутга цусаар бохирлогдсон байсан гэдэг. Тэрхүү цус талийгаачийнх мөн үү?

-Шүүхийн шинжилгээний хариу гараагүй байгаа. Хэрэг гарсан баригдаж буй барилгын 15 давхраас хутга олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан. Тухайн хутганы үзүүр цусаар бохирлогдсон. Шүүхийн шинжилгээний хариугаар цус мөн үү, өөр бодис уу гэдгийг тогтооно. Хохирогчийн биед ямар нэгэн хутга мэсний шарх байсан талаарх мэдээлэл надад одоогоор ирээгүй байна. Шүүхийн шинжилгээний хариугаар хохирогчийн цус мөн эсэхийг тодруулна. Эцсийн дүгнэлт гараагүй байгаа учраас ямар учиртайг хэлэх боломжгүй байна.

-Тэрхүү барилгын хашаа харуул хамгаалалт сайтай баргийн хүн даваад орчихооргүй өндөр юм билээ. Хохирогч яаж тэр барилга руу орсон юм бол?

-Хашааны банзыг хуулан орж буй нь камерт бичигдсэн байдаг. Ганцаараа тухайн газар нэвтэрсэн байна лээ.

-Шөнийн 00:34 цагт барилгын банзыг хуулаад орж байгаа талийгаачийн бичлэг бий гэдэг. Амь хохирсон цаг нь 01:00 цагийн үед гэсэн. Дэлгүүрээр үйлчлүүлсэн болон амь хохирох үе хүртэлх нэг цаг гучин минут гаруйн үйл явдал тухайн камерт бичигдсэн болов уу?

-Дэлгүүрээр үйлчлүүлсэн хяналтын камерын бичлэг байгаа. Тухайн барилгын хашаа руу орох үеийн бичлэг бий. Өөр мэдээлэл одоогоор алга.

-Хохирогчийн найз охиноос мэдүүлэг авсан. Тухайн үед найз охинтойгоо маргалдсан зүйл байгаагүй гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр цэргийн ангид нь ямар нэгэн дарамт байсан уу. Эсвэл цэргүүдийг ажиллууж байсан Галтууд компанийн зүгээс ямар нэгэн дарамт байсан уу?

-Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийг амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдал байна уу, үгүй юу. Хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болж хохирогчийн амь насыг хохироосон уу, үгүй юу. Мөн тухайн цэргийн алба хаагчид цэргийн ангийнхан дарамт шахалт үзүүлсэн үү, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл үзүүлсэн үү гэх зэргээр бүх талын нотлох баримтыг цуглуулж байна. Тухайн этгээдийн амь нас яагаад хохиров, цэргийн ангиас зөвшөөрөлтэй гарсан уу, үгүй юу гээд энэ бүх үйл ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоно. Мөн хохирогч хаагуур явсан маршрут гэх зэрэг зүйлүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогддог асуудал. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй. Тухайн хэрэг гэмт хэргийн шинжтэй учраас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *