Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сарын 14-нд “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр “Оюу толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт, Рио Тинто групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний явцын талаар санал солилцов.
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг болсон Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сард эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар оролцож гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг өгсөн юм.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа, яриа хэлэлцээнүүд амжилттай үргэлжилж, ойлголцохгүй асуудал гарахгүй байгааг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм хэлж байлаа.
Энэ оны тавдугаар сард Өмнөговь аймгийн “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2024” хамтын ажиллагааны санамж бичигт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэ уулзалтын үеэр ч мөн Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций болон бусад сумын хөгжил, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.