ОХУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн талаар “Роспотребнадзор” мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр, Европ руу аялаад ирсэн орос иргэнээс өвчний халдвар илэрсэн байна. Тэрбээр эмч нарт эх орондоо ирснийхээ дараа биеэр нь тууралт гарсан талаар хэлжээ.
“Роспотребнадзор” халдвар авсан өвчтөнтэй харьцсан хүн бүрийг анхааралтай ажиглаж, хатуу хянаж буйгаа тэмдэглэсэн байна. Өвчтөнд тус өвчний хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч, амь насанд нь аюул занал учруулахааргүй байгаа аж. Эмч нар цаг алдалгүй шинжилгээ хийж, халдварын тархалтыг зогсоож чаджээ.
Шинжлэх ухааны “Вектор” төвийн шинжилгээний үр дүнд өвчнийг илрүүлсэн байна. Өмнө нь Оросын ШУА-ийн академич, анагаахын шинжлэх ухааны доктор, тархвар судлаач Вадим Покровский 7, 8 дугаар сард оросуудын дундаас, ялангуяа гадаадаас ирэх хүмүүсээс сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол илэрч болзошгүй талаар мэдэгдэж байжээ.
Сармагчны цэцэг өвчний үндсэн шинж тэмдгүүд нь халуурах, толгой хүчтэй өвдөх, булчин хөндүүрлэх, нуруугаар өвдөх, лимфийн зангилаа хавдах, жихүүдэс хүрэх, ядрах зэрэг бөгөөд өвчин хоёроос дөрвөн долоо хоног ч үргэлжилж болох аж. Энэ өвчний тохиолдол хэдийнэ дэлхийн 59 улсад илэрч, нийт тохиолдлын тоо 9000 давжээ.