Categories
мэдээ нийгэм

​Хавдраар хиар цохиулж буй улсад хайрт ээжийгээ алдлаа DNN.mn


Өглөө эртлэн босож, хөшиг нээж, цонхоор ажвал мод бут ногоорч, навч цэцэг хэдийн дэлгэрсэн, болжмор шувуу жиргэсэн урин дулаан зуны өглөө байна. Байгалийн энэ сайхан үзэмжийг сая л анзаарсан би “Ээж ээ, удахгүй сайхан цаг ирэх нь, та минь хурдан эдгээрэй” гэж итгэл найдвар өвөртөлсөн сэтгэлээр, зангирсан хоолойгоо засаж ядан хэллээ.

…Эмнэлгийн бараа хараад удаагүй ээж минь сэрэнгүүтээ төвөггүйхэн өндийж суугаад, эргэлтээр ирсэн хоолноос нэг бүтэн аягыг хоёр гардан идчих нь тэр. Гайхаж, баярласан би “Аа…” гэж дуугарч амжаагүй байтал, ээж минь хөл дээрээ босож зогсоод, эмнэлгийн хонгилоор хөнгөн, хөнгөн алхангаа эмч, сувилагч, ажилтнуудад баярласан сэтгэлээ чин сэтгэлээсээ илэрхийлээд, мишээл тодруулсаар алслан одлоо. Гайхамшиг гэдэг нь энэ гэж үү…

Ээжийгээ алдсан долоо дахь хоногийн шөнө нь би ингэж зүүдэлсэн юм. Ээж минь тэнгэрийн орноо дэвшсэний дохио юу эсхүл охиныхоо санааг амраах гэсэн үү, үгүй бол хамгийн ихээр хүсэж байсан зүйлээ зүүдлэв үү… Ямар боловч муу, муухай зүүд биш байсанд сэтгэл жаахан ч атугай тайвширлаа.

Ээжгүй болсон гэдгээ мэдэрч сэрэх ямар уйтай гээч. Дахиж уулзахгүй, харахгүй, ярьж чадахгүй болсон гэдэг хорвоогийн хатуу үнэнтэй эвлэрэх тун бэрх. Гэсэн хэдий ч би, бид ганцаараа хорвоог өнчин туулаагүй шүү дээ гэсэн сэтгэлээр бидэрч л явна даа. “Ээж байвал бүх юм байдаг”, “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “Буцааж нэхэхгүй хайр”… эдгээр үг, шүлгийн мөр, дуу юутай үнэн юм бэ.

Хорт хавдрын хар сүүдэр манай гэр бүлийг тойроогүй, дайрч гарсан бар жилийн могой сарын тэр нэгэн өдөрхоногууд. Ээжийгээ тэнхрүүлэхээр эмнэлэгт очоод, “Элэгний хорт хавдрын сүүлийн шатанд орсон, 1-3 сарын настай, хөнгөвчлөх эмчилгээнд орох ёстой хүн байна” гэж эхоны эмчээс сонсоод цочролд орлоо. Эцсийн найдлага болгож, элгээ өгье гэвч нэгэнт хожимджээ.

“Эмч юу гэж байна?” гэж эмнэлгийн гадаа бага зэрэг санаа зовнингоо асуусан ээждээ, “Долоо хоног эмчлүүлээд гарахад сайхан болчихно” гэж байна хэмээн нулимсаа залгин байж хэлэхэд, ямар хэцүүбайсан гэж санана.Ээж минь архаг В вируст гепатитаар үүсгэгдсэн элэгний хатууралтай гэж хэдэн жилийн өмнө оношлогдоод, улмаар 2019 онд судас боох TACE эмчилгээнд орж байлаа. Элэгний хатуурал гэхээр тийм ч ноцтой хүлээж аваагүй, ТАСЕ-ийг хавдартай хүнд хийдэг эмчилгээ гэдгийг мэдээгүй хэдэн хүүхдийнх нь хувьд маш хэцүү нөхцөл байдалд оров.

Миний ээж Цэргийн төв эмнэлэгтнярав сувилагч, асрагчаас эхлээд лифтний оператораар20 орчим жил ажиллахдаа хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, энэрэн асрах үйлсэд чин сэтгэлээсээ, хариуцлагатай зүтгэсэн нэгэн. Олон арван хүнд өвчтөнийг эмчлэн анагаахад гар бие оролцсон, ажилдаа эзэн, үнэнч шударга, хамт олондоо элэгсэг дотно, нэр хүндтэй хүн байлаа. Элэгний хатуурлаас хорт хавдрын эцсийн шат болтлоо өвчин нь хүндрэх тэр жилүүдэд ээж минь хэдэн хүүхдээ зовоох вий гэж дотроо ямар их шаналж, зовж байсан бол гэхээс өр өвдөнө. Угтаа бол тухай бүрд л эмчийн зөвлөснөөр оношилгоо, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаад явсан даа.

Аав, ээж минь таван хүүхэд төрүүлж, өсгөсөн ачтанууд. 2003 оны долдугаар сарын 3-нд бидний хайрт аав Шовгор овогтой Ганболд зуурдаар насан эцэслэж, ээж минь 20 жил ханилсан амьдралын түшиг тулгуураа алдсан юм. Бид жаахан хүүхдүүд байсан болоод ч тэр үү аавыгаа үгүйлэн санаад хэцүү байсан ч ээжид минь нэгэн насны ханиа алдах ямар хүнд байсан бол. Гэсэн ч биднийг хүний зэрэгт хүргэхгэж, хүсэл мөрөөдлийг минь биелүүлэхийн тулд, мэдлэг, боловсролтой иргэд болгохын төлөө эх хүний үүргээ бүрэн ухамсарлаж, бусдаас тусламж гуйгаагүй, хэн нэгэнд бялдуучлаагүй, хэнийг ч буруутгаагүй, шантарч цөхрөөгүй, өөрийн үнэн амьдралаарүр хүүхдүүддээ үлгэрлэсэн юм. Эргэж уулзах нүүртэй, ухаантай амьдрах аргад үр хүүхдүүд биднийг сургасан билээ.

“Би ядарч байна”, “Та нарыг тэжээх гэж зовж байна”, “Хэцүү, бэрх байна” гэж гомдоллосонгүй, загнаж зандарч, хатуурхаж байсан удаагүй.Харин ч “Би та нарыг үнсэх гэж, тэврэх гэж, эрхлүүлэх гэж төрүүлсэн” гэдэгсэн. Үрсээ “мөр бүтэн, гэдэс цатгалан” байлгах гэж болгосоор, бүтээсээр, зорьсоор ирсэн. Цалингаа буух болгондоо маш гоё еэвэн авчраад, цөмөөрөө аз жаргалтайгаар хувааж иддэг байсан дурсамж энэ мөчид тод буулаа. Тэр еэвэнгийн амттайг хэлэх үү, миний ээжийн хөдөлмөрч, сайхан сэтгэлтэйг хэлэх үү.

Нэвтрүүлэгч болох багынхүсэл мөрөөдөл, зорилгоо хань ижил, үр хүүхдүүдийнхээ сайн сайхан амьдралын төлөөх тэмцлээр сольсон. Үр хүүхдүүд, ач, зээ нар нь түүний амьдралын утга учир, бид эрүүл саруул, элэг бүтэн, цээж тэнэгэр, мөр цэх яваа ньхамгийн том амжилт нь байлаа. Ханьдаа халамжтай, хадамдаа элэгтэй, үрдээ энэрэлтэй, эргэн тойрныхондоо элэгсэг дотно, эв нэгдлийг эрхэмлэгч, уужуу сэтгэлтэй, өөдрөг, зөв үзэлтэй, үргэлж цэмцгэр, нартад буянтай нэгэн байлаа, ээж минь.

Ээжийнхээ оношийг сонссон 14 хоногийн дотор түүний биеийн байдал маш хурдан дордсон юм. Гэдэс нь царайж, хэвлий хэсгээрээ тэсэхүйеэ бэрх өвдөж, хоол унднаас гарч, хэвтэрт орсон. Хэдхэн хоногийн өмнө аяга, халбагаа бариад хоол идэж, алхаж гишгэж, инээж баясаж байсан бол хөл, гарын булчин нь суларч, тэнцвэрээ алдан, өвдөлтдөө дийлдэн, юм ярьж чадахаа больсон доо. Нэг л удаа “Хэзээ хийсэн үйлийн үр ирэх нь энэ вэ” гэж сулхан дуугаар хэлж билээ. Бид тантайгаа харцаараа ярилцаж, таныхаа төлөө олигтой зүйл хийж чадахгүй байгаадаа уучлал гуйж, хайртай гэдгээ хэлэн, чадах чинээгээрээ асарч халамжиллаа.

Өвчинтэйгөө эцсээ хүртэл тэмцэж буй ээжийгээ хараад үнэхээр бахархах сэтгэл төрөв. Түшүүлээд ч болов алхаж гишгэхийг, өөрөө хоол, цайгаа ууж идэхийг, нэг үгээр хүний гарт орохгүй байхыг их хичээсэн. Биеийн байдал нь хүндрэхээс нэг сарын өмнө үйлчилгээний байгууллагад долоо хоногийн зургаан өдөр өглөөнөөс орой хүртэл олон жил тууштай ажиллаж байсан хүн гэж бодохоор ийм байдалд орсонд үнэхээр итгээгүй. Ер нь үр хүүхэд болсон бид аав, ээж ингэсэнгүй, тэгсэнгүй гэж омогдож, зөвхөн өөрсдийгөө, өрх үүсгэсэн бол гэр бүлээ л бодож, амин хувиа хичээгээд байх шиг. Гэтэл хөлгүй амьдралын эх булаг болсон төрсөн гэр,аав, ээждээ хэр их санаа тавьдаг билээ гэсэн бодлууд хөвөрч байлаа.

Ээжийгээ гэрээр асрахын хажуугаар оношных нь дагуу нэг эмнэлгээс гаргаад, нөгөө эмнэлэгт хяналтад оруулах, хэвтүүлэх гэж бид үнэндээ цөхрөнгөө барсан. Яаралтай түргэн дуудахад, “Амин үзүүлэлт нь хэвийн байгаа тул эмнэлэг авч явахгүй” гээд өвчин намдаах тариа л хийнэ. “Хорт хавдрын эцсийн шат” гэж оношлогдоод ч ор байхгүй гээд буцаана. Аргаа барахдаа дуудлагын сувилагч дуудаж, өвчин намдаах хамгийн хүчтэй тариануудаас хийлгэнэ. Хорт хавдартай хүнд тохирсон асаргаа, сувилгаа хийдэг ТББ-д хандахад, ихэнх нь ковидоос болж хаалгаа барьсан байв. Эцэстээ дуудлагын түргэний машинаар эмнэлэгт хүргүүллээ. Тэр үед л хавдраар хиар цохиулж байгаа улсад амьдарч байгаагаа ойлгосон. Ийнхүү хүнд өвчнөөр шаналж буй өвчтөнүүд хаана, хэнд хандахаа мэдэхгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадалгүй өнгөрөх аюулт нөхцөл байдалтай байна.

Миний ээж өөрөө эрүүл мэндийн салбарын жаргал, зовлонг ойлгодог хүний хувьд эцсээ хүртэл эмнэлэгтээ л найдсан. Тийм ч болоод бие нь маш хүнд, шокийн байдалтай эмнэлэгт хүргэгдээд хоёр удаа уртаар санаа алдаад, эргэж ухаан оролгүй, 2022 оны 5 дугаар сарын 17-нд насан өөд болж, тэнгэрт дэвшлээ.

Бидний хайрт ээж Дашдорж овогтой Чимгээ 1958 оны 10 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. Эхээс дөрвүүлээ. Гурван ахтай, айлын эрх танхи ганц охин. Багаасаа дутагдаж, гачигдах зүйлгүй, ижий, аавдаа эрхэлж өсжээ. Арван жилийн сурагч байхын л цэвэрч, нямбай, даруу төлөв, хүнд тусархуу зантай байж. Наймдугаар ангиа төгсөөд ЗХУ-д суралцахаар явж, орос хэлийг гаргууд суран, орчуулга хийдэг болжээ. Сургуулиа төгсөж ирээд, Цэргийн төв эмнэлэгт ажилд орсон нь тэр. Энэ насны амьдралаа үр хүүхдүүддээ, ажил хөдөлмөрт бүрнээ зориулж, асар их ухаан, сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрээр хорвоог туулсан хүний дээд нь байлаа, та. Та минь олон сайхан үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөөрөө хүрээлүүлсэн, сэтгэл хангалуун, аз жаргалаар дүүрэн амьдарсан юм шүү. Иймэрхэм хүмүүнээ ингэж хурдан хорт хавдар гээч аймшигт өвчнөөр нүд ирмэхийн зуургүй алдлаа, бид.

Энэ өвчин хэнд ч, хэзээ ч бүү тохиолдоосой гэж чин сэтгэлээсээ, бүх чадлаараа, дэлхий дүүрэн орилоод хүстэл тийм хэцүү юм билээ. Гэтэл манай улсад жилд дунджаар 6000 хүн хорт хавдартай гэж шинээр оношлогдож, сүүлийн 10 жилд 40 мянга орчим эрдэнэт хүний амь энэ шалтгаанаар эрсэджээ. 10 хүн тутмын наймнь хожуу үедээ оношлогдож байна. Үүнээс элэгний хорт хавдраар 40 хувь нь өвчилж, нас барж байгаа юм. Энэ тоо нь дэлхийн дунджаас найм дахин их үзүүлэлт гэдгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикаас харж болно. Ямар олон хүн энэ өвчнөөр шаналж, түүний гэр бүл, төрөл төрөгсөд нь сэтгэл санаа, эдийн засгийн хүнд байдалд орж байна вэ. Эмнэлэгт үзүүлэх өдөр, цагаа хэдий болтол нэг, хоёр сар хүлээх вэ. Эрүүл мэндийн салбар одоо байгаа нөөц, хүчин чадлаа хангалттай шавхаж байгаа гэж ойлгож болох ч хөгжил нь дэндүү удаан, хүртээмж нь үнэхээр сул байна.

Тиймээс ард иргэд минь амьдралын хэв маяг, дадал зуршил, хоол хүнсэндээ анхаарч, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдаж байгаарай. Төр засгаас эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг богино хугацаанд дорвитой үр дүнд хүргэж сайжруулах, чадавхжуулах зайлшгүй, тулгамдсан шаардлагатай байна. Асаргаа, сувилгааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх,хүнд өвчтэй хүнээ асарч буй гэр бүлийнхэнд нь сургалт, мэдлэг мэдээлэл өгөх, өвчтөнд яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх байдлыг дээшлүүлэх нь нэн чухал байгаа юм.

Ээж ээ, таны минь ухаалаг, хүнлэг, энэрэнгүй, хөдөлмөрчхичээнгүй, түшиг тулгууртай, эелдэг, цайлган цагаан, сайхан сэтгэлтэй зан чанар, бие даасан, хүчирхэг, зоримог байдал, үргэлж инээмсэглэсэн, цэвэр цэмцгэр, сэтгэл татам дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно. Тандаа Жанрайсэг бурхан, Ногоон дарь эхийн зүрхэн тарниар цагаан суварга босгоё. Үр хүүхдүүд нь нэрээ хичээж, үнэнч шударга, зөв амьдрахыг, бусдад туслахыг зоръё. Тандаа бид хязгааргүй их хайртай.

Хүн гээч амьтан эцсийн амьсгаагаа хураахын цагт уг үндсээ санадаг юм гэнэ лээ. Та минь тэр их өвдөлтөөсөө ангижраад, ижий, аавдаа баяртайгаар гүйгээд очсон гэдэгт итгэлтэй байна.Ингээд хүнд өвчнөөр шаналж буй хүн бүр, гэр бүлийнхэнд нь хандаж хэлэхэд, итгэл найдвараа бүү алдаарай. Эдгэрнэ, эдгээнэ гэсэн дүүрэн, халуун сэтгэлтэй байгаарай.

Амьд байгаадаа, амьдарч байгаадаа, эх дэлхийдээ талархъя.

Аав, ээжийгээ, хайртай бүхний хайрлая. Урам өгье.

Бидэнд тусалж, дэмжсэн хүн бүхэнд баярлалаа.

Эмнэлгүүд эндсэн тухай гэрчилгээ олгохоос илүү эдгэсэн тухай баярт мэдээг эмчлүүлэгч, түүний ар гэрийнхэнтэй хуваалцдаг байгаасай.

Охин Г.Мөнхтуяа

2022.07.08

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *