Categories
мэдээ эдийн-засаг

Манай улсад газрын тосны нийлүүлэлт хэвийн байна DNN.mn

Оросын Холбооны Улс Украинд түрэмгийлснээр газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн харилцааг бүхэлд нь алдагдуулсны дараа газрын тосны үнэ сүүлийн 14 жилийн дээд цэгтээ хүрч өссөн хэвээр байна. Газрын тосны үнэ хэт хөөрч, хамгийн сүүлд 2008 оны санхүүгийн хямралын үеэр ажиглагдаж байсан дээд цэгтээ хүрч, тус оноос хойш анх удаа баррель нь 120 ам.доллараас даваад байгаа нь ковидын үеийнхээс 6 дахин өссөн үзүүлэлт юм.

Зах зээл дэх газрын тосны нийлүүлэлт багассанаас үүдэж үнэ хэлбэлзсээр байгаа нь газрын тосны бүтээгдэхүүн импортлогч орнуудад хүндхэн тусаж байна. Тухайлбал, манай улсад нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний хил үнэ өмнөх сараас 15-35 хувиар өсчээ.

УУХҮЯ болон Роснефть компани хоорондын хэлцлийн дүнд өнгөрч буй 4-6 дугаар сард манай улс 1 тонн АИ-92 автобензинийг 25 хувиар хямд буюу 840 ам.доллараар худалдан авч 1 литрийг нь зах зээлд 2390 төгрөгөөр борлуулж байна. Энэхүү гэрээг сунгах хүсэлтийг УУХҮЯ-ны зүгээс ОХУ-ын Роснефть компанийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд албан ёсны хариу одоогоор ирээгүй байна.

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 141,017 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,641 тн, АИ-92 автобензин 51,703 тн, АИ-95 автобензин 6,185 тн, ДТ 71,086 тн байгаа ба АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 46 хоногийн, А-80 автобензиний 58, ДТ-ний 26 хоногийн, 31 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 66,107 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,346 тн, АИ-92 автобензин 29,228 тн, АИ-95 автобензин 3,557 тн, ДТ 28,743 тн байгаа ба АИ-92 автобензиний 31, АИ-95 автобензиний 49, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *