Сүүлийн хоёр долоо хоногт Европт дэгдсэн сармагчны цэцэг өвчний халдвар гурав дахин нэмэгдсэн хэмээн ДЭМБ-ын Европыг хариуцсан захирал Ханс Клюге мэдэгдлээ. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ бичжээ.
Ханс Клюге Европын улс орнуудыг эл өвчний эсрэг тэмцэхийн тулд илүү их арга хэмжээ авахыг уриаллаа. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/-ийн мэдээлснээр, дэлхийн 51 оронд сармагчны цэцэг өвчний 5,000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
Ханс Клюгегийн хэлснээр, Европт халдвар авсан хүмүүсийн тоо нийт хүн амын 90 орчим хувийг эзэлж байгаа бол сармагчны цэцэг өвчин Европын 31 улс оронд бүртгэгдсэн. Мөн нийт тохиолдлын 99 хувь нь эрэгтэйчүүд байгааг нэмж онцлов.
Сармагчны цэцэг өвчин нь салхин цэцэг өвчинтэй ижил төрлийн халдварт өвчин ба өвчний вирусийг анх 1950-иад онд илрүүлсэн ба Африк тивийн хүмүүст голчлон халдварладаг гэж үздэг.
Халдварын эхний шинж тэмдгүүд нь халуурах, толгой өвдөх, булчин болон ууц нуруугаар өвдөх, тунгалагийн булчирхай /зангилаа/ хавдах, жихүүдэс мэдрэх, ядарч сульдах зэрэг болно. Мөн тууралтаар илрэх ба ихэвчлэн нүүрэн дээр, дараа нь биеийн бусад хэсэгт тархдаг.