МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Э.Болортулгатай ярилцлаа.
-Тун удахгүй болох МСНЭ-ийн их хурлын талаар ярилцлагаа эхэлье?
-МСНЭ бол сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилдэг, тэдний мэргэжлийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага. 71 жилийн түүхтэй. Дөрвөн жил тутамдаа их хурлаа хийж, удирдлага бүтцээ сольдог уламжлалтай. Миний бие 2018 оны их хурлаар Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Хурал энэ сарын 6-нд товлогдоод байна. Их хурлаар байгууллагын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо ярилцана. Мэдээж нэг дор 3000, 4000 хүнийг хуралдуулах боломжгүй. Тиймээс төлөөллийн ардчиллын зарчмаар гишүүдээсээ наймаас нэг хүн оролцох байдлаар их хурлын төлөөлөгчид сонгогддог. Их хурлын төлөөлөгчид ерөнхийлөгч, бага хурлын гишүүдийг сонгоно. Бага хурлаас Удирдах зөвлөлөө болон дэд ерөнхийлөгч нараа сонгодог дүрэмтэй. Энд хүн бүхэн оролцох боломжгүй. Харин төлөөлж байгаа хүндээ үгээ дайж, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой.
Нөгөө талаас манай салбарынхан үг, үзэл бодлоо хаана ч, хэзээ ч илэрхийлдэг. Түүнийг нь МСНЭ хааж, боох эрхгүй. Харин бид сэтгүүлчдийн эрх зүйн болон эрх ашгийн зөрчил үүссэн тохиолдолд мэдэгдэл гаргах, хэвлэлийн бага хурал хийх, хуульчаар хангах, тэмцэх зэрэг байдлаар үйл ажиллагаа явуулдаг.
Нэмж хэлэхэд, МСНЭ хаалттай хуралдаад, хаалттай үйл ажиллагаа явуулдаг гэж зарим маань харддаг. Нэгд, энэ бол дотоод үйл ажиллагааны сонгууль хийх гэж байгаа учраас олон нийтэд нээлттэй байх шаардлагагүй. Хэвлэлийнхэн маань төлөөлж байгаа хүнээсээ бүх мэдээллээ авах боломжтой. Бид үйл ажиллагааны хувьд ковидын үед ч гэсэн үргэлж нээлттэй байхыг хичээж ирсэн. Бүх мэдээлэл маань ил тод. Дүрэм нь тодорхой, цахим хуудаст үйл ажиллагааны мэдээллүүд байнга тавигдаж байна. Хаяг, утасны дугаар бүх зүйл ил тод бий. Хэн нь ч явж ирээд үзэл бодлоо илэрхийлж болно, шүүмжилж ч болно. Нээлттэй.
Түүнээс гадна энэ байгууллага маань гишүүдийн татвар, хандив, тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрөөс л санхүүждэг. Ямар нэгэн нам эсвэл, ТББ, гадны донор байгууллагатай хамтрах боломжгүй гэдгийг хэлэх ёстой болов уу.
-Их хуралд хэчнээн төлөөлөгч оролцох вэ?
-Удирдах зөвлөлөөс 315 оролцох квотыг баталсан. Үүнээс сонин 50, сайт 60, телевиз /МҮОНТВ орсон/ 70, радио /МҮОНР орсон/ 30, сургалт судалгаа 20, ахмад 30, орон нутгийн хэвлэл 55 хүн оролцоно.
Сонин, сэтгүүл гэхэд сонины мэргэжлийн төв гэж бий. Манай дүрэм дээр ч байдаг. Тэр төвөөс бага хуралд ес, удирдах зөвлөлд хоёр хүн байдаг. Бүх сонин хэвлэл тэнд хамаарч, тэндээсээ мандат аван их хуралдаа орж ирсэн уламжлалтай. Мэдээж татвараа төлдөг, үйл ажиллагаанд оролцдог, МСНЭ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрдөг байгууллагад мандат тэгш хуваарилах зарчимтай. Тухайн байгууллага хэдэн ч хүнтэй байж болно. Өөрсдөө хэнийгээ явуулахаа сэтгүүлчид өөрсдөө шийднэ.
-МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сунгаа явагдаж байгаа. Хэчнээн хүн нэр дэвшээд байна вэ?
-Үе үеийн МСНЭ-ийн ерөнхийлөгчид Их хурлаасаа сонгогдож ирсэн. Энэ удаад ч тэр. Жил жилийн сонгууль хэл амтай, шуугиантай болдог. Тэр жишиг ч энэ жил ч давтагдаж байх шиг байна.
Одоогийн байдлаар МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн гурван хүн байгаа. Тодруулбал, УИХ-ын парламентын Сурталчилгааны төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюсер Ө.Отгонбаатар нар өрсөлдөхөө мэдэгдээд байна.
Сэтгүүлчдийн эвлэлийн дүрмээр нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ийм хугацаанд ингэж зарлана гэсэн тодорхой хугацаа байдаггүй. Хамгийн гол зарчим, шалгуур үзүүлэлт бол ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд нь улс төрийн намын харьяалалгүй байна гэж хатуу заасан. Энэ бол дархлаа гэсэн үг.
-МСНЭ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагаанаас та юуг онцлох вэ?
-71 жилийн түүхтэй гэдгээрээ МСНЭ-ийн уламжлал болсон үйл ажиллагаанууд байдаг. Манай баг түүнийг таслахгүй үргэлжлүүлэн явж ирсэн. Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга хэн байхаас үл хамаарч НЗДТГ-тай хамтран Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форумыг зохион байгуулж ирсэн. Энэ жил найм дахь удаа амжилттай зохион байгууллаа.
Мөн энэ хугацаанд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Ил тод байдлын тухай хууль зэрэг хууль эрх зүйн чиглэлээр нэлээд урагштай хэлэлцүүлгүүд өрнөсөн. Гэвч ковидын үе таарч, жаахан саарлаа. Хуулийн төслүүдийн боловсруулалт саяхнаас идэвхжиж байна. 2018 оноос орон нутгийн хэвлэл мэдээллийн форумыг зохион байгуулж эхэллээ.
Энэ дөрвөн жилд гадаад харилцаа маань нэлээд тэлж, тогтворжуулж чадлаа. “Медиа тур” төслийг санаачлан хэрэгжүүллээ. Солонгос-Монгол-Орос гурван улсын хамтын ажиллагааны хүрээнд ээлжлэн хоёр талын форумыг хийсэн. Ингэснээр сэтгүүлчдээ сургах, чадавхжуулах чиглэлийг түлхүү барилаа. Мэргэшсэн сэтгүүлч бэлдэх үндэсний хөтөлбөрийг санаачлан хоёр жил зохион байгууллаа.
Бас нэг онцлог ажил бол манайх дэргэдээ мэргэшсэн хуульчтай болсон. Хэвлэл мэдээллийнхнээ хуульч, өмгөөлөгчөөр хангаж, шаардлагатай үед хууль эрх зүйн туслалцаа үзүүлж ирэв. Одоогоор давхардсан тоогоор 50 орчим хэрэг дээр ажилласан байна. 10 орчим сэтгүүлч хариуцагч болж оролцсон шүүх хурлуудаас олонх нь хэрэгсэхгүй болж, зарим нь шүүхийн шатанд үргэлжилж байна.