Categories
гадаад мэдээ

Болгар улс нутаг дэвсгэрээсээ ОХУ-ын 70 дипломатчийг хөөлөө DNN.mn

зурагБалканы хойгийн Болгар улсын засгийн газар ОХУ-ын 70 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөх болсныг өчигдөр зарлажээ.

Энэ нь Софи хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны ажилтнуудын талаас илүү хэсэг болж байна.

“Болгар улс Оросын 70 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ албадан гаргахаар боллоо. Тэднийг манай улсын ашиг сонирхлын эсрэг ажилладаг болохыг тусгай албад тогтоосон” гэж тус улсын ерөнхий сайд Кирил Петков өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Болгар улсын ашиг сонирхлын эсрэг ажилласан бүгд нутаг буцах ёстой. Бид 70 суудал дүүрэн нисэх онгоц Москва руу нисгэх гэж байна” гэсэн байна.

Оросын дипломатчидын тус улсаас гарах сүүлчийн хугацаа долдугаар сарын 3-ны өдөр болохыг гадаад хэргийн яам нь мэдээлжээ.

Украинд Оросын цэрэг халдан довтолсноос хойш Европын олон улс орон Москвагийн дипломат ажилтнуудыг нутаг буцаасан юм.

Болгар улс нь коммунизмын үед Москватай найрсаг харилцаатай байсан. Мөн орчин үед Оросын жуулчдаас ихээхэн орлого олж байгаа.

Гэхдээ ерөнхий сайд Петковын үед тус улс ОХУ-тай харилцах харилцаандаа урьд өмнө байгаагүй хатуу байр суурь баримтлах болсон юм.

Тэрбээр хоёрдугаар сард Украины дайныг “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн батлан хамгаалахын сайдаа огцруулж байв.

2019 онд Оросын дипломатчид Болгарт тагнуулын ажиллагаа явуулдаг гэх дуулиан дэгдэж, өнгөрсөн хугацаанд тус улсын элчин сайдын яамны 20 ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөгөөд байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *