Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын дүн оноо болон их, дээд сургуульд элсэх журмын талаар мэдээллийг өчигдөр олон нийтэд өглөө.
БҮТ-өөс мэдээлснээр ЭЕШ-ын нийт шалгуулагчаас 208 хүүхэд 800 оноог бүрэн авчээ. Улсын хэмжээнд 480 онооны босго давсан 24.693 шалгуулагч байгаа бол сонгосон бүх хичээлээрээ 400-гаас бага оноо авсан шалгуулагч 1355, 480-аас бага авсан нь 7333 байгаа аж. Их, дээд сургуулийн элсэлтийн тухайд салбарын яамны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамирын ярьснаар их сургууль нь онолын түвшин өндөр байдаг тул хувийн болон улсын бүх их сургуулийн босго оноог 480 байхаар тогтоосон. Харин дээд сургуулийн хувьд онол, дадлага хослох сургалтын онцлогтой байдаг тул 440, коллеж нь дадлага нэлээд голлох чиглэлд байдаг учраас 400, орон нутгийн сургуулиудыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, шинэ сэргэлтийн бодлого, төвлөрлийг сааруулах зэрэг олон бодлоготой уялдуулан 410 байхаар босго оноог тус тус тогтоосон” гэв.
Энэ жилийн ЭЕШ-ын зохион байгуулалтын талаар ихээхэн маргаан дэгдээд байгаа юм. Төгсөгчид болон эцэг, эхчүүд олон төрлийн баримт, кейсийг цахим сүлжээнд хуваалцаж, зарим нь БҮТ-д ч гомдол гаргажээ. Гомдол хүлээж авах эхний өдрийн байдлаар 300-гаад хүүхэд шалгалтын дүнтэй холбоотой өргөдөл гаргаад байгаа аж.
Энэ талаар БҮТ-ийн захирал Л.Ганбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-Зохион байгуулалт дээр ямар байр суурьтай байгаа вэ. Сайн уу, муу юу. Маш их механик алдаанууд гарсан талаар хүүхдүүд, эцэг эхчүүд ярьсаар байна. Хүүхэд бол хэзээ ч худлаа ярихгүй?
-Ер нь бид ЭЕШ бол шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах зорилготой. Бүх шалгуулагчдад ижил тэгш боломж олгох ёстой. Жилийн жилд асуудлууд гараад байгаа. Санаатай болон санамсаргүй байдлаар шалгуулагчдын хувьд журам зөрчих асуудал гарсан. Гар утастай эсэхийг гадна нь нэлээд шалгаж оруулсан. Гэтэл илрүүлэх боломжгүй газрууддаа гар утсыг хэсэг хэсгээр нь салгаж авч ороод шалгалтын дэг зөрчиж, зураг дарах асуудал гараад байгаа юм. Жил ирэх тусам бид зохион байгуулалтын өндөр түвшинд хийж, олон шинэ технологи нэвтрүүлж байгаа ч тэр хэмжээгээр хүүхдүүдийн арга нарийсч, асуудал гараад байна. Тиймээс манай эцэг эхчүүд, багш нар, дараа жилийн ЭЕШ өгөх хүүхдүүд хөндлөнгийн аливаа нэг зүйлд найдахгүй, зөвхөн өөрийнхөө мэдлэг чадварыг бодитой үнэлүүлж дайчилдаг байх юм бол энэ зөрчлүүд арилах боломжтой. Энэ зөрчлүүдийг арилгахын тулд БҮТ бүхий л чадлаараа зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллаж байгаа. Энэ жил бас ч алдаа, өргөдөл гомдол гайгүй байна. Мэдээж хүүхэд хохирох ёсгүй. Бид гомдлын дагуу холбогдох арга хэмжээ аваад явж байгаа.
-Харандаа, үзүүрлэгч, баллуур хүрэлцээгүй асуудал их яригдаж байгаа. Анги танхим дунд нь хоёр үзүүрлэгч, баллуур өгсөн гэх зэргээр. Үүнээс үүдэж хохирсон тохиолдол ч бий гэх юм?
-БҮТ-өөс хангалттайгаар тухайн шалгалтын байранд шалгалт өгч байгаа хүүхдийн тоогоор, дээр нь бүр нөөцтэйгөөр баллуур, харандаа, үзүүрлэгч хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. Хамгийн эхний өдрийн хоёр дахь шалгалт дээр ийм асуудал Увс аймагт гарсан юм билээ. Шалгалтын танхимд 30 хүүхэд байсан гэж бодоход хүүхдийн тоогоор биш хоёр хүүхдийн дунд нэг гэдэг байдлаар, шаардлага гарсан тохиолдолд хянагч багшаас авч болохоор зохион байгуулсан юм билээ.
-Тэр бол танай байгууллагын зохион байгуулалтын ажил биз дээ?
-Тийм. Тэр шалтгааныг комиссын гишүүд тайлбарлахдаа өмнө нь шалгалтад орсон хүүхдүүд харандаа баллуураа ширээн дээр орхиод гарах ёстой байсан. Гэтэл бүгд аваад гарснаас баллуурын нөөц хүрээгүй гэдэг шлатгаанаар хүүхдүүд дунд олгосон гэж байгаа. Бид тухайн үед арга хэмжээ авч, дараагийн шалгалтаас нөөцийг хэвийн болгосон.
Баллуур, үзүүрлэгч хүрэлцээгүйгээс шалгалтаа хийж чадаагүй гэх тохиолдол гараагүй.
-Математикийн шалгалтын тест задарсан гэж байгаа. Өмнөх жилүүдэд ч ийм тохиолдол гарч байсан. Гэтэл та бол ЭЕШ-ыг сайн зохион байгуулсан гэж ярьж байна, тийм үү?
-Аанхан.
-Дараагийн шалгалтууд дуусаагүй байхад математикийн шалгалтын материал цахим орчинд тархсан. Заавал ийм алдаа гаргах ёстой юм уу. Тухайн үед байсан хянагч багш нарт хариуцлага яригдаж байгаа юу. Зохион байгуулалтын алдаанаас болж нэг ч хүүхэд хохирч болохгүй байх?
-Гар утасны л асуудал байгаа. Шалгалтын өмнө тест задрах ямар ч боломжгүй. Харин гар утастай ороод шалгалтын үеэр зураг дарчихсан. Түүнийгээ сошиал дээр тавьчихсан хүүхдүүдийн асуудлыг шалгалтын сэдэв задарсан гэдгээр ойлгоод байна. Үүнийг шалгалтын журам зөрчсөн гэж үзнэ. Шалгалтын материалын зураг авч сошиал дээр тавьсан хүүхдийг илрүүлсэн. Дүн оноог нь хүчингүй болгоно.
Ер нь дараа дараагийн жилүүдэд хүүхдүүд өөрсдөө хариуцлагатай болчихмоор байгаа байхгүй юу. Бидний хувьд мэдээж гар утастай оруулахгүй байх тал дээр бүх сүлжээ унагагч ажиллуулах зэргээр бүх боломжоороо ажилласан.
-Тэгвэл яагаад ийм асуудал гараад байна вэ. Энэ чинь л зохион байгуулалтын алдаа биш үү. Харандаа, баллуурыг хүүхдүүдийн тоогоор, бүр дээр нь нөөцтэй хүргүүлсэн гэж та хэллээ. Гэтэл өмнөх шалгалтын хүүхдүүд хэрэгслээ үлдээгээд гарах ёстой. Түүнийг нь дараагийн хүүхдүүд хэрэглэх ёстой болоод явчихлаа?
-Улсын хэмжээнд нийтдээ давхардсан тоогоор 2600 орчим багш хянагчаар ажилласан. Багш нар хүүхдийг гар утастай орохыг нь мэдээгүй. Орсон хойноо зураг авч байх явцад нь илрүүлсэн. Гар утастай орсныг нь огт мэдээгүй өнгөрч байгаа тохиолдол огт байхгүй.
Тэр явдлын тухайд гэвэл шалгалт руу шалгуулагчийг ороход гар утас дуугарсан. Багш мэдсэн ч хурааж авахгүйгээр, унтраагаад далд хий гэж хэлээд өнгөрсөн. Гэтэл дараа нь дахиад дуугарсан гэдэг гомдол гарсан. Тиймээс багшид дахиж шалгалтад оруулахгүй байх, ажлын хөлс өгөхгүй. Дээр нь Багшийн ёс зүйн дүрэмд зааснаар тодорхой арга хэмжээ авах асуудал яригдаж байгаа.
-Шалгалтын агуулга дээр байр сууриа илэрхийлэхгүй юү. Англи хэлний шалгалт гэхэд IELTS-ийн хэмжээнд орж ирсэн. Математикийн В хувилбар маш хүнд байсан зэргээр хүүхдүүд бичсэн байсан?
-Агуулгын хувьд блүпринт гэж байгаа. Тэр нь тухайн хичээлийн шалгалтын агуулгын хамрах хүрээг тодорхойлж өгдөг. Мэдээж хүүхдүүд хоёр жилийн хугацаанд ковидын карантинд байсан учраас сэдэв даалгаврын агуулга дээр онцгойлон анхаарсан. Нэг зүйлийг ойлгох ёстой. ЭЕШ-ын агуулга зөвхөн 12 дугаар ангид судалсан чадварын хүрээнд биш 1-12 дугаар анги хүртэл 12 жилийн хугацаанд сурч мэдсэн зүйлийн агуулгаар үнэлгээ хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Нийгмийн ухааны шалгалт дээр СХД-т 10 гаруй хүүхдийн материал шалгадаг төхөөрөмжинд хийхэд алга болсон. Тиймээс дараагийн хүүхдүүд шалгалтад орохоос өмнө 20 минутын дотор дахин бөглө гээд хийлгэсэн зөрчил яригдаж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-Хүүхдийн материал алга болно гэдгийг ойлгохгүй байна. Тэгэх боломж байхгүй. Анх удаа сонсож байна. Шалгалт дууссаны дараа эхний ангиас эхлээд тухайн ангийн шалгалт өгсөн хүүхдүүдэд засалтын өрөөг тусад нь бэлдсэн байгаа. Түүн рүү анги ангиар нь оруулж ирээд материалыг нь уншуулаад дуусангуут нь дүн оноог ил тавьж байгаа. Магадгүй ганц нэг хүүхдийн баганан кодон дээр асуудал үүсээд дүн гараагүй гэдэг тохиолдол гарсныг тухайн үед нь арга хэмжээ аваад дүнг нь гаргаад явсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харгалзагч хүнтэй хамт орох байсан ч оруулаагүй. Багштай оруулсан. Багш нь вариантыг нь зааж өгөөгүйгээс шалгалтаа амжилттай өгч чадаагүй гэх гомдлыг эцэг, эх нь тодорхой баримттай ярьсан байсан. Танайд ч гомдол гаргасан гэсэн. Яаж шийдэгдсэн бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй 30 орчим хүүхэд хүсэлтээ өгч бүртгэлээ баталгаажуулсан. Өргөдөл өгсөн байгаа байх. Эхнээс нь бид дарааллаар нь шийдээд явж байгаа гэв.