Тархины судас дотуурх мэс заслыг манай улсад 2014 оноос эхлэн амжилттай хийж байгаа билээ.
Энэ талаар П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын их эмч, анагаах ухааны докторант Р.Ганбаатартай ярилцлаа.
-Юуны өмнө тархины судас дотуурх хагалгаа гэж яг юу болох талаар уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Энэ нь тархины төрөлхийн болон олдмол гажгийг эмчлэх мэс ажилбар юм. Цус харвах, цаашилбал тархины эдийг гэмтээх эрсдэлийг зогсоодог эмчилгээний нэг арга гэж бас хэлж болно. Орчин үеийн анагаах ухааны ойлголтоор нээж ордог мэс засал биш. Өөрөөр хэлбэл, гавлын ясыг нээж хийдэггүй гэсэн үг. Гуяны, шууны том буюу өнгөц артерид гуурс оруулж зүрхний гол судсаар өгсөөд тархи руу орж дотор нь хийдэг бичил мэс засал л даа.
-Хамгийн түгээмэл тохиолддог тархины судасны эмгэг гэвэл?
-Тархины судасны аливаа эмгэгийн эцсийн үр дүн бол цус харваж нас барах явдал. Эсвэл насан туршийн тахир дутуу болгодог аюултай. Ер нь тархины судасны эмгэг үндсэн хоёр хэлбэртэй. Эхнийх нь гэвэл эмгэгээс үүдэн судас нимгэрч хагараад тархины эд рүү харвалт өгдөг. Нөгөөх нь судсанд тромб буюу бүлэн үүсч тархины судас бөглөрснөөр хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг. Ерөөсөө л судас хагарах, эс бөгөөс бөглөрөхөөс л тархины судасны эмгэг үүсдэг.
Манайд төдийгүй дэлхийн аль ч оронд хамгийн түгээмэл нь тархины судасны цүлхэн гэдэг өвчин. Энэ нь тархины судасны хаана ч илэрч болдог. Гэхдээ ихэвчлэн судасны салаалах хэсэгт тохиолддог юм. Нөгөөтэйгүүр, тархины артери, венийн судасны эмгэг сүлжээрэл гэж бий. Энэ нь төрөлхийн шинжтэй агаад тараагуур, хураагуур судаснуудын хооронд эмгэг холбоос үүссэнээс үүдэлтэй.
-Манай улсад тархины судасны цүлхэн өвчинтэй хүн хэр их байдаг бол?
-Энэ өвчний талаарх судалгаа олон улсад цөөнгүй хийгддэг. Дундаж статистик тооцоогоор бол манай улсад 60 мянга орчим хүн цүлхэн тээгч боловч түүнийгээ мэдэхгүй явж байх магадлалтай. Тэдгээрийн 10 орчим хувь нь тархины судас хагарч хүндэрсэн шатандаа эмнэлэгт ирдэг. Ер нь Монголд жилд 500 орчим хүн тархины судасны цүлхэн өвчний улмаас цус харвадаг гэж тооцоолж болох биз ээ.
-Энэ өвчний шалтгаан нь юу вэ?
-Тархины судсаар цус маш хүчтэй даралттайгаар урсдаг л даа. Тэгээд судасны ханыг дарж шахсаар нимгэрүүлж, эцэст нь үлээдэг агаарын бөмбөлөг шиг сунасаар байгаад хагардаг гэж зүйрлэн хэлж болно. Монголд жилд тархины судасны зөвхөн цүлхэнгийн нээлттэй мэс заслыг 300 орчим, үүнээс судсан дотроос 200 орчим хийж байна. Тэгвэл цаана нь 100 гаруй хүн эмч дээр ирэлгүй, хагалгаанд орж чадалгүй нас бардаг байж болох юм.
-Сүүлийн үед ковидын улмаас хүмүүсийн цус их өтгөрч харвалт өгдөг болсон гэх юм. Залуус цус харвах нь ихэссэн гэх юм?
-Ковид цусны бүлэгнэлтийг ихэсгэдэг нь тогтоогдсон. Бүлэгнэнэ гэдэг чинь цусны гүйдэл зогсоно гэсэн үг. Коронавирус түүнчлэн судасны ханыг гэмтээдэг. Иймээс ч чихрийн шижинтэй, даралт өндөр, цус харвах эрсдэлтэй хүмүүсийг цусан хураа үүсгэдэг эмгэгтэй болгоод байгаа юм. Ковидоос үүдэн голдуу судас бөглөрөх эмгэг ажиглагдах болсон.
-Цусны бүлэгнэлтийг ямар аргаар анагааж байна вэ?
-Бид тархины судсыг бөглөсөн бүлэнг судсан дотроос нь мэс засал хийгээд авдаг. Сүүлийн үед цус тархмал хэлбэрээр бөглөрөөд байгаа. Ганц бус нэлээд хэдэн судсыг зэрэг бөглөх явдал их тохиолдох болжээ. Иймд тухайн өвчтөнд нэн даруй арга хэмжээ авахгүй бол амь насыг нь алдах магадлал их. Учир нь бүлэн хайлуулах эмчилгээг 4-6 цагийн дотор хийх ёстой. Бүлэн авах эмчилгээ зургаан цаг, цаашлаад бүр 12 цаг ч үргэлжлэх нь бий. Захын судас бөглөрсөн, эмч бидний ярьдгаар коллатераль судаст бөглөрөл үүссэн бол 24 цагийн дотор тархи үхжээгүй бол бүлэнг авах боломжтой. Харин нэгэнт тархи үхжээд тархинд өөрчлөлт орсон бол найдвар бага. Учир нь бүлэнг авлаа ч тархи сэргэхгүй, үхэжсэн байдаг.
-Тархины судас дотуурх мэс заслын заалт нь юу байдаг бол?
-Амь насны заалт гэж бий. Өөрөөр хэлбэл, хүний амь насанд эрсдэл учирсан байх явдал. Судас нь хагарах, бөглөрөх гээд нарийссан хүмүүст мэс засал хийх шийдвэр гаргадаг.
-Ийм төрлийн хагалгааг өдөрт дунджаар хэдийг хийдэг вэ?
-Дэлхийд мэдрэлийн мэс заслын эмчилгээ хийдэг олон төв бий. Тэд өвчтөнүүдээ хуваагаад авчихдаг. Цус харваад юм уу, судас нь бөглөрөөд ирсэн бол хурц хэлбэр гэж үзээд хүний амь насыг аврах заалтаар мэс ажилбар хийдэг. Тиймэрхүү томоохон төвүүдэд өдөрт 5-6, харин жижиг эмнэлгүүдэд 2-3 хагалгаа хийдэг юм билээ.
-Харин манайд ямар бол?
-Манайд тархины судас дотуурх хагалгааг өдөрт 2-3 ч биш, түүнээс ч ихийг хийхэд хүрдэг юм. Учир нь манай улс ганцхан тийм төвтэй шүү дээ. Ийм төрлийн мэс ажилбар гүйцэтгэдэг гуравхан эмчтэй. Хүний нөөц хангалтгүй. Судас доторх бусад төрлийн хагалгааг бодвол тархины судас доторх мэс ажилбар хамгийн хүнд хэцүү нь. Маш олон өртөг өндөртэй багаж хэрэгсэл, материал шаардагддаг юм. Дээр нь ийм төрлийн мэс заслыг хийж сурахын тулд эмч нарыг дор хаяж 3-5 жил дагалдаж байж бие даан гүйцэтгэх боломжтой болдог. Миний хувьд энэ төрлийн мэс заслыг 10-аад жил хийж байна. Гэтэл цаашид сурах юм бишгүй. Тэгээд ч энэ салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжин дэвших болсныг хэлэх үү.
Нэмж хэлэхэд, ийм хагалгааг ганц хоёр хүн хийчихдэг юм биш. Бүхэл бүтэн баг ажилладаг. Унтуулгаар мэргэшсэн, сэхээн амьдруулахаар мэргэшсэн гээд олон эмч гар нийлэн ажиллаж байж мэс ажилбар амжилтад хүрдэг.
-Та ноднин жил Монголын тархины судас дотуурх мэс заслын нийгэмлэг санаачилж үүсгэн байгуулжээ. Нийгэмлэгийнхээ зорилгын талаар тодруулна уу?
-Ийм төрлийн мэс заслыг Монголд хэрхэн нутагшуулах, эмчилгээнийхээ үр дүнг иргэдэд яаж хүргэх, дэлхийн хөгжингүй цөөхөн хэдэн оронд хийдэг мэс ажилбарыг бид Монголдоо хэдийнэ амжилттай хийдэг болсноо энэхүү нийгэмлэгийг үүсгэн байгуулж таниулан мэдүүлэхийг хүссэн юм. Угаасаа манай улс энэ төрлийн мэс заслаараа хөгжингүй орнуудаас дутахгүй болсон шүү дээ. Тархины судас дотуурх мэс засал хийлгэхийн тулд гадаад явах шаардлагагүй болсныг мөн иргэддээ хүргэх гэсэн хэрэг. Одоогоор манай төв олон улсын судалгаанд оролцдог нэг төв нь болсон байгаа. Цаашид олон улсын сургалтын төв болгохоор ярьж ажиллаж байна.
-Тархины судас дотуурх хагалгаа нь дотроо олон аргатай. Тэдгээрийн нэг болох урсгал өөрчлөгдөх стент тавих хагалгааг шинээр нэвтрүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Урсгал өөрчлөгдөх стент тавих хагалгаа улам бүр төгөлдөржин шинэчлэгдсээр байна. Эхэндээ энгийн хэлбэртэй байсан бол мэс заслын үед гарах эрсдэлийг багасган боловсронгуй болсоор бөглөрлөөс сэргийлэх бүрхүүлтэй болсон гээд улам нарийссан. Тархины судас дотуурх хагалгааг зарим оронд дөнгөж хийж эхэлж байгаа шүү дээ. Гэтэл бид зарим мэс заслуудыг Азидаа анх хийж байгаа. ОХУ, Германы тэргүүний мэргэжилтнүүд манайд ирж сургалт явуулсаар байна.
-Ийм нарийн мэс ажилбар мэдээж аль ч улсад өртөг өндөртэй. Манайд харин 100 хувь үнэ төлбөргүй болсон гэл үү?
-Тийм ээ. Төрөөс хамгийн сүүлийн үеийн үнэтэй тоног төхөөрөмжөөр хангадаг болчихлоо. Иймээс ч эхлээд тархины судас дотуурх хагалгааны 75 хувийг улс, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө төлдөг байсан бол өнгөрсөн гуравдугаар сараас 100 хувь төр даадаг болсон. Өмнө нь өвчтөний төлдөг тэр 25 хувь гэдэг чинь 15-20 сая төгрөг байлаа шүү дээ. Энэ бол маш том ололт.
-Тоног төхөөрөмж, аппаратын хувьд ч хангамж сайжирсан гэсэн?
-Анх АНУ-ын Мянганы сорилын сангийн санхүүжилтээр нэг аппарат авч байв. Харин одоо хамгийн сүүлийн үеийн гурван аппараттай болж, хангамж хүртээмж үнэхээр сайжирлаа.
-Аавыг тань мэс заслын эмч байсан гэж сонслоо?
-Аав маань бас мэс заслын эмч байсан л даа. Маш их ачаалалтай, амралтын өдөргүй ажилласаар 49 насандаа харвасан юм. Онош нь тархины судасны цүлхэн гэж гарсан. Тэр үед манай улсад шаардлагатай хагалгааг хийдэггүй байсан учир Москва явахаас өөр аргагүйд хүрсэн. Тэгэхэд би жаахан хүүхэд байлаа.
-Тэгээд хагалгаа амжилттай болсон уу?
-Тийм ээ. Тэгээд л би аавынхаа мэргэжлийг уламжилсан юм.
-Тархины судас дотуурх хагалгаа хийхэд хэр хүндрэлтэй вэ. Үйл явцыг нь товч боловч тайлбарлавал?
-Тархины хагалгаа хоёр төрөлтэй. Нээлттэй хагалгааг микроскопоор харж хийдэг. Харин судас дотуурх хагалгааг рентген гэрлээр нэвт гэрэлтүүлэх чадвартай тусгай аппаратын тусламжтайгаар хийдэг. Өнгөц харвал амархан мэт санагдах байх л даа. Мэдээж тийм биш. Наад зах нь гэхэд багаж хэрэгслээ зөв сонгохгүй бол тархины судсыг урна, гэмтээнэ.
Монгол Улс тархины судас дотуурх хагалгаагаар дэлхийд дээгүүрт орж буйг дахин онцолмоор байна.
Д.Цэрэндолгор