Уур бол тийм ч муухай юм биш. Хүний сэтгэл хөдлөлүүдийн байдаг л нэг үзэгдэл. Хүн огт уурлахгүй, уураа бариад тэвчээд, хадгалаад байж болохгүй. Харин уураа гадагшлуулахгүй, ширгээхгүй бол гэнэт дэлбэрдэг нь аюул. Битүү чанагчинд хоол болгохдоо уурыг нь нэгэн жигд гаргахгүй бол бууддаг. Хамгийн ойрын жишээ гэвэл хорхог хийхдээ уурыг нь гаргадаг даа. Яг үүнтэй адил та уураа гаргаж байх ёстой. Гол нь нэгэн жигд, зөөлхөнөөр.
Буддын гүн ухааны багш нар, гавж, гэвш лам нар уурлах нь маш ховор. Уурламаар юман дээр ч уурладаггүй. Уурлуулъя гэвч уурлахгүй шүү. Харин уурласан дүр үзүүлэх юм уу, хичээлээ хийгээгүй, номонд шамдаагүй шавь нартаа хандаж урьд өмнө хэн нэгэнд тохиолдсон ном сураагүй явдлыг хөгжилтэй, ёжтойгоор ярьж “чимхэнэ”. Эсхүл хичээл, гэрийн даалгавар нэмж өгнө. Эрдэмтэй лам нар уураа ингэж гаргаад байх шиг байдаг юм.
Йог, бясалгал гээч зүйлс бол уурыг үүсгэж буй буруу бодлын үндсийг олоод түүнийг таслахад тусалдаг. Энэ бол уураас салах маш зөв арга замууд. Гэхдээ уурлаж байна гэдэг бол сэтгэл зүйн хувьд эрүүл, өөрийгөө таагүй, тухгүй, таалагдахгүй юмнаас хамгаалж чадаж байна гэсэн үг л дээ, товчхондоо. Гол нь уураа зөв гаргах, зөв дарахад л асуудал байгаа юм. Уур бол залж, дарж болдог нисванис. Уурын ерөндөг бол тэвчээр. 8-хан секунд тэвчээд, зөв бодлоор угтуулчихад уурын гал унтарчихдаг. Огт уурладаггүй хүн гэж байхгүй. Хэрвээ байгаа бол уураа зөв дарж сурсан, номхруулсан хүн л байх.