Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах, удирдлагын багийн гишүүдийн хамт төвийнхөө нийт сувилагч нарын нийгмийн баталгааг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр сувилагч нартай өргөтгөсөн уулзалт зохион байгуулжээ.
Энэхүү уулзалтын үеэр Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх болсон тухай сайхан мэдээг танилцуулсан байна.
“Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-т тусгасан “Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ үндсэн цалинг 10-25 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
Тусгай мэргэжилтнүүдийн үндсэн цалинг 10 хувь
Тасгийн сувилагч нарын үндсэн цалинг 15 хувь
Эрчимт эмчилгээний сувилагч нарын цалинг 25 хувиар тус тус 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад “Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах” зорилгоор үндсэн ажилтнууддаа 500,000 төгрөгийн 1 удаагийн мөнгөн урамшууллыг 2022 оны 07 дугаарын сарын эхний цалин дээр олгохоор шийдвэрлэжээ.
Мөн 2022 оны 05 дугаар сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 49 тоот тушаал дагуу илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцоолон олгож эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг танилцуулсан байна