Categories
мэдээ нийгэм

Хоногт гурван хүн усны ослоор амь эрсэджээ DNN.mn

Онцгой байдлын албанд өчигдөр /2022.06.21/ гол, нуурын усанд живсэн тул тусламж хэрэгтэй байна гэх дуудлагууд иржээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт байрлах нуурт автомашин осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага энэ сарын 20-нд ирсэн байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид зургадугаар сарын 21-ний өдрийн 04:30 цагт Цагааннуур суманд очиж нуураас суудлын автомашиныг татан гаргажээ. Автомашины бүхээг дотроос 26 настай иргэний цогцсыг гарган аймгийн цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Мөн Архангай аймгийн Өгийнуур суманд байрлах “Тамир”-ын голын усанд хүүхэд осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага өчигдөр 18:20 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг явуулж, 15 настай хүүхдийн цогцсыг голын эргээс гурван метр зайтай, дөрвөн метрийн гүнээс гаргаж цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Түүнчлэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Туул” голын эргээс хүний цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс өчигдөр иржээ.

Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж оршин суух хаяг, нэр тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг “Туул” голын уснаас 15 минут ажиллаж гаргажээ.

Гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөж байгаа тул голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үер, усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *