Биеийн тамир спортын газар, салбарын яамтай хамтран зохион байгуулдаг “Тамирчдын баярын өдөр” энэ жил зургадугаар сарын 26-нд тохионо. Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан тус арга хэмжээг энэ удаад орон даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Зохион байгуулагчид энэ жилийн баяраа урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй, онцлог зохион байгуулахаар болсон байна. Тухайлбал, “Тамирчдын баяр”-ын өдрөөр МҮОХ-ны музей, төв орон нутгийн спорт заал, фитнесс, спорт клуб тодорхой хугацаанд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Энэ өдрийн оргил арга хэмжээ нь Д.Сүхбаатарын талбайд 09:00 цагт эхлэх хүндэт зочид спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин, олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальтан тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал байх юм. Араас нь цацагтай аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, флаш моби дасгал, “UB dreams” хамтлагийн бөмбөрийн тоглолт, брейк данс бүжиг зэрэг үзүүлэх тоглолт болно.