Он гараад төр хувийн хэвшил рүү улаан цайм дайрч эхэллээ. Ашигтай ажиллах нь тодорхой томхон хувийн үйлдвэрүүдийг элдэв янзаар нь шалгаж байгаад төрд буцаан авч байна. Үүний тод жишээ Эрдэнэтийн эмнэлэг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүд.
Тухайлбал, 2022 оны гуравдугаар сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болгон, уг үйлдвэрийг төрд буцаан авсан билээ.
Уг нь энэ үйлдвэрийг хувьчилж авсан “Кью Эс Си” компани хуучин үйлдвэрийнх нь дэргэд цоо шинэ үйлдвэр бариад ашиглалтад оруулж ажиллахтай нь зэргэцэн төр авчихсан нь энэ. Тэгээд төрийн зүгээс захирлаар нь Л.Наранбаатарыг тавьсан нь өдгөөгийн цементийн хомсдолын үүдэл болж байна.
Л.Наранбаатар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн дарга болтуутаа Цементийн үнийг буулгаж эхэллээ хэмээн попорч эхэлсэн. Зах зээлийн эрэлт, хэрэгцээгээ мэдэрч, мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөхөөсөө илүүтэй нийтэд ая тал олох гэсэн поп сэтгэлгээ ажлыг хэрхэн дампууруулдгийн тод жишээ энэ болов.
Эдийн засгийн хүндрэлийн энэ цаг үед Монголд хүнд үйлдвэрүүдээ сэргээж, долларын урсгалыг дотооддоо үлдээх бодлогоо төр ийм поп захирлуудын гараар үгүй хийж эхэлж бна уу. Мөн бэлээхэн ажиллаж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ч үр ашигтай ажиллуулах боломж бололцоо бүрэн бий.
Мөн л МАН-ын поп хурган дарга нарын гараар орж Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн араас балрах вий гэсэн айдас мэргэжлийнхний дунд байсаар байна.
Өдгөөгийн эрх баригчид хувийн өмч рүү ингэж шүлсээ урсган дайрч, хурааж авчихаад үйл ажиллагааг нь улам л унагаж эхэллээ. Ингэж ажлыг унагаж үнэ цэнгүй болгочихоод дахин хувьчлах мэргэн санаа эрх баригчдад төрсөн байхыг ч үгүйсгэхгүй юм.
Английн төмөр хатагтай “Төрд их өмч байгаад хэрэггүй. Учир нь төрийн өмч улстөрчдийн өмч болчих гээд байдаг юм” гэж зүгээр ч нэг хэлээгүй аж.
Т.Цэцэг