Эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.
-ОХУ болон Укрианы дайнаас үүдэн Европын холбоо ОХУ-д шат дараатай хориг арга хэмжээ авч байгаа. Тус хориг манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?
-Европын холбооноос ОХУ-д тавьсан хоригийг манай улсад сөргөөр нөлөөлөх болов уу гэсэн таамаг зарим судлаачид дэвшүүлсэн. Харин миний бодлоор бид үүссэн нөхцөл байдлыг ашиглаж чадвал манайд олон эерэг үр дүн ажиглагдах боломжтой. Хамгийн гол нь тэр боломжийг төр засгийн удирдлагууд ашиглаж чадах эсэх нь анхаарал татаж байна. Манай улсын хувьд ОХУ-аас шатахууны хараат байдал хамгийн өндөр байдаг. Тэгвэл Европын холбоо ОХУ-ын газ, шатахуун, нефтийн худалдаанд хориг тавьсан. Энэ юуг илтгэж байна гэхээр ОХУ-д хориг тавиагүй Хятад, Монгол, Энэтхэг, Иран гэх мэт орнуудад дээр дурдсан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж, үнэ нь буурах боломжтой. Гэхдээ бодит байдал дээр Европын холбоо ОХУ-д хориг тавьсан гэж байгаа боловч ОХУ-ын шатахуун, газны борлуулалт он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар гурав дахин өсчихсөн байна. Өмнөх оны мөн үед 30 орчим тэрбум ам.долларын газ,нефтийн бүтээгдэхүүнийг ОХУ гадагшаа гаргаж байсан бол хоригт орчихсон байгаа энэ үеийн эхний дөрвөн сарын байдлаар 96 тэрбум ам.долларын газ, нефть гадагш гаргасан байна. Манай улсын нөхцөл байдал маш тодорхой. ОХУ-аас “Европын холбооноос тавьсан хоригийг дэмжээгүй орнууд болон найрсаг харилцаатай орнууддаа газ, нефтийнхээ үнийг хямдруулна” хэмээн мэдэгдсэн. Гэтэл энэ боломжийг богино хугацаанд ашиглаж чадаагүй. Иргэд шахаж шаардсанаар УУЯ-ны дэд сайд Орос руу очиж хэлэлцэл хийсэн. Ийм байж болохгүй. Манайд шатахууны үнэ өсөх ямар ч боломж байхгүй. Тэр ч бүү хэл шатахууныхаа үнийг ОХУ-ын талаас бууруулах тухайгаа олон нийтэд мэдээлсэн учраас манай дотоодын компаниудын шахалтаар шатахууны үнийг нэмэх ямар ч боломжгүй болсон. Нэг ёсондоо дотоодын компаниуд дайны байдлыг ашиглаж тоглолт хийх боломжгүй болсон нь манайд эерэгээр нөлөөлж байна. Цаашид ч шатахууны үнийг бууруулах боломж бий.Харин яагаад хямдруулахгүй байгаа нь сонин байна. Өөрөөр хэлбэл, төр барьж байгаа нам нь лобби хийдэг компаниудаас санхүүждэг учраас тэдний үгээр явдаг нь ойлгомжтой байна. Нэг ёсондоо өсөх ёстой байсан шатахууны үнийг өсгөхгүй байгаа бус харин ч буурсан байх ёстой үнийг барьж байгаад л асуудал бий. Манайд эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа бол ОХУ-д хориг тавьсан Европын орнуудад газ нефтийн үнэ 15 хувь хүртэл өссөн нь түүхэнд байгаа өсөлт.Европын орнуудад эдийн засаг нь 5-10 хувь өсөхөд л байдал хүндэрч, иргэд маш их реакци үзүүлдэг. Харин манайд эдийн засаг нь 20 хүртэл хувиар савласан ч тоодоггүй. Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 30-40 хувь хүрчихээд байхад ч юман чинээ тоодоггүй. Тиймээс манай төр засгийн удирдлагууд туйлын дуулгавартай иргэдтэй учраас нэг талаараа азтай юм.
-ОХУ-ын борлуулалт өмнөхөөсөө гурав дахин өссөн дүнтэй байхад яагаад Европын орнуудад шатахууны үнэ 15 хувь хүртэлх хувиар өссөн нь сонирхолтой санагдаж байна?
-Таны зөв. Учир юу байна гэхээр өмнө нь ОХУ-аас шууд Европын орнуудад нийлүүлдэг байсан бол өөрсдийнх нь тавьсан хоригоос үүдэн бусад орнуудаар дамжуулж авч байгаа учраас үнэ нь өсчихөөд байгаа юм. Харин ОХУ-ын экспорт өссөн дүнтэй байгаа юм. Энэхүү өсөлт ганцхан Европын хоригтой ч холбоотой бус. Хориг тавиагүй орнууд ОХУ шатахууныхаа үнийг бууруулсан дээр нь экспортынхоо хэмжээг нэмэгдүүлж, нөөцөлж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. Хэрэв Европын холбоо ОХУ-д хориг тавиагүй байсан бол ОХУ-ын шатахууны импорт гурав дахин өсөхгүй л байсан болов уу. Европын орнууд ОХУ-аас өөр эх үүсвэрээс газ, шатахуун авах боломж одоогоор байхгүй. Шинэ эх үүсвэр гаргахын тулд Европын холбоонд 4-5 жил шаардагдана. Тийм олон жил хүлээх нь байтугай хэдэн сар тэсэхэд хүндрэлтэй байна шүү дээ.
-Манайх ОХУ шатахууны үнээ одоогийнхоос бууруулсан ч бусад улс орон шиг хэдэн жилийнхээ хэрэглээг нөөцлөх агуулах сав байхгүй шүү дээ?
-Яг тийм. Гэтэл үүнийг төрийн удирдлагууд яагаад сэтгэхгүй, хийхгүй байна вэ. Нэгдүгээрт шатахуун, газ нөөцлөх агуулах савныхаа тоог нэмэгдүүлэх алхам хийгээгүй. Хоёрдугаарт, шатахууны үнийг бууруулах ашиг сонирхол иргэд л байна уу гэхээс түүнийг худалдан борлуулдаг компаниуд, төр засаг, намд лав байхгүй. Яг одоо ОХУ-тай бид бүхий л талаар хэлэлцээр хийхэд тохиромжтой үе. Нөхөрсөг харилцаатай орнууддаа онцгой үнээр нийлүүлнэ гэдгээ ОХУ зарлачихаад байна шүү дээ.
-Тэгвэл хүнсний үйлдвэрлэл, улаанбуудайн асуудал дээр манайд үүсэх хүндрэл юу байх бол?
-Энэ асуудал бүр ч аятайхан болчихоод байна шүү дээ. ОХУ энэ дайныг гэнэт л нэг өглөө босоод эхлүүлчихээгүй. Угтаа 2014 оноос хойш бэлдсэн. Тийм учраас ОХУ-д хүнсний хомсдол огт алга. Тэр ч бүү хэл дайн тулаангүй манай улсаас бараа бүтээгдэхүүний үнэ 1.5-2 дахин хямд байна шүү дээ. ОХУ-д дайн болж байгаа ч үр тарианы илүүдэлтэй байна. Өнгөрсөн жил Монголд ч, ОХУ-д ч үр тариа сайн ургасан. Тиймээс үр тариа, мах, махан бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох боломж байна. ОХУ хоригт байгаа учраас манайхаас цэргийн хүнснийхээ махыг экспортлох хүсэлтэй байгаа. Гэтэл манайхан малынхаа өвчнийг тавиад туучихсан байна. Иймээс гарч ирж байгаа боломжийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байна. Наад зах нь малаа богино хугацаанд эрүүлжүүлэхэд анхаармаар байна. Түүнчлэн ОХУ манай экспортын бүтээгдэхүүнд маш өндөр татвар буюу 40-70 хувийн татвар ногдуулдаг. Тэгвэл уг татварын хэмжээг бууруулах боломж бүрдчихсэн байхад одоо ч ашиглахгүй байгаа нь гайхмаар. Үнэндээ Оросын татвар өндөр байгаа нь монголчууд биднээс болсон. Зарим нэг бүлэглэлүүд өөрсдийнхөө бизнесийг өргөжүүлэхийн тулд ОХУ-тай хийх худалдаан дээр өндөр татвар манай улс төлдөг байх тогтолцоо гаргасан. Энэхүү байдлыг засахаас илүү энэ хэвээр нь байлгах сонирхолтой хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй. Угтаа манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон бол ОХУ 2012 онд тус байгууллагын гишүүн болсон түүхтэй. Манайх ОХУ-ын хөрш, дээрээс нь тус байгууллагын гишүүн болоод 15 жил болчихсон учраас ОХУ-ыг тус байгууллагын гишүүн болох эсэхийг зөвшөөрөх, түдгэлзэх эрх нь бидэнд байсан. Гэтэл 2012 онд ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болоход ямар нэг санал, түдгэлзэх асуудал бий юү гэж асуухад манайхан үг дуугүй зөвшөөрсөн. Тэр үед ч татвартай холбоотой асуудлыг хөндөж болох байсан. Одоо ч байна. Харамсалтай нь бид өөрсдөөс шалтгаалах алхмуудаасаа юу ч хийгээгүй байж ОХУ л манай улсыг хөгжүүлэхгүй байгаа мэтээр тэднийг гүтгэдэг. Ингэж болохгүй.
-Тэгвэл ОХУ Европын хоригоос үүдэн бараа бүтээгдэхүүнээ зөвхөн рублиэр худалдаалж байгаа нь манайд хэрхэн нөлөөлж байна?
-Гайхалтай эерэгээр нөлөөлж байгаа. Манай улсын валютын нөөц өдрөөс өдөрт багасч байгаа. Гэтэл ОХУ бараа бүтээгдэхүүнээ рублиэр худалдаалж байгаа нь долларын нөөц болоод үнэд эерэг нөлөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, доллар өслөө, валютын нөөц багаслаа хэмээн орилдог манайханд энэ шийдвэр ашигтай тусч байгаа. Харин Европын холбоо хоригоо цуцлах үед ч рублиэр тооцоогоо хийдэг байхад анхаарч ажиллах нь зүйтэй.Үнэндээ ОХУ бусад улс орнуудаас үл хамаарч хэрхэн яаж бие дааж оршихоо аль хэдийнэ мэдчихсэн байна. Харин хориг тавьсан улс орнууд нь эсрэгээрээ өөрсдөө хүндхэн байдалд орж, эдийн засгийн хохирол амсаад эхэлчихсэн байна. Манай хувьд импортын 30 орчим хувийг ОХУ, экспортын 80 гаруй хувь нь БНХАУ-аас хамаардаг. Тиймээс ОХУ-д худалдаалж болох бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх боломж одоо бүрдчихээд байна. Оросууд ч манайхаас хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдан авах, олон зүйл дээр оросууд тохиролцох сонирхолтой байна.Түүнийг нь ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, ОХУ-тай олон талаар харилцаагаа лавшруулах алтан боломж тохиож байна. Энэ боломжийг Засгийн газар ашиглах ёстой.