Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй ярилцлаа.
-Манай улсын шинжлэх ухааны хөгжил дэлхийд ямраар үнэлэгддэг юм бэ?
-Дэлхий дээр шинжлэх ухааныг үнэлдэг тогтсон үзүүлэлтүүд бий. Тэр үзүүлэлтэд хамрагдах хэмжээний шинжлэх ухаан технологийн чадавхтай байх ёстой. Тухайн улсаас олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэдэн өгүүлэл хэвлүүлдэг, дэлхий даяар хэдэн хүн эш татаж авч ашигладаг вэ гэдэг үзүүлэлт чухал байдаг. Олон улсын сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж буй байдлаараа манай улс Азийн 46 орноос 19, 20 дугаарт эрэмбэлэгддэг. Энэ нь онолын суурь судалгааны хувьд Монголын эрдэмтэд Ази тивдээ дундаж түвшинд явж байна.
Өөрөөр шинжлэх ухааны үр дүнг хэрхэн хэрэглээнд оруулдаг юм бэ гэдэг үзүүлэлт бий. Энэ үзүүлэлтээр манай улсын шинжлэх ухаан харьцангуй доогуур ордог. Үүнд судалгааны үр дүн ард түмний гар дээр очдог бүтээгдэхүүн, үйлчилгээ болох тухай асуудал яригдана. Хоёрдугаарт, оюуны өмчийн эрх хамгаалах түвшин. Монгол Улс жилд хэдэн оюуны өмч хамгаалж байна гэдэг үзүүлэлт. Эдгээр үзүүлэлт их тааруу байдаг. -Шалтгаан нь юу вэ?
-Хоёр гол шалтгааныг ярья л даа. Нэгдүгээрт, Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил, улсын төсвөөс шинжлэх ухааны салбарт хуваарилдаг хөрөнгийн хэмжээ дэндүү бага. Бага үр тарьсан бол бага л тариа хураана. Хоёрдугаарт, манай улс үйлдвэрлэлийн технологийн суурь муутай. Мэдлэг, технологи хоёр бүтээгдэхүүн болох явцад нэг хавцал бий. Түүнийг “Үхлийн хөндий” гэж нэрлэдэг. Монгол эрдэмтдийн бий болгосон мэдлэг, технологийн 90 гаруй хувь нь бүтээгдэхүүн болж чадалгүй үхлийн хөндий рүү унадаг. Тиймээс энэ үхлийн хөндийг туулах чадавхыг бий болгох ёстой. Төр засаг, хувийн хэвшил, шинжлэх ухаан гурвуулаа нийлж байж хавцлыг давна.
-Мэдлэгээ хэрэглээ, бүтээгдэхүүн болгоход юу хамгийн их шаардлагатай байна?
-Мэдлэг, технологийг бүтээгдэхүүн болгох замд байдаг “Үхлийн хөндий”-г давах л чухал. Энэ хөндий дээгүүр гарахын тулд инновацийг дэмжих үйл ажиллагаа, хувийн хэвшлийн мэдэлд байдаг үйлдвэрлэлийн технологийн суурь сайжирч хөгжиж байх ёстой. Энэ хоёр нийцэж байвал үхлийн хөндий дээгүүр нарийн гүүр тавигдаж мэдлэг маань бүтээгдэхүүн болно.
-Яг одоогоор манай улс ямар шинжлэх ухаан хөгжүүлэх шаардлагатай байна?
-Хариулахад амаргүй асуулт байна. Шинжлэх ухаан гэдэг нийгэм, эдийн засгийн том сектор бол дэлхий дээр маш их даяаршсан. Бид шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд дэлхийн шинжлэх ухаан хөгжиж буй жишгийг дагаж явах хэрэгтэй. Монголын онцлогтой, монгол шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэдэг ойлголт байхгүй. Дэлхийн шинжлэх ухаан Монголд хөгжиж байж шинжлэх ухааны даяаршилтай хөл нийлнэ. Дэлхий даяар энэ шинжлэх ухааныг хөгжүүлэхдээ ямар дэд бүтцийг хөгжүүлж, ямар зохион байгуулалтаар санхүүжүүлж байна вэ гэдэг жишгийг харж бодлогоо нийцүүлэх ёстой.
-Өнөөдөр дэлхий дээр ямар шинжлэх ухааныг хамгийн их дэмжиж байна, манайх яг алийг нь сонгож илүү анхаарах хэрэгтэй вэ?
-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед мэдээллийн технологиуд, орчин үеийн биологийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байна. Өндөр хөгжилтэй орнууд биологийн процессыг дуурайсан үйлдвэрлэлийг бий болгохоор зорьж байна. Биологи дотроо молекул биологийн шинжлэх ухааныг их хөгжүүлж байна. Үүнийг хөгжүүлэх зорилго нь химийн технологийг ашиглаж үйлдвэр бий болгох тухай асуудал. Оюун ухаан, мэдрэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд их анхаарч байна.
-Тэгвэл нийгмийн шинжлэх ухааны тухайд тодруулбал?
-Нийгмийн шинжлэх ухаан бол хүний нийгмийн хэрэгцээг хангах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой. Хүний харж, барьж, хэмжиж болдог зүйлтэй ажиллаж судлаад боловсруулдаг. Түүнийг жижиглэсээр байгаад нано хэмжээтэй болговол тухайн бүтцийн шинж чанар өөрчлөгдөнө. Жишээлбэл, төмрийн нунтгийг бидний ярьдгаар хумхын тоос шиг нано хэмжээтэй болговол тэс өөр шинж чанартай материал болно. Түүнийг үйлдвэрлэлд ашиглавал орчин үеийн зарчмын шинэ технологийг хөгжүүлэх боломж бий болно. Үүнээс гадна ертөнцийн үүслийг тайлбарлахын төлөө их хөрөнгө зарж байна.
-Манай улс ямар хэрэглээний шинжлэх ухаандаа анхаарах шаардлагатай вэ?
-Хэрэглээний шинжлэх ухааныг улс бүр өөрийн онцлогт тааруулаад хөгжүүлдэг. Монгол Улс гэхэд хэрэглээ талдаа хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлийн шинжлэх ухаанаа хөгжүүлэх шаардлагатай. Манай улсын хэрэглээний шинжлэх ухааны хувьд тэргүүлэх салбар энэ хоёр юм. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааныг хөгжүүлснээр хамгийн наад зах нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдээ гүн боловсруулдаг болно. Арьс, ширээ огт боловсруулахгүй экспортолж байна. Үүнийг бүрэн боловсруулаад гаргавал нэмүү өртөг хэд дахин нэмэгдэнэ. Ургамал, амьтад, малд биологийн идэвхт бодисууд агуулагддаг. Түүхий эд дотроос биологийн дан бодисоо гаргаж авдаг. Эм болгож ашиглахаар бодис олон бий. Хонины ноосоор хүнсний бүтээгдэхүүн хийж болно. Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр боловсруулна гэдэг нь хөдөө аж ахуйн шинжлэх ухааныг хөгжүүлж байна гэсэн үг.
-Уул уурхайгаа яаж хөгжүүлж болох вэ?
-Монголд геологийн нөөц их, 200 тэрбум орчим тонн нүүрс байдаг, түүнээс ч илүү бий. Уул уурхайн хамгийн анхан шат нь ухаж аваад ачдаг. Нүүрсний ихэнх хэсэг нь хүрэн нүүрс байдаг, нүүрсээр нь ачаад зарахад хамгийн хямд өртөгтэй.
-Нүүрснээс нэмүү өртөг олох ямар боломж байна?
-Нүүрс химийн үйлдвэрийн цогцолбор байгуулаад, химийн үйлдвэрийн бодис боловсруулан ашиглах юм бол асар их үнэ цэнэтэй химийн бодисуудыг гаргаж авах боломжтой. Нүүрсний гол ашиглах нь шатаах түлэхдээ биш, нүүрсийг задалж гүн боловсруулаад химийн бодис боловсруулах юм. Манай химийн салбарынхан бол яаж боловсруулах зарчим шийдлүүдийг гаргасан. Хүрэн нүүрсийг гүнзгий боловсруулаад эхлэх юм бол бүхэл бүтэн химийн биеэ даасан түвшинтэй болно. Аль ч өндөр хөгжилд хүрсэн орон химийн үйлдвэрлэлгүй бол хөгжихгүй, химийн аж үйлдвэрлэл заавал байх ёстой зүйл, түүнээсээ бид хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ гаргах юм. Ингэж чадвал одоогоос хэдэн зуу дахин их нэмүү өртөг бий болгох боломжтой.
-Нэмүү өртөг бий болгох үйлдвэр байгуулахад яг юу дутагдаж байна вэ?
-Монгол Улсад дутагддаг нэг зүйл нь төрөөс өгдөг санхүүгийн хэмжээ бага байдаг. Дэлхийн шинжлэх ухааны жишгээр явбал бид амжилтад хүрнэ. Дэлхийн шинжлэх ухаан өндөр хөгжсөн оронд, төрөөс өгч байгаа санхүүжилт өндөр, салбартаа зарцуулж байгаа мөнгөний 30 хувь нь төрөөс санхүүждэг. 70- 80 хувь нь үйлдвэрлэл хувийн хэвшлээсээ санхүүждэг. Тэгээд энэ хоёрын хамтын ажиллагаанд шинжлэх ухаан хөгжөөд байгаа юм. Шинжлэх ухаан хоёр хөлтэй байдаг бол манай монгол нэг хөл нь байхгүй. Гүн боловсруулахад эх орныхоо түүхий эдийг сайн судлаад түүндээ таарсан технологийн шийдлийг эрдэмтэд, инженерүүд гаргах хэрэгтэй.
-Гүн боловсруулалт хийхэд судлаач, эрдэмтдийн чадвар ямар байгаа вэ?
-Манай судлаачид бол чадвартай, лаборатори байвал ажиллах хүчний чадвар сайн. Лабораторид технологи боловсруулаад тайлбарлаад бүтээгдэхүүнээ харуулах хэмжээнд ажиллаж байгаа. Түүний дараагийн хоёр шатыг чадахгүй байх. Чадалтай эрдэмтэд голцуу гадаадад ажиллаж байна.
-Монголд ихэвчлэн ямар салбарын эрдэмтэд байна?
-Бүх чиглэлийн эрдэмтэд байна. Молекул биологи чиглэлийн эрдэмтэд ойрын үед технологийн жижиг цех байгуулах зорилготой байна. Нүүрсийг гүн боловсруулах, коксжуулах үйлдвэрт эрдэмтэд байгаа. Гол уурхайн нүүрсийг шинжлээд үзүүлэлтийг тогтоочихсон, нүүрснээс химийн бодис гаргадаг туршилт хийсэн эрдэмтэд, орчин үеийн аж үйлдвэрийн хувьслын технологи дээр ажиллах хувийн хэвшлүүд их, тэр технологийг хөгжүүлэх түвшинд биш ч бүрэн ашиглах чадвартай IT инженер залуучууд бол байна. Монголчуудад суурь нь бол байгаа. Энэ суурыг тэжээж тэтгэж явахгүй бол болохгүй. Шинжлэх ухаан бол маш хурдан хөгждөг салбар учир, гол салбаруудаа чимдэг судлаачаа дэмжээд төр болон хувийн хэвшлээсээ санхүүгээ гаргах цаг нь болсон.
А.ГАНТУЯА
Н.МӨНХБОЛОР