Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батбаатар: Нэг намын захиалгаар бусад намууд олны хэсэгт тоглож, дүр бүтээдэг боллоо DNN.mn


ИЗНН-ын дэд дарга Батын Батбаатартай ярилцлаа.


-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тэгвэл одоо дахин нэмэлт, өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог өөрчлөх, мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх талаар хэлэлцэж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэдэг санаачилгыг эрх баригч намын удирдлагуудаас олон нийтэд илэрхийлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахдаа засаглалын эрх мэдлийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр түлхүү анхаараад байна. Тухайлбал, Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмэгдүүлснээр сайд нарыг парламент дотроосоо томилох, мөн олон намын төлөөллийг УИХ-д оруулахын тулд пропорционал тогтолцоог Сонгуулийн хуульд оруулах сонгодог парламентад байдаг нэг зарчим болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэрэг өөрчлөлтүүдийг оруулахын тулд түлхүү анхаарч байгаа нь анзаарагдаж байна.

Энэ сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намуудтай тодорхой хэлэлцүүлэг хийх, хэлбэрийн хувьд дэмжүүлэх замаар ажиллаж байгаа нь харагдаж байна. Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөд зөвхөн засаглалын эрх мэдэл дэх өнөөдрийн саад бэрхшээлийг арилгах зорилгоор өөрчлөлт оруулна гэдэг нь учир дутагдалтай гэж үзэж байна. Засаглалд болон төрийн шийдвэр гаргах түвшинд асуудал үүсч байгаа бол төрийг, засаглалыг бий болгодог шударга тогтолцоог яаж бий болгох гэдэг дээр анхаарах ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг хэрхэн өөрчлөх нь бүрэн тодорхойгүй байна. Монгол Улс сонгуулийн ардчилал руу явж байгааг яаж засаж, төгс ардчилсан болгох вэ гэдэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Иргэд төрийн эрхийг барих, хүний эрх, өмчийн эрхээ бүрэн эдлэх баталгааг ҮХНӨ-өөр хэрхэн шийдэх вэ? гэдгийг давхар бодолцохгүй бол болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ эдийн засгийн хувьд хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй, шийдэл ярьж өгөхгүй байгаа. УИХ, Засгийн газар, улс төрийн намууд ч энэ асуудлын талаар дорвитой гүйцэд илэрхийлж байгаа зүйл алга.

1990-ээд онд болсон өмч хувьчлалаас хойш энэ цаг хугацаанд иргэдтэйгээ бизнесээр өрсөлддөг, тэдний боломжийг хулгайлдаг, дээрэмддэг ийм засаг төртэй аль ч утгаараа эрлийз болсон эдийн засгийн суурийг бүтээсэн байна. Сүүлийн хориод жилд ЗГ болон УИХ-аас байгуулсан төрийн өмчит үйлдвэрийн тоо замбараагаа алдсан. Үүний үр дүнд өнөөдөр хичнээн их наяд төгрөгийн өр авлага алдагдал, далд эдийн засаг, авлига бий болсныг бид харж байгаа. ҮХНӨ-д Монгол Улсын Засгийн газар ашгийн төлөөх бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг тусгах шаардлагатай. Засгийн газар юм уу УИХ нь төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулж, Засгаас газар, тусгай зөвшөөрөл монополь эрх, бүх төрлийн баталгаат зээлийн эх үүсвэр, санхүүгийн баталгаа, татаварын хөнгөлөлт, гадна дотны хөрөнгө оруулалтын баталгаа олгодог. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудад бүх асуудлыг нь Засгийн газраас шийдэж өгч байхад нөгөө талд нь иргэд яаж засагтайгаа өрсөлдөх болж байна. Эргээд төрийн өмчит үйлдвэрийн газар эзэн биегүй болоод хувирчихаад байгаа юм. Тухайн цаг үед эрх барьж байгаа улс төрийн хүчний санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгодог юм уу, улс төрийн хүчнийг эрх барих засаглалын хувьд амьдрах насыг нь уртасгахын төлөө ажиллаад эхэлж байна. Зах зээлд, бизнест төрийн оролцоо асар өндөр болчихлоо. Цаашлаад өмчийн тухай ойлголт, хүний эрхийн тухай ойлголтууд дээр анхаарах ёстой болсон.

Улс төрийн нам засгийн эрх барих гол гүүр нь юм. Монголын улс төрийн намуудын ихэнх нь хувьчлагдсан, хувийн нам болчихоод байна. Нэг хүн сонгуулиар гарч ирээд тамга гаргаж ирээд хэрэглэдэг ийм улс төрийн намуудтай байх юм уу, үгүй юү гэдэг дээр анхаарах ёстой. Улс төрийн намуудын тухай хуулийн өөрчлөлтөөр бүх намын дотоод тоглоомын дүрмийг нэг болгох хэрэгтэй. Үзэл баримтлал, үнэт зүйлс, зарчим, мөрийн хөтөлбөрийн хувьд өөр өөр байх нь ойлгомжтой. Харин байгууллага гэдэг утгаараа тоглоомын дүрэм нэг байх ёстой. Энэ чиглэл рүүгээ явах хэрэгтэй.

-Монгол Улс пропорционал системээр сонгуулиа явуулбал жижиг улс төрийн намуудын төлөөлөл УИХ-д орж ирэх боломж бий болдог. Уг тогтолцоог ашигласнаар Засгийн газраа байгуулахад хүндрэл үүсэх сул талтай гэдгийг зарим судлаачид хэлдэг шүү дээ?

– Засгийн газар байгуулахад хүндрэл үүсэхгүй байх. Харьцангуй бага санал авдаг, тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй улс төрийн намууд байгаа юу гэвэл байгаа. Тэр намуудын дарга нар асуудалд хэтэрхий гэнэн хандаж байгаа. Пропорционал тогтолцоотой болчихвол би парламентын гишүүн болчихно гэдэг сонирхлоор хандаад байна.ҮХНӨ-ийг хэлэлцэхдээ пропорционал элементийг хэрхэн оруулах, намуудын жагсаалтыг хэрхэн хийх зэрэг сонгуулиар сонгогдох тоглоомын дүрмээ тодорхой болгож, хариулт өгөх ёстой. Зарим намын дарга нь солигддоггүй арав, хорь, гучин жил болчихсон. Даргаас нь өөр хүн харагддаггүй, нэг бол гишүүдээ дуртай үедээ нэмж хасаж байдаг намуудын тоо олшрох хандлага ажиглагдаж байна. Энэ нь яваандаа намын дарга болж, иргэдээс ахиу олон санал авахын төлөөх популизмын уралдаан бий болгох аюултай. Энэ мэтчилэн сөрөг талуудаа тооцох хэрэгтэй. ҮХНӨ-ийг батлахдаа юуг хөндөхгүй буюу ийм хандлага руу явуулахгүй гэдгээ эрт илэрхийлэх нь зүйтэй. Улс төрийн намууд өөр өөрсдийн үзэл баримтлал, үнэт зүйл, зарчмаараа ялгарч байх ёстой байтал ердөөсөө Ардын намын дарга аль эсвэл, Их хурлын дарга, бүлгийн зохион байгуулж байгаа урилга, заллаганд очоод “Бид дэмжиж байна” гэдэг ийм сүрэг шиг болчихсон. Үндсэндээ нэг намын захиргаадалтын дор бусад намууд дагаж, тойрч гүйдэг байдал руу явж байна. Манайхыг гаднаас нь харахад хэлбэрийн хувьд сонгуулийн ардчилалтай, олон ургалч үзэл, олон намтай байгаа хэдий ч бодит байдал дээр Ардын намын зохион байгуулж, найруулж байгаа жүжгийн олны хэсэгт тоглож байгаа тийм л дүрүүдийг бүтээж байна. Тийм учраас улс төрийн намууд анхаарах хэрэгтэй байна. Яг үнэндээ эрх баригч хүчинд үйлчлэх байдлаар явж байнa. Тиймээс ҮХНӨ болон Үндсэн хуулийг дагаж өөрчлөгдөх хуулиудын амин сүнс, зохицуулалтыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг концепцийг зарлах хэрэгтэй.

-Тухайлбал улс төрийн намын тухай хууль болон сонгуулийн тухай хуульд ямар зүйл заалтуудыг тусгаж өгөх нэн шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар сонгуулийн аргаар засаглалын эрх мэдлийг шилжүүлдэг нэгээс нөгөөд шилжих үйл явц хэр зөв зүйтэй явдаг гэдгээс олон зүйл шалтгаалдаг. Энэ эрх мэдлийг шилжүүлэх тэр процессыг их тодорхой болгох хэрэгтэй. Нөгөө талаасаа засгийн эрх, төрийн эрх мэдлийг бариад байгаа улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаа эрүүл зөв байх нь маш чухал. Тиймээс улс төрийн намуудын удирдлагын эрх мэдэл нэгээс нөгөөд шилжих тэр процессыг тодорхой болгож өгөхгүй бол өнөөдөр Дээд шүүх дээр маргаантай байгаа нам бол ганцхан Ардчилсан нам биш шүү дээ. Өөр намууд ч гэсэн бий. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэгтэй адил намын эрх мэдэл шилжих процесс нь буруу байгаа тохиолдолд төрийн эрх мэдэл шилжих процесс бас гажуудчихаад байгаа юм. Нөгөө талдаа төрийн эрх мэдэл, засгийн эрх мэдэл, тэнд байгаа нөөцийг ашиглаж намын эрх мэдлийг шилжүүлж авдаг ийм нөхцөл байдал бас үүсэх аюултай. Энэ бол хэлбэр талаасаа ардчилсан харагдах боловч бодит байдал дээр хөрөнгө санхүү, эрх мэдэл шуналын төлөөх бүлэглэлийн гарт Монгол Улсын төр засгийг атгуулчих эрсдэл үүсч байна.

Түүнчлэн Намын санхүүжилтийн тухайд хэлэхэд, татвар төлөгчдийн оруулж байгаа орлогоос намуудад хуваарилж өгөх асуудал нэлээд яригдаж байгаа. Үүнд зарим буруу талд байна. Жишээлбэл, намын дарга л болж байвал парламентын гишүүн болох боломжтой, цаашлаад, намд төрөөс өгөх төсвийн мөнгө санхүүжилтээр асуудлаа шийдээд, амьдрах боломжтой болно. Уг тогтолцоо хөгжингүй улс орнуудад байдаг боловч манайд нэвтрүүлэхэд намуудаа эрүүлжүүлэх, зөв болгох тэр намын тогтолцоог нь зөв болгох асуудлыг хөндөж чадах уу, үгүй юү “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг шиг харах ёстой.

Мөн улс төрийн намын гишүүнчлэлийг нээлттэй болгох хэрэгтэй. Улс төрийн намуудын гишүүдийн бүртгэлийг улсын бүртгэлийн газар, төрийн агентлагт нь хариуцуулах хэрэгтэй. Аль нэг намын гишүүн болсноороо хүн амын орлогын албан татвараас гадна дахиад нэг хувийг нэмж төлдөг бол тэр нэг хувь нь бүртгэлийн газрын бүртгэлд, Сангийн яамаар дамжаад миний гишүүнчлэлтэй намд очиж санхүүждэг болно. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгөнөөс намын санхүүжилтийг бий болгохгүй байх нөхцөл үүснэ. Тухайн намын дотоод ардчилал, дэвшүүлэн тавьж байгаа бодлого, зорилт хөтөлбөр, эрх барихдаа хэрэгжүүлж байгаа бодлого нь гишүүддээ таалагдахгүй бол намын гишүүнчлэл нь хорогдсоноор санхүүгийн орлогоо, гишүүд дэмжигчдээ алдах болно.

-ҮХНӨ-ийг энэ удаа ямар нэгэн байдлаар хийлээ гэхэд нэг, хоёр жилийн дараа дахин өөрчлөх асуудал үүсгэхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Өөрчлөлт хийвэл хийсэн шиг хий. Хэрвээ үнэхээр болохгүй бол Тавдугаар Үндсэн хуулийг улс орон даяар өрнүүлж байгаад батлах хэрэгтэй. Шинэ Үндсэн хуулийг батлахын тулд улс төрийн намуудыг татан буулгах хэрэгтэй. Улс төрийн бүх намыг татан буулгаж, гарааны шинэ зурхай дээрээс үзэл баримтлал, хүсэл мөрөөдөл, үнэт зүйлс, зорилго чиглэлээрээ нэгдэж нам байгуулах нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Улс төрийн намуудыг татан буулгах юм бол өнөөдөр МАН, АН гэдэг ийм намын хашаан дотор хоригдчихсон, эсвэл орох гэхээр өмхий үнэртээд орж чаддаггүй энэ нөхцөл байдал өөр болно. Хэн ч хулгайч нартай нийлж нам байгуулахыг хүсэхгүй. Өнөөдөр намын дотор үүсээд байгаа маргаан юунаас үүдэлтэй гэхээр намын хашаан дотор байгаа саналыг төрийн эрх, засгийн эрхийг авахын төлөөх тоо болгож хувиргахын тулд л жонхуурсан заваан зүйл явж байгаа. Үзэл бодол, үнэт зүйл, ирээдүйн хөгжлийн төлөөх, улс орны төлөөх үнэхээр зөв бодлого энд гацчихаад байгаа. Тийм болохоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг гүйцэд хийх хэрэгтэй. Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлт бол 2020 оны Улсын Их Хурлын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан өөрчлөлт байсан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *