Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг, даалгаврыг өгсөн юм. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 84 хувьтай байжээ.
Тухайлбал, зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу 188 байршилд 4,860 гарааш чөлөөлөхөөр төлөвлөснөөс 108 байршилд 2,782 гарааш чөлөөлөөд буй бөгөөд энэ ажил 57.2 хувьтай байна. Мөн 36,310 мод, бут тарьж, 21 байршилд 80,000 мкВ талбайд зүлэг нөхөн тарьж, хоёр байршилд буюу 8,300 мкВ талбайд зүлэг шинээр тарьсан. 26 байршилд нэг наст цэцэг тарихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 16 байршилд нийт 105 мянган цэцэг тарив. Үерийн хамгаалалтын барилга байгууламж цэвэрлэх хүрээнд 14 байршилд 2,799 тонн лаг хагшаас цэвэрлэж, хоёр байршилд цэвэрлэгээ хийж байна.
Тус шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах үүргийг өглөө.
- Засгийн газрын 2022 оны “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах
- Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж төслөө Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах
- Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа танилцуулах
- “Амгалан”, “Шинэ төв” дэд төв, “Тахилт”, “Дарь-Эх”, “Монель”, “Бичил”, “Ургах наран”, “Хайлааст” олон нийтийн төв зэргийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах ажлаа эрчимжүүлж ажиллах
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх
- Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтад хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах
- Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлж ажиллахыг тус тус үүрэг болгов.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар