Categories
гадаад мэдээ

McDonald’s эрүүл, шим тэжээл өндөртэй бүтээгдэхүүнүүдээ цэснээсээ хасахаар болжээ DNN.mn

Америкийн түргэн хоолны тэргүүлэгч сүлжээ McDonald’s эрүүл хоолны цэсний борлуулалтаа зогсоох шийдвэр гаргажээ.

Bloomberg News сувгийн орон нутгийн цагаар 10-ны мэдээлснээр, McDonald’s-ын удирдлагуудын зүгээс хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээгээ хурдасган ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор уг шийдвэрийг гаргасан байна.

Энэхүү шийдвэрийн хүрээнд АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 14,000 McDonald’s-ын салбараас салат, жигнэсэн тахианы махтай бургер, жимстэй тарагтай парфет зэрэг 10 орчим нэр төрлийн цэсийг хасах юм. Үүний оронд тус компани гамбургер, шарсан тахиа, Макфлурри зэрэг уламжлалт, нэр хүнд өндөртэй цэсний борлуулалтад анхаарлаа хандуулахаар төлөвлөжээ.

Энэхүү шийдвэрийг гаргах болсон шалтгааны хамгийн нэгдүгээрт цар тахлаас үүдэлтэй ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх, мөн ашиг орлогын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг орж буй юм. Түүнчлэн бэлтгэхэд цаг хугацаа их зарцуулдаг хэрнээ эрэлт багатай эрүүл, шим тэжээлтэй цэсийг халах замаар хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах зорилготой аж.

Гэвч уг шийдвэр нь зөвхөн АНУ-ын салбар дэлгүүрүүдэд хамаарах юм. Итали, Нидерландын салбарууд салат, Их Британийн салбарууд хуруун өргөст хэмхэн зуушаар үйлчилсээр байх аж.

Тус компанийн албаны хүн хэлэхдээ “McDonald’s эрэлт багатай бүтээгдэхүүнийг цэснээсээ хассанаар дэлгүүрийн үйл ажиллагааг хөнгөвчлөн, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд тус дөхөм болно гэж үзэж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

McDonald’s-ын франчайз эзэмшигчид компанийн зүгээс гаргасан энэхүү шийдвэрийг талархан хүлээж авч байна. Франчайзын нийгэмлэгийн гишүүн “Эрүүл, шим тэжээлтэй цэс нь бэлтгэх явц удаан, хамаагүй их хөдөлмөр шаарддаг хэрнээ эрэлт бага байдаг. Уг шийдвэрийн ачаар үйлчилгээний чанар, хурдыг нэмэгдүүлнэ.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч борлуулалт муутай бүтээгдэхүүнийг цэснээсээ хасч, бүтээмжийг нэмэгдүүлж байгааг McDonald’s-ын хөрөнгө оруулагчид ч баяртайгаар хүлээн авах болно хэмээн онцлов.

Зоогийн газрын зөвлөх үйлчилгээний King-KC компанийн гүйцэтгэх захирал Том Күк “McDonald’s компанийн эрүүл, шим тэжээлтэй цэс нь байгууллагын имижийг сайжруулахад үр дүнтэй байсан ч борлуулалтын гүйцэтгэлд төдийлөн тус болсонгүй” хэмээн үнэлжээ.

Зөвхөн эрүүл, шим тэжээлтэй бус калори болон давс ихтэй зарим бүтээгдэхүүнүүд ч энэ удаад цэснээс хасагдаж байгаа гэв. Хэрэглэгчдийн дунд нэр хүнд багатай, эрэлт удаантай цэсийг хассан нь олон сайн үр дагаврыг авчирна хэмээн ихээхэн хүлээлт үүсгэж байгаа аж.

Үүний зэрэгцээ Burger King ч өнгөрөгч 12-р сараас шинэ ногооны салатыг цэснээсээ хасах зэргээр цар тахлын дэгдэлтийн дараачаас зөвхөн McDonald’s төдийгүй АНУ-ын бусад ресторанууд хэрэглэгчдэд санал болгодог цэсний тоогоо цөөрүүлэх арга хэмжээг авсаар байгаа юм.

Зах зээлийн судалгааны Datacentre фирмийн мэдээлснээр корона вирусийн дараа нийт нийтийн хоолны бизнес эрхлэгчид цэсний тоогоо дунджаар 10 гаруй хувиар бууруулаад байгаа ба өнгөрсөн жил л гэхэд 10 ресторан тутмын 6 нь гол нэрийн хоол болон амттан, уух зүйлийн нэр төрлийн тоогоо дунджаар 37 хувиар бууруулсан байна.

Эх сурвалж: Asiae

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *