Хэдийгээр зургаан сар гараад арав хонож буй ч цаг агаар хүйтэн сэрүүн байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зургадугаар сард салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй. Мөн нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох төлөвтэй байна.
Сүүлийн өдрүүдэд Монгол орны нийт нутгаар хур бороотой байгаа билээ. Тиймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр өчигдөр бороо хур, нойтон цас оржээ.