Categories
гадаад мэдээ

Олзлогдсон цэргүүдэд цаазын ял оноожээ DNN.mn

Донецкийн бүгд найрамдах улсын дээд шүүх Украины зүүн нутагт Оросыг дэмжигч хүчнийхэнд олзлогдсон Британийн хоёр иргэн, Мароккийн нэг иргэнд цаазаар авах ял оноожээ.

Тэднийг Украины Засгийн газрын нэрийн өмнөөс хөлсний цэргийн хувиар хууль бусаар тулалдсан буруутай гэж шүүх үзсэн байна.

Оросын “Интерфакс” агентлагийн мэдээлснээр Их Британийн хоёр иргэн дөрөвдүгээр сарын дундуур Донецк мужийн Мариуполь хотод Оросыг дэмжигч хүчнийхэнд олзлогджээ. Мароккийн иргэн мөн гуравдугаар сард Донецк хотод баригджээ.

Шүүхийн шийдвэрийг гаргасан Донецкийн шүүхийг Украин болон өрнөдийн орнуудын Засгийн газар буруутгаж байна.

Их Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга “твиттер” хуудсаараа уг шийдвэрийг “хууль ёсны үндэслэлгүй” хуурамч шүүлт гэж нэрлэжээ.

Дайны олзлогдогсдыг “Улс төрийн зорилгоор ашиглах ёсгүй” гэж тэрбээр мэдэгдээд, Женевийн конвенцид заасан дайны цагийн хуулиудыг дурджээ.

Яллагдсан гурван иргэн давж заалдах хүсэлтэй байгааг тэдний өмгөөлөгч мэдэгдсэнийг “ТАСС” мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *