Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: ​Мөнгийг нь авч байгаа бол хүнлэгээр хэдэн үг сольчихдог болъё DNN.mn


Итгэлтийг яривал далай, далай гэдэг шиг манайд үйлчилгээний соёлын тухай яривал дуусахгүй их юм байна аа. Үйлчлүүлэгч “хаан” гэдэг нь өнгөрч, ядаж л мөнгийг нь авч байгаа юм гээд хүнлэгээр хэдэн үг сольчихдог болмоор байна.

Манайдаа л үндэсний гээд овоо тоогддог зоогийн газарт өчигдөрхөн чихний үзүүрт өнгөрсөн нэгэн яриа санаанаас гардаггүй. Тавь гаруй насны ах гаднаас орж ирээд ширээ асууж байна. Өөдөөс нь эгцэлж хараад ширээ заагаад өгчих зөөгч олдсонгүй. Гурав, дөрвүүлээ лангууныхаа цаана юу ч юм хийгээд тоох шинжгүй. Үйлчлүүлэгч ах лавшруулаад “Ийшээ ороод суучих уу” гээд хашлага тавьсан булан руу зааж байна. Сая л нэг мөнгө хураагч бүсгүй тооцооны хуудас, пос машинтайгаа зууралдах зуураа “Ах аа цаана чинь өөр ширээнүүд байна. Очоод суучих л даа. Заавал ийшээ…” гээд л уцаарлангуй амандаа бувтнана.

Өнөөдрийн үдийн цайнаар орсон зоогийн газар хоолныхоо үнийг нэмжээ. Байнгын үйлчлүүлэгч бололтой хүүхдээ дагуулж орж ирсэн эгч “Танай үнэ нэмэгдчихсэн хэрэг үү” гэж байна. Үйлчлэгч бүсгүй тоосон шинжгүй “Тэгсэн” гэсэн ганц үгээр үйлчлүүлэгч эгчийг гаргана лээ. Бусдын халааснаас нэмж татах гэж байгаагаа нэмээд хоёр өгүүлбэрээр тайлбарлачихвал өөр л дөө.

Гэтэл гадны сүлжээ дэлгүүр, хоолны газрууд оруут л “Тавтай морилно уу”, гарахад “Баярлалаа” гээд л заалаар нэг хадаах. Эцэст нь тэдний олсон ашиг тэрбум тэрбумаар яригдаж, манай хэдийнх алдагдал, дампуурал болдог. Лавтай нэг шалтгаан нь үйлчлүүлэгчтэйгээ харилцдаг харилцаа шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *