Categories
мэдээ нийгэм

Б.Баатархүү: “ХКҮ” компани “Мах импекс”-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг тул нэвтэрч, нэгжлэг хийсэн DNN.mn

Цагдаагийн байгууллагаас махтай холбоотой хяналт шалгалтын ажил, өчигдөр хийсэн шалгалтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Шалгалттай холбоотойгоор ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” гэх компанийн маханд химийн бодис хийж бэлтгэж байсан гэх мэдээллийг анх neguun.mn сайт мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн хэрэг нээж, тус компанийн мах боловсруулах үйлдвэрт хадгалж байсан мах болон үйлдвэрийн байраас авсан дээжид улсын Мал эмнэлгийн төв лабораторид шинжилгээ хийлгэж, дүн гарсан. Мэргэжлийн хяналтын газар шалгах чиглэлтэй байдаг учраас энэ асуудалд зөрчлийн хэрэг нээн шалгаж байсан юм.

Шинжилгээний дүнгээр тус үйлдвэрийн маханд нянгийн тоо зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн. Үйлдвэрт ашиглаж байсан гарал үүсэл нь тодорхойгүй хадгалах хугацаа дууссан цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнээс формальдегид гэсэн нэршилтэй бодис илэрсэн үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гэж Мэргэжлийн хяналтын газар үзсэн.

Зургаадугаар сарын 2-нд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 20.12, 24.3 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Улсын Ерөнхий прокуророос Эрүүгийн цагдаагийн албанд харьяалал тогтоон ирүүлснийг зургаадугаар сарын 7-ны өдөр буюу өчигдөр цагдаагийн байгууллага хүлээн авсан. Эрүүгийн хэрэг үүссэн учраас шинжээчийн дүгнэлттэй холбоотой нарийн шалгалт хийгдэнэ.

Эрүүгийн цагдаагийн алба хэргийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах зүйлс тогтоогдсон.

  • “Эм Ди Си Пи” компани нь БНХАУ-ын иргэний өмчлөлд байдаг ба БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй байсан.
  • “Эм Ди Си Пи” компанийн агуулахад дулааны аргаар боловсруулсан болон боловсруулаагүй хонь, ямааны нийт 234.8 тонн мах байсан.
  • “ХКҮ” компанийн хаяг, шошготой 4,842 хайрцаг буюу 96 тонн дулааны аргаар боловсруулсан мах илэрсэн.
  • Хаяг, шошгогүй ямааны мах 92 тонн, ямааны шулсан мах 7,964 кг, ямааны гулууз мах 380 ширхэг буюу 7,980 кг, хонины гулууз мах 1,500 ширхэг буюу 30 тонн тус тус байсныг Мэргэжлийн хяналтын газар анх битүүмжилсэн. Цагдаагийн байгууллага агуулахад шалгалт хийгээд хуулийн дагуу дахин битүүмжилсэн. Тоо хэмжээ нь анх Мэргэжлийн хяналтын газрын битүүмжилсэн үеийнх шиг байсан ба лац хөдөлсөн гэж үзэж болохгүй.

Түүнчлэн “ХКҮ” компани “Мах импекс” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаагаа явуулдаг байсан тул нэвтэрч нэгжлэг хийсэн. “Мах импекс” ХХК-д нэгжлэг хийгээгүй” гэлээ.

20.12 Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх

1. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний, эсхүл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зориуд худалдсан, түгээснээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

24.3 дугаар зүйл. Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах

1. Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *